Ардчилсан нам М.Энхболдыг дэмжихгүй гэдгээ дахин нотлов (2006.01.24)
Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг байгуулах үйл явц өрнөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Т.Билэгтийн сэтгүүлчдэд хийсэн мэдэгдлээс үзвэл Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг пүрэв гариг гэхэд УИХ-д таницуулсан байх аж. Зарим сонинд тэмдэглэснээр бол өнөөдөр ч өргөн мэдүүлж магадгүй байна. Засгийн газрыг эмхлэх байгуулахтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалга болон МАХН-ын даргын саналд Ардчилсан намын дарга Р.Гончигдорж албан ёсны хариу өгчээ. Р.Гончигдорж эдгээр албан бичигтээ Ардчилсан намын сөрөг хүчин байх байр суурь хөдөлшгүй болохыг дахин нотолсон байна.
Ардчилсан намын даргын Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад өгсөн хариунд дурдахдаа, "УИХ-д аль ч нам олонхи болоогүй тохиолдолд Үндсэн хуулийн дагуу УИХ-д олон суудалтай МАХН Засгийн газрыг эмхлэн байгуулах хариуцлагыг өөртөө хүлээж байгаа бөгөөд олонхийн Засгийн газар байгуулах зөвшилцлөө тус нам зарим намтай хийж байгаа гэж ойлгож байна. Энэ нөхцөлд Ардчилсан нам сөрөг хүчин байж төрийн үйл ажиллагаанд хуулийн дагуу харилцан хяналттай хамтран ажиллах байр суурин дээрээ баттай зогсч байна" хэмээн мэдэгджээ. МАХН-ын дарга М.Энхболдын саналд ч мөн ийм утгатай хариуг өгч, Засгийн газрыг байгуулах асуудлыг парламентад цаг алдалгүй оруулан шийдвэрлүүлэхийг хүссэн байна. Тухайлбал, “УИХ-д хамгийн олон суудалтай МАХН Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу Засгийн газрыг эмхлэн байгуулах хариуцлагыг өөртөө хүлээн авч, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ дэмжих олонхийг бүрдүүлэх зорилгоор явуулж буй зөвшилцөлд Ардчилсан нам танай нэр дэвшигчийг дэмжиж санал өгөх боломжгүй. Тиймээс танай нам УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөж олонхийн Засгийн газар байгуулах асуудлыг парламентад цаг алдалгүй оруулан шийдвэрлэх нь зохимжтой" гэж мэдэгдсэн байна.