Шинэ Засгийн газар бүрдэхийг тойрсон улстөр (2006.01.26)

A- A A+
Шинэ Засгийн газар бүрдэхийг  тойрсон улстөр (2006.01.26)

Шинэ Засгийн газар бүрдэхийг  тойрсон улстөр (2006.01.26)

Монгол Улсын 23 дахь Ерөнхий сайд өчигдөр томилогдож шинэ Засгийн газрыг хурдан бүрдүүлэх зорилт улстөрчдийн анхаарлын гол төв болж байна. Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх, хамтран ажиллахаа илэрхийлсэн аль улстөрийн намд танхимын хэд хийгээд ямар суудлыг өгөх зэрэг нарийн ширийнийг хэлэлцэхээр парламент дахь хамгийн олон суудалтай МАХН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой  хуралджээ. “Зууны мэдээ” сонинд мэдээлснээр бол энэ хуралдаанаар тус нам Ц.Элбэгдоржийн тэргүүлж байсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэвээр хадгалах нь  зүйтэй хэмээн шийдсэн хэдий ч сайд нарт нэр дэвшигчдийг тодруулах асуудлыг пүрэв гаригийн их үд хүртэл хойшлуулахаар болсон байна. Учир юу гэвэл  УИХ дахь Ардчилсан намын 16 гишүүн намаа Засгийн газарт оруулахыг хүссэн гарын үсэг бүхий хүсэлтийг МАХН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболдод өчигдөр орой илгээсэн ажээ. 

Уул нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсны дараахан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх  хороо хуралдаж,  сөрөг хүчин болж ажиллах улстөрийн шийдвэрийг гаргасан бөгөөд ердөө л хоёрхон хоногийн өмнө энэ шийдвэр дээрээ хатуу зогсохоо тэд илэрхийлж байлаа. Гэтэл намынхаа энэ шийдвэрийг гэнэт л умартан тус нам дахь хувь гишүүд хувийн тоглолт хийж эхэлсний шалтгааныг  нь  ердөө л сайдын суудал сайхан санагдсаных хэмээн тус сонин дүгнэжээ. Эдгээр гишүүдийн тоонд Ардчилсан намын дэд дарга Н.Батбаяр, Б.Мөнхтуяа нар тэргүүлэн цаашилбал С.Баярцогт, Г.Батхүү, М.Энхсайхан, Ж.Наранцацралт, М.Сономпил нарын 16 гишүүн орж байгаа ажээ. Ардын эрх сонинд мэдээлснээс үзвэл энэ тоо 16 биш, бүүр 22-т хүрчээ.  Тэр ч байтугай тэд Засгийн газарт орохын тулд ажлын хэсэг байгуулжээ.  Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа, Б.Батбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт, Барилга, хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Батбаяр нар ажиллаж байгаа аж. Намынхаа улстөрийн шийдвэрийг хадгалж үлдсэн гишүүдэд Ардчилсан намын дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, З.Энхболд, Р.Бадамдамдин, Батж. Батбаяр нар орж байна.

Үндсэн хуульд заасны дагуу аль ч нам бие даан олонхи болж чадаагүй нөхцөлд хамгийн олон суудалтай нам Засгийн газрыг байгуулахаар бусад улстөрийн намтай зөвшилцөх ёстой. Нэгэнт байдал иймээр эргэсэн тул дээрх гишүүд нэг бол намаасаа гарах, эсвэл тус Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо  дахин хуралдаж шийдвэрээ эргэн харахаас өөр аргагүй болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус намын ҮЗХ  өнөө маргаашгүй дахин хуралдахаар болж байгаа аж. Тэрчлэн Ардчилсан намын дарга Р.Гончигдорж намын даргын үүрэгт ажлаасаа татгалзах шийдвэрт хүрч магадгүй байна.