М.Энхболд Ерөнхий сайдаар томилогдлоо (2006.01.25)
УИХ-ын чуулган өнөөдөр өглөө хуралдаж, МАХН-ын дарга М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон байна. Түүнийг Ерөнхий сайдаар томилох санал хураалтад УИХ-ын 66 гишүүн оролцсноос 11 нь татгалзаж, 55 нь дэмжсэн ажээ. Засгийн газрын танхимын бусад гишүүнийг энэ долоо хоногтоо багтан бүрдүүлэх бололтой байна.
Миеэгомбын Энхболд нь 1964 оны долдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Тэрээр 1982 онд Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1987 онд Монгол Улсын Их Сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн байна. Эдийн засгийн ухааны магистр цолтой.
М.Энхболд 1987 оноос Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны харьяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж, 1989 оноос Нийтийн ахуйн үйлчилгээний яамны Төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн, 1991 оноос Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны харьяа Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992 оноос Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996 оноос Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн дарга, 1997 оноос Нийслэлийн МАХН-ын хорооны дарга, 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар гурван удаа томилогдон ажиллаж, 2005 оны зургадугаар сараас МАХН-ын дарга, 2005 оны 10 дугаар сараас Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна.
М.Энхболд 1999 онд “Алтангадас” одон, 2005 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнуулжээ.