Монгол Улс есөн яамтай байх боломжтой (2006.01.20)

A- A A+
Монгол Улс есөн яамтай байх боломжтой (2006.01.20)

Монгол Улс есөн яамтай байх боломжтой (2006.01.20)

Шинэ Засгийн газрыг байгуулах асуудал ид яригдаж буй энэ үед Монгол Улсын ерөнхий аудитор Я. Жавзмаа “Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгджээ. Үндэсний аудитын газар 2005 оны төгсгөлд  яамдын чиг үүрэг, стратегийн төлөвлөлт, бүтэц, зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоо, үр ашиг, төсөв, хөрөнгийн зарцуулалт зэрэгт аудит хийсэн бөгөөд энэ шалгалтын дүнгээ өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн байна.  Ноён Я.Жавзмаагийн мэдэгдснээр бол энэ аудитыг хийх үед санал асуулгад явулсан бөгөөд түүнд явуулсан асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь яамдын одоогийн чиг үүрэг оновчтой бус, зарим яамыг нэгтгэх боломжтой хэмээн үзсэн байна. Мөн аудитын дүн баримтаар давхар нотлогдсон хэмээн тэрбээр хэлсэн байна.

Монгол Улсад Гадаад хэргийн, Сангийн, Хуульзүй, дотоод хэргийн, Батлан хамгаалах, Байгаль орчны, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гадна Үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Дэд бүтцийн гэсэн есөн яамтай байх боломжтой гэж ноён Я.Жавзмаа үзэж байна. Ийм бүтэцтэй болбол жилд 1.5 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тэрбээр мэдэгджээ.  Түүний хэлснээс үзвэл чиг үүрэг нь давхцаж байгаа яамдын тоонд Түлш, эрчим хүчний, Үйлдвэр, худалдааны, Хүнс хөдөө аж ахуйн, Барилга, хот байгуулалтын яам орж байгаа ажээ. Мөн Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд ажлын давхардал бас ажиглагдсан байна. Тухайлбал, хүн амын бодлого, хүн ам зүй, эрүүл мэнд, амьжиргааны төвшин, ядуурал, хүн амын бүлгүүдийн хөгжил хамгааллын талаарх бодлого, төсөл, хөтөлбөр боловсруулж  шийдвэрлэх, эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, хуваарилах зэрэг асуудал энэ хоёр яаманд хоёуланд байдаг аж. 

Монгол Улс одоо 14 яамтай бөгөөд 2000-2004 онд 11 яамтай байх үетэй харьцуулбал яамдын төсөвт зардал 18.9 хувиар өсч, дотоодын нийт бүтээгдэхүүнд яамдын төсвийн эзлэх хувь нэмэгдсэн байна. Зарим яаманд нэг ажлыг 10-13 ажилтан хариуцаж байгаагийн зэрэгцээ зарим яамны нэг албан тушаалтанд ногдох зардал бусад яамныхаас харьцангуй өндөр байна хэмээн Ерөнхий аудитор мэдэгджээ. Тухайлбал, ийм яаманд Үйлдвэр, худалдааны яам, Барилга, хот байгуулалтын яам орж байгаа бөгөөд тэндхийн нэг албан тушаалтанд 5.1-6.7 сая төгрөгийн зардал ногддог байна.  Тэрчлэн байгууллагын бүтцэд хийсэн өөрчлөлт нь зөвхөн нэрээ өөрчлөх төдийгөөс хэтрээгүй байсан тохиолдол цөөнгүй байжээ.

2005 онд урьдчилсан байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 50.3 хувийг үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар, 49.7 хувийг үйлчилгээний салбар бүрдүүлжээ. Өнгөрсөн таван жилд хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь есөн пунктээр буурч, уул уурхайн олборлох салбарын эзлэх хувь энэ хэмжээгээр нэмэгдснээр салбар хоорондын шилжилт явагдсан гэж Я.Жавзмаа үзэж байгаа аж.  Тэрбээр яамдын үйл ажиллагааны стратегийн зорилт нь эцсийн үр дүнтэйгээ уялдахгүй байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь тогтвортой өсөхгүй байгаад дүгнэлт хийж, эдийн засгийн өсөлт, үр ашигт чиглэгдсэн нэгдсэн бодлого, зохицуулалт шаардлагатай хэмээн мэдэгджээ.