Шинэ Засгийн газрын тухай сураг ажиг (2006.01.23)
Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг энэ сарын 13-нд огцруулснаас хойш даруй 10 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигч тодорч, Ардчилсан нам болон Иргэний зориг нам хоёр сүүдрийн Засгийн газар байгуулахаа мэдэгдэж, бусад нь Засгийн газарт орж ажиллахаа илэрхийлснээс өөр өөрчлөлт болсонгүй. Шинэ Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригт томилогдох байх гэсэн хүлээлт байсан боловч Ерөнхийлөгч түүнийг УИХ-д танилцуулаагүй юм. МАХН Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар бусад намтай зөвшилцсөн тухай саналаа баасан гаригт Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. МАХН Эх орон болон БНН-тай зөвшилцөлд хүрсэн аж. Харин парламентад сонгогдсноосоо хойш намаа байгуулсан Л.Гүндалайн тэргүүлдэг Ард түмний намтай зөвшилцөл хийвэл энэ нь Үндсэн хууль зөрчсөн болох юм.
Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар томилох саналтай танилцсанаасаа хойш тав хоногийн дотор УИХ-д оруулах ёстой хэдий ч улстөрийн хүрээнийхэн, ялангуяа МАХН-хан өнгөрсөн долоо хоногт багтаад М.Энхболдыг Ерөнхий сайдаар томилуулах бодолтой хүлээж байсныг хэвлэлүүд нэгэнтээ тэмдэглэжээ. Тухайлбал, “ЗМ” сонинд /¹18/ мэдээлснээр “МАХН-ын удирдлагууд УИХ-ын гишүүд болон УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг баасан гаригийн оройн 20 цаг хүртэл “бэлэн байдалд” байлгасан аж. Ийнхүү Ерөнхийлөгч өөрөө гараас нь хөтлөн байж залгамжлагчаараа тодруулсан МАХН-ын дарга М.Энхболдыг УИХ-д танилцуулалгүй хойшлуулсан шалтгааныг хэвлэлүүд янз бүрээр тайлбарлаж буй хэдий ч ганц зүйл дээр санал нэг байна. Тэр нь парламентад МАХН-ын дараа орох суудалтай Ардчилсан намтай Засгийн газрыг дахин байгуулах асуудлаар заавалтгүй зөвшилцөх явдал гэнэ. Нэг үгээр хэлбэл тус намыг шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах ёстой гэж Ерөнхийлөгч Н.Энхбаяр үзэж байгаа ажээ. Тэрбээр Ерөнхий сайдаар томилуулах тухай саналтай танилцсаныхаа дараа Ардчилсан намын удирдлагуудтай уулзаж 2004 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг хүндэтгэж, шинээр байгуулах Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт орж ажиллахыг тус намынханд зөвлөсөн сурагтай. Мөн МАХН-ын удирдлагуудтай уулзаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар МАХН парламентын бус намтай болон хувь гишүүдтэй зөвшилцөл хийснийг анхааруулж, хуульд заасны дагуу оруулж ирэхийг МАХН-ын удирдлагад даалгасан гэж “ЗМ” сонинд бичжээ.
Өдөр тутмын сонинуудад мэдээлснээр бол МАХН шинээр байгуулах Засгийн газрын талаар Эх орон намтай тохиролцож, тус намд гурван сайд, нэг дэд сайдын суудал өгөхөөр болсон сурагтай. Тухайбал, одоогоор Эх орон намаас Б.Эрдэнэбат, С.Отгонбаяр, Ц.Жаргал нар сайдад нэр дуулдаж байна гэжээ. Харин энэ хооронд УИХ дахь Ардчилсан намын гишүүд УИХ-д бүлэг байгуулах боломжгүй учир зөвлөл байгуулан ажиллахаар тогтжээ. Тус намын УИХ дахь гишүүдийн зөвлөлийн зохицуулагчаар УИХ-ын гишүүн С.Ламбаа, Батж.Батбаяр нар ажиллахаар болсон бөгөөд энэ зөвлөл өнөөдөр өглөө 10 цагт хуралдаж, байр сууриа хадгалж хүчтэй сөрөг хүчин байх дээрээ тогтсон байна.
Улстөрийн байдал иймэрхүү явцтай өрнөх зуур УИХ-ын намрын чуулган энэ долоо хоногийн сүүлч буюу энэ сарын 27-нд завсарлах төлөвтэй. Иймээс шинэ Засгийн газрыг УИХ-ын чуулган завсарлахаас өммө байгуулах шаардлага тулгарч байна. УИХ-ын намрын чуулган одоогийн байдлаар ажлын 80 гаруй хоног хуралджээ. Уг нь намрын чуулганыг өнгөрсөн баасан гаригт завсарлуулахаар яригдаж байсан ч Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахтай холбогдуулан ийнхүү хойшилжээ. Хэрэв шинэ Засгийн газрыг байгуулах асуудал хойшилбол УИХ-ын намрын чуулган сунжирч мэдэх юм.
Үүний зэрэгцээ Засгийн газрыг огцруулахдаа Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж МУИС-ийн багш Х.Тэмүүжин Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан байна. Тэрбээр Үндсэн хуулийн 43-ын нэгд, Засгийн газар хугацаанаасаа өмнө огцрох асуудлыг Ерөнхий сайд УИХ-д оруулахаар заасан байдаг атал Шадар сайд Ч.Улаан асуудлыг УИХ-д танилцуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой ажээ.