2005 оны Монголын эдийн засгийн өсөлт 6,2 хувьтай байна (2006.01.19)

A- A A+
2005 оны Монголын эдийн засгийн өсөлт 6,2 хувьтай байна (2006.01.19)

2005 оны Монголын эдийн засгийн өсөлт 6,2 хувьтай байна (2006.01.19)

2005 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6,2 хувьтай гарсан хэмээн Үндэсний статистикийн газрын /ҮСГ/ мэдээнд дурджээ. Өмнөх онд энэ тоо 10,6 хувь байсан бөгөөд буурсан шалтгааныг газар  тариалангийн салбарт ургац алдаж, нэхмэл оёмол бүтээгдэхүүнийг АНУ, Европын холбооны зах зээлд нийлүүлж байсан хөнгөлөлтийн нөхцөл цуцлагдсан зэргээс шалтгаалсан хэмээн ҮСГ үзсэн байна. ДНБ-ий урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлтийн 21,7 хувийг хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуйн салбар, 27.9 хувийг үйлдвэрлэлийн салбар, 5.5 хувийг үйлчилгээний салбар тус тус эзэлж байгаа ажээ. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл оны үнээрээ 1427.0 тэрбум төгрөг буюу 2004 оныхоос 25.1 хувиар өсч, зэрэгцүүлэх үнээр 4.2 хувь буурсан байна.
 
Мөнгөний нийлүүлэлт 2005 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 1110.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 32.3 хувиар өсчээ. Инфляцийн төвшинд голлон нөлөөлдөг нөөц мөнгө 2005 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 297.7 тэрбум төгрөг болж 2004 оны мөн үетэй харьцуулахад 22.4 хувиар буюу 54.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Банкнаас гадуурх мөнгө гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 82.3 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр 2005 оны 11 сарын байдлаар банкны зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сартай харьцуулахад 42.7 тэрбум төгрөг буюу 5.5 хувиар өсч, 823.9 төгрөгт хүрсний 93.3 хувь буюу 768.6 тэрбум нь хэвийн зээл, 6.7 хувь болох 55.3 тэрбум нь чанаргүй зээл байна.  Гадаад валютын цэвэр нөөц 2005 оны эцэст өнгөрсөн онтой харьцуулахад 134.4 сая ам.доллараар нэмэгдэж, 298.0 сая ам.долларт хүрсэн нь манай улсын импортын 13.4 долоо хоногийн хэрэгцээг хангахуйц байгаа ажээ.
Гадаадад цэвэршүүлж мөнгөжүүлсэн алт 2005 онд 2004 оныхоос 43.7 хувиар өссөн бол Монголбанк дотоодын иргэд, аж ахуйн нэгжүүдээс цэвэр жингээр 13.4 тонн алт худалдан авсан нь 2004 оныхоос 31.4 хувь буюу 3.2 тонноор нэмэгджээ. Нийт гадаад нөөц 333.1 сая ам.доллар болсон нь 1990 оноос хойшхи хамгийн өндөр төвшин болж байна.

Үнэт цаасны арилжаа 2005 онд нийт 253 өдөр явагдаж 25.9 сая ширхэг хувьцаа арилжигдан 2547.2 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ. Хувьцааны гүйлгээ 2005 онд өмнөх онтой харьцуулахад 3,9 дахин, арилжигдсан хувьцааны тоо 2.9 дахин өссөн байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2005 оны урьдчилсан гүйцэтгэлээр 833.3 тэрбум төгрөг, нийт зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 772.9 тэрбум төгрөг болж нийт тэнцэл 60.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Төсвийн урсгал орлого 829.1 тэрбум төгрөг, урсгал зардал 589.0 тэрбум төгрөг болж урсгал тэнцэл 240.1 тэрбум төгрөгийн ашигтай гарч 2004 оныхоос 43.3 хувь буюу 72.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Төсвийн нийт болон урсгал тэнцэл ашигтай гарсан нь "Эрдэнэт" УҮГ-аас 2003 оны ногдол ашгийг 2005 онд хуваарилсан, мөн дэлхийн зах зээлд алт, зэс, самнасан ноолуур зэрэг экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалан орлогын албан татварын төлөвлөгөө 40.2 тэрбум төгрөгөөр давж биелсэн, түүнчлэн нийт зарлагын гүйцэтгэл төлөвлөснөөс 2.1 хувь буюу 14.3 тэрбум төгрөгеөр дутуу санхүүжигдсэн зэрэгтэй холбоотой байна.

Монгол Улсын нийт хүн ам 2005 оны эцэст 2562.8 мянга болж 2004 оныхоос 1.2 хувь өсөх төлөвтэй гарчээ. 1000 хүнд ногдох төрөлт жилийн эцсийн байдлаар 17.6, нас баралт 6.0 болж хүн амын цэвэр өсөлт 11.6 байна. 1000 хүн амд ногдох цэвэр өсөлт өнгөрсөн оны төвшинд байгаа юм байна. 

Жилийн эцэст аймаг, нийслэлийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 32.9 мянгад хүрч өнгөрсөн оныхоос 7.4 хувь буюу 2.6 хүнээр буурсан байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 49.4 хувь нь урьд нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байсан бол 50.6 хувь нь ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, анх удаа ажил хайж бүртгүүлсэн хүн байна.

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2004 онтой харьцуулахад уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 11.3 хувь, цахилгаан дулааны эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл 4.3 хувь өсч, харин боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл 23.9 хувиар буурсан байна. Статистикийн мэдээлэлд хамрагдсан 118 гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, 98 гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсан байна. Аж үйлдвэрийн салбар энэ онд оны үнээр 1463.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсний 773.1 тэрбум нь гадаадын зах зээлд борлогджээ. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж Төмөртийн овооны уулын баяжуулах үйлдвэр, Олон овоотын алтны үйлдвэрийн өргөтгөл, Тосонгийн голдрилын хоёрдугаар ээлж, Тавтын алтны үйлдвэр, Ада-гийн жоншны далд уурхай ашиглалтад орлоо.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 30.4 сая толгой мал, үүний дотор 254.2 мянган тэмээ, 2.0 сая адуу, 1.9 сая үхэр, 12.9 сая хонь, 13.3 сая ямаа тоолуулжээ. Нийт мал өмнөх оноос 2.4 саяар өсчээ. Адуу 23.8 мянга, үхэр 122.0 мянга, хонь 1.2 сая, ямаа нэг саяар тус тус өсч, харин тэмээ 2.4 мянган толгойгоор буурчээ.

Бүх төрлийн тээврээр жилийн хугацаанд 25.2 сая тонн ачаа, давхардсан тоогоор 192.7 сая зорчигч тээвэрлэсэн нь 2004 оныхоос тээсэн ачаа 16.7 хувь буюу 3.6 сая тонноор өсч, зорчигч тээвэрлэлт 0.8 хувь буюу 1.5 сая хүнээр буурсан байна. Тээврийн салбарын нийт орлого 327.1 тэрбум төгрөгт хүрсэн нь 2004 оныхоос 34.2 хувь буюу 83.4 тэрбум төгрөгөөр өсчээ. Авто техникийн үзлэг тооллогоор энэ онд 131.2 мянган авто машин тоологдсон нь өмнөх оноос 8.9 хувь буюу 10.8 мянгаар нэмэгдсэн байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2005 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларт хүрч 2004 оныхоос 16.4 хувиар өсөв. Экспорт 1053.7 сая доллар болж 21.2 хувь, импорт 1148.7 сая ам.доллар болж 15.5 хувиар тус тус өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 95.0 сая ам.долларын алдагдалтай гарч 2004 оныхоос 37.3 хувиар буюу 56.4 сая ам.доллараар буурав.

2005 онд урьдчилсан байдлаар оны үнээр нийт 175.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж 50.1 тэрбум төгрөгийн үндсэн фонд бүхий барилга объектыг ашиглалтад оруулсан байна. Авто замын салбарт 22.0 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт хийж нийтдээ 389.4 км хатуу хучилттай зам, гадаадын хөрөнгө оруулалтаар 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 746.9 км хайрган хучилттай зам  ашиглалтад оруулсан байна.