Шинэ Засгийн газар Үндэсний эв нэгдлийн байж чадах уу? (2006.02.03)

A- A A+
Шинэ Засгийн газар Үндэсний эв нэгдлийн байж чадах уу? (2006.02.03)

Шинэ Засгийн газар Үндэсний эв нэгдлийн байж чадах уу? (2006.02.03)

МАХН М.Энхболдын Засгийн газрыг байгуулахдаа Эх орон намтай зөвшилцлийн гэрээ байгуулсан аж. 2006 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр тус хоёр намын дарга нарын үзэглэсэн энэхүү гэрээгээр бол УИХ, Засгийн газар, тэдгээрийн харьяа байгууллагуудын улстөрийн албан тушаалтны 80 хувийг МАХН, 20 хувийг Эх орон намаас томилохоор шийдвэрлэсэн байна. Тэрчлэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх, томилохдоо хоёр өөрийн боловсон хүчний бодлогын дагуу санал болгох бөгөөд бие биеийн боловсон хүчний бодлогод харилцан хүндэтгэлтэй хандах зарчим баримтална гэжээ. Гэтэл УИХ-ын чуулганы хуралдаан дээр Онцгой байдлын сайдыг томилохоор санал хураахад УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд эсрэг санал өгсөн нь МАХН гэрээгээ зөрчиж эхэлснийг харууллаа гэж Эх орон намын Улстөрийн зөвлөлийн гишүүд өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ мэдэгдлээ.  Уул гэрээний нэгийн хоёрт зааснаар бол Засгийн газрыг байгуулах, тогтвортой ажиллуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд МАХН 37, Эх орон нам тогтвортой дөрвөн саналаар дэмжих үүрэг хүлээсэн байна.

Энэ гэрээ өнөөдрийн “ЗМ” сонинд бүрэн эхээрээ нийтлэгдсэн бөгөөд гэрээнээс үзэхэд шинээр байгуулагдсан Засгийн газар Үндэсний эв нэгдлийн гэхээсээ илүү МАХН, Эх орон намуудад давуу эрх олгосон, тэдний дундын Засгийн газар гэхээр харагдаж байгаа бололтой. Тухайлбал, энэ талаар “Өнөөдөр” сонинд /¹027/ дүгнэхдээ “Засгийн газар үнэн чанартаа МАХН, Эх орон намын 80:20 харьцаагаар байгуулагджээ” гэжээ.  МАХН, Эх орон намын хооронд байгуулсан гэрээний гуравын нэгд, “Засгийн газрын бүрэлдэхүүнд Эх орон намаас гурван сайд, нэг дэд сайдтай байж, гүйцэтгэх засаглалын бусад төвшинд улстөрийн албан тушаалд төлөөлөлтэй байх зарчмыг хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ” хэмээн заасан нь ийм ойлголтыг төрүүлж байгаа ажээ. Тэрчлэн уг гэрээнд Эх орон намын төлөөлөл нь Засгийн газрын бүтцийн ерөнхий чиг үүргийн яамдаас гурван яамыг сонгох эрхтэй бөгөөд Засгийн газрыг бүрэн эрхийн хугацаа дуустал тогтвортой ажиллуулахын төлөө тус хоёр нам  хамтын хариуцлага хүлээнэ хэмээн онцолсон байна.  Энэ гэрээ нь байгуулагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд үйлчлэх юм байна.

Гэрээнд заасны дагуу Эх-орон нам өөрт ногдсон Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдад нэр дэвшээд олонхийн санал авч чадаагүй  Н.Чулуунбаатарын оронд тус намын Улстөрийн зөвлөлийн гишүүн Ц.Жаргалыг нэр дэвшүүлэн   УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтжээ. Ц.Жаргал нь УИХ-ын гишүүн бөгөөд түнийг тус намын  Бага чуулганы хуралд оролцсон 95 гишүүний 57 нь дэмжсэн байна. Түүнтэй өрсөлдсөн П.Ганхуяг 38, С.Отгонбаяр 0 санал авсан хэмээн Эх орон намын Хэвлэл, мэдээллийн алба мэдээлжээ.  Хуульд зааснаар Ерөнхий сайд долоо хоногийн дотор өөр хүний нэрийг УИХ-д оруулах ёстой бөгөөд тэр өдөр нь өнөөдөр тохиож буй тул Онцгой байдлын сайд эл өдөр томилогдох бололтой. 

МАХН гэрээгээ зөрчиж эхэлсэн тул Эх орон намын Бага чуулган МАХН, Эх-орон намын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийн талаар тогтоол гаргаж, уг гэрээг УИХ-д өргөн мэдүүлж баталгаажуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Уг тогтоолд, Н.Чулуунбаатарыг Онцгой байдлын сайдад томилохын эсрэг МАХН-ын зарим гишүүн санал өгсөн, тэрчлэн УИХ-ын байнгын хороо болон дэд хорооны даргыг сонгохдоо Эх-орон намаас төлөөлөл оруулалгүй гэрээгээ ноцтой зөрчсөнийг хатуу буруушааж байгаагаа тэмдэглээд МАХН гэрээгээ дахин зөрчвөл Засгийн газраас сайд нараа татна гэж Эх орон нам мэдэгдсэн байна.