Шинэ Засгийн газрын гишүүд (2006.02.01)
Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Их Хурал шөнөжин хуралдаж, М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрын гишүүдийг томиллоо. Гэхдээ энэ танхим Онцгой байдлын сайдгүйгээр ажиллаж эхэллээ. Засгийн газрын гишүүдийн тухай мэдээллийг хүргэж байна.
Шадар сайд Мэндсайханы Энхсайхан 1955 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 1978 онд Киев хотын улсын их сургууль төгссөн. Олон улсын харилцааны эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. Орос, англи хэлтэй. АНУ, Япон, Германд мэргэшил дээшлүүлсэн.
Тэрээр, 1978-1988 онд Гадаад худалдааны яаманд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга, 1989-1990 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал, 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, 1992-1993 онд УИХ-ын гишүүн, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1998-2003 онд “Премьер интернейшнл” ХХК-нд захирал, 2003-2005 онд Ардчилсан намын дарга, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2004-2006 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.
Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
Байгаль орчны сайд Ичинхорлоогийн Эрдэнэбаатар 1960 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. 1985 онд ОХУ-ын Новосибирск хотын Барилгын инженерийн дээд сургууль, 2003 онд ОХУ-ын эдийн засгийн академи төгссөн. Барилгын инженер, эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. Орос, англи хэлтэй.
Тэрээр, 1984-1990 онд Улаанбаатар хотын Барилга трестэд инженер, ерөнхий технологич инженер, 1990-1994 онд Улаанбаатар хотын Байшин үйлдвэрлэх комбинатад ерөнхий инженер, 1994-2004 онд “Эрэл” ХХК –ийн “БТТ инженерг” ХХК–д дэд захирал, захирал, 2004-2005 онд Засгийн газрын гишүүн, мэргэжлийн хяналт эрхэлсэн сайдаар ажиллаж байв. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Барилга хот байгуулалтын сайд Жанлавын Наранцацралт 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд Белоруссийн Улсын их сургууль, 1981 онд Москва хотын Газар зохион байгуулалтын их сургууль, 1990 онд Монгол Улсын их сургууль төгссөн.
Газар зохион байгуулагч-инженер, Улс төр судлаач, Нийгэм, эдийн засгийн газрын эрх зүйч мэргэжилтэй. Газар зүйн ухааны доктор. Монгол Улсын их сургуулийн зөвлөх профессор, Москвагийн Газар зохион байгуулалтын их сургуулийн хүндэт профессор. Орос, англи хэлтэй. 1987, 1993, 1994, 1996, 1998 онд менежмент, GIS, хот байгуулалт, төлөвлөлт, эдийн засгийн удирдлагын чиглэлээр Москвагийн Газар зохион байгуулалтын их сургууль, Энэтхэг, Япон, БНСУ зэрэг оронд мэргэшил дээшлүүлсэн.
Тэрээр, 1981-1989 онд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн, 1989-1991 онд БОЯ-ны газрын бодлогын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1991-1996 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хэлтэс, албаны дарга, тус хотын Захирагчийн албанд ахлах мэргэжилтэн, 1996 онд Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд дарга, 1996-1998 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1998-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1999-2000 онд МУИС-д багш, зөвлөх профессор, 2000, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2004-2006 онд Байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Батлан хамгаалахын сайд Мишигийн Сономпил 1965 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. 1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль төгссөн. Хуягт машины ашиглалтын инженер мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. Цэргийн шинжлэх ухааны магистр.
Тэрээр, 1988-1993 онд Ардын армийн... дугаар ангид салааны захирагч, техникийн орлогч, 1993-2004 онд “Залуу монгол” корпорацид Ерөнхийлөгч, 2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Өлзийсайханы Энхтүвшин 1958 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1980 онд Монгол Улсын Их сургууль, 1989 онд ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академи төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй, түүхийн ухааны дэд доктор. Орос, англи хэлтэй.
Тэрээр, 1980-1986 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан, 1989-1990 онд мөн институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1990-1995 онд “Ардын эрх” сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга, 1996-1997 онд МАХН-ын нарийн бичгийн дарга бөгөөд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга, “Yнэн” сонины ерөнхий эрхлэгчээр хавсран ажиллаж байгаад 1997 оноос МАХН-ын нарийн бичгийн дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. МАХН-ын Удирдах Зөвлөлийн болон Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Гадаад хэргийн сайд Нямаагийн Энхболд 1957 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. 1979 онд Москва хотын Хэвлэлийн дээд сургууль, 1990 онд Москва хотын намын дээд сургууль, 1996 онд Австрали Улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн. Инженер-эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй. Удирдлагын ухааны магистр. Орос, англи хэлтэй.
Тэрээр, 1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч, 1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө, эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, 1986-1990 онд Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, 1990-1993 онд Монгол хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал, 1993-1995 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Шадар сайдын зөвлөх, 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга, 2000 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Эхнэр, хүү, охинтойгоо амьдардаг.
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Цэгмидийн Цэнгэл 1957 онд Булган аймгийн Могод суманд төрсөн. 1983 онд Уралын политехникийн дээд сургууль, 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт төгссөн. Эрчим хүчний болон турбины тохируулгын инженер, төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. Техникийн ухааны доктор. 1985, 1986, 1995 онд Новосибирск, Боловсролын академи, АНУ-д мэргэшил дээшлүүлсэн. Орос, англи хэлтэй.
1983-1990 онд Уул уурхай, геологи, эрчим хүчний яамны харъяа Засварын нэгдсэн үйлдвэрт мастер, тохируулгын инженер, цехийн дарга, 1990-1996 онд 3 дугаар цахилгаан станцад тохируулгын инженер, ерөнхий менежер, 1996-2000 онд “Хасвуу” ХХК-нд ерөнхий захирал, 2000-2004 онд Дэд бүтцийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Лувсангийн Одончимэд 1942 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн. 1967 онд Анагаах ухааны дээд сургууль, 1977 онд Прага хотын Карловын Их Сургуулийн аспирантур төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны дэд доктор. Орос, чех, англи хэлтэй.
Тэрээр, 1967-1974 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд багш, захирал, 1974-1983 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, 1983-1991 онд МYЭ-ийн Төв Зөвлөлийн Амралт, сувилалын хэрэг эрхлэх газарт газрын дарга, 1991-1992 онд Эрүүлийг хамгаалахын үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дарга, 1992-1996 онд Дорноговь аймгийн Засаг дарга, 1996-2000 онд МУЗН-ийн ерөнхийлөгч, 2000 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Эх, эхнэрийн хамт амьдардаг.
Сангийн сайд Надмидын Баяртсайхан 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд ЗХУ-ын(хуучин нэрээр) Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1992 онд Москва хотод Төрийн Удирдлагын Академи төгссөн. Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор. Орос, англи хэлтэй.
Тэрээр, 1982-1989 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд арга зүйч, багш, 1992-1993 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, 2004 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Түлш, эрчим хүчний сайд Бадарчийн Эрдэнэбат 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд ЗХУ-ын (хуучин нэрээр) Новосибирск хотын Геодези, зураг зүйн дээд сургууль, 1987 онд Монгол Улсын их сургууль төгссөн. Геодезийн инженер, эдийн засагч мэрэгжилтэй. 1997 онд Эдийн засгийн шинжлэх ухааны доктор. Орос, англи хэлтэй.
Тэрээр, 1984-1989 онд Геологи, уул уурхайн яамын харъяа “Эрэл” геофизикийн цогцолбор экспедицэд инженер, ахлах инженер 1989-2000 онд “Эрэл” ХХК-д ерөнхий захирал, 2000 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2004-2005 онд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байв. 1998 оноос “Эх орон” намын даргаар сонгогдсон.
Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
Үйлдвэр, худалдааны сайд Базарсадын Жаргалсайхан 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд ЗХУ-ын(хуучин нэрээр) Эрхүү хотын Политехникийн дээд сургууль төгссөн. Сансрын физикч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.
Тэрээр, 1982-1984 онд “Говь” ХХК-д ажилтан, 1984-1988 онд Хувиараа бизнес эрхлэгч, 1988-1989 онд “Буян” хоршоонд захирал, 1989-2004 онд “Буян” ХХК-д захирал, 2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Хуульзүй, дотоод хэргийн сайд Доржийн Одбаяр 1967 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. 1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, 1992 онд МУИС-ийн ХЗДС, 1997 онд БНЭУ-ын Эрх зүйн үндэсний их сургууль, 2000 онд Голландын Олон улсын харилцааны сургууль төгссөн. Орос, англи, хинди хэлтэй. Эвлэлийн ажилтан, эрх зүйч, нийгэм судлаач мэрэгжилтэй. БНЭУ, Япон, Швед, Белорус, Голландад тус тус мэргэшил дээшлүүлсэн.
Тэрээр, 1987-1990 онд Дорнод аймгийн болон Чойбалсан хотын ХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч, хэлтсийн дарга, 1990-1992 онд Монголын Залуучуудын холбооны Гүйцэтгэх хорооны тэргүүлэгч гишүүн, хяналтын зөвлөлийн дарга, 1992-2000 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, 2000-2004 онд Дорнод аймгийн Засаг дарга, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2004-2006 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Дэндэвийн Тэрбишдагва 1955 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. 1974 онд 10 жилийн 12 дугаар дунд сургууль, 1982 онд Германы Гумбольдтын Их Сургууль төгссөн. Хүнсний инженер-технологич мэргэжилтэй. 1991 онд Берлин хотод Менежмент, удирдлагын асуудлаар мэргэшил дээшлүүлсэн. Англи, орос, герман хэлтэй.
Тэрээр 1982-1988 онд Улаанбаатар хотын махконсервийн комбинатад мастер, үйлдвэрийн технологич, ерөнхий технологич, үйлдвэрийн дарга, 1988-1990 онд Германы чөлөөт залуучуудын дээд сургуульд орчуулагч багш, 1992-1994 онд ХБНГУ-ын Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтэн, 1994-2000 онд “ТБД Андууд” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2002 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2002-2004 онд Монгол Улсаас ХНБГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд, 2004 оноос УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байна. Эхнэр, хоёр хүүхэдтэй.
Эрүүл мэндийн яам сайд Ламжавын Гүндалай 1963 онд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн. 1991 онд ХБНГУ-ын Мартин Лютрийн их сургууль төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Герман, англи, орос хэлтэй.
Тэрээр, 1988-1999 онд ГМеТ ГМБХ, “Глобал-инвест” ХХК-д захирал, 1999-2000 онд ”Чингис хаан травел” болон “Бат-сарай” ХХК-д захирал, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004 оноос УИХ-ын гишүүнээр, 2003-2005 онд АН-ын дэд дарга, 2005 оноос Ард түмний намын даргаар ажиллаж байна. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Сундуйн Батболд 1968 онд Төв аймгийн Зуун мод суманд төрсөн. 1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль, 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт төгссөн. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн инженер, төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. Орос хэлтэй. Техникийн ухааны магистр.
Тэрээр, 1990-1993 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженер, 1993-1997 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий инженер, хэлтсийн дарга, 1997-2000 онд мөн Тамгын газарт хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 2002 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2004-2005 онд УИХ-ын Байнгын хорооны дарга, 2005 оны оны 12 сараас Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байв. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Мэргэжлийн хяналтын сайд Ухнаагийн Хүрэлсүх 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн. Улс төр судлаач, төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, эрх зүйч мэргэжилтэй. Орос хэлтэй. Улс төрийн шинжлэх ухааны магистр. 1997 онд АНУ-д түр сургалтад хамрагдсан.
Тэрээр, 1989-1990 онд Монголын Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1996 онд МАХН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан, УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХН-ын дэргэдэх “Залуучууд-хөгжил” төвийн ерөнхий захирал, 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн Нийгмийн бодлогын зөвлөх, 2000-2004 онд УИХ –ын гишүүн, 2004 оноос УИХ–ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байв. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.