Цалин, тэтгэврийн нэмэгдэл хийгээд сүүдрийн Засгийн газрын тухайд (2006.02.06)
Шинэ Засгийн газарт байгуулагдмагцаа гаргасан хамгийн гол шийдвэр нь төрийн албан хаагчийн цалин, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийг 30 хувиар нэмэх санал байлаа. Ийн нэмэхэд 36.5 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд улсын төсвөөс ийм хэмжээний мөнгийг зарцуулах эрхийг УИХ өнгөрсөн долоо хоногийн төсгөлд Засгийн газарт олгосон байна. Ийнхүү энэ оны хоёрдугаар сарын нэгнээс эхлэн 124.6 мянган төрийн албан хаагчийн цалин 30 хувиар нэмэгдэж, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тэтгэвэр таван мянган төгрөгөөр нэмэгдэхээр боллоо.
Төрийн албан хаагчдын цалин, халамжийн тэтгэврийг 30 хувиар нэмэх Засгийн газрын саналыг зарим гишүүн дэмжээгүй байна. Санал хураалтад УИХ-ын 52 гишүүн оролцсоноос долоо нь буюу Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, С.Ламбаа, З.Энхболд, С.Оюун, Н.Батбаяр нар татгалзжээ. Тэд ийнхүү татгалзсан шалтгаанаа Засгийн газар ажлаа популизмаар эхэлж байна, цалин нэмснээр үнийн өсөлт гарна хэмээн тайлбарласан ажээ. Харин шадар сайд М.Энхсайхан цалин, халамжийн тэтгэвэр нэмснээр үнийн өсөлтөд нөлөөлөхгүй гэж тайлбарласан байна. УИХ-ын гишүүн С.Оуюны мэдэгдснээр түүний тэргүүлдэг Иргэний Зориг нам төрийн албан хаагчдын цалингийн доод хэмжээг 200 мянган төгрөгт, тэтгэврийн доод хэмжээг 80 мянган төгрөгт хүргэх шаардлагатай хэмээн үзсэн байна. С.Оюуны хэлснээр бол төсвийн ашгийн 84 тэрбум төгрөг, “Эрдэнэт” үйлдвэрийн ногдол ашиг 100 гаруй тэрбум төгрөгийн хуваарилагдаагүй орлого нь цалингийн доод хэмжээг 200 мянга, тэтгэврийн доод хэмжээг 80 мянган төгрөгт хүргэхэд хангалттай хүрэлцэх аж.
Шинэ Засгийн газар байгуулагдах үеэс сонстож эхэлсэн нэг асуудал бол сүүдрийн Засгийн газар байгуулах тухай асуудал байлаа. Энэ асуудлыг ажил хэрэг болгох эхлэл өнгөрсөн өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд тавигджээ. Иргэний Зориг намын Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр тус нам сүүдрийн Засгийн газар байгуулах саналаа Ардчилсан намд хүргүүлсний дагуу энэ намын ажлын хэсэг Ардчилсан намын ажлын хэсэгтэй уулзан санал бодлоо солилцсон байна. Энэ уулзалтад Иргэний Зориг намын дарга С.Оюун, дэд дарга Ц.Ганхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригт, Улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Өлзийсайхан, Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Э.Бат-Үүл, З.Энхболд, С.Ламбаа нар оролцож, сүүдрийн Засгийн газрыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцсан аж. Юутай ч Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөр уг асуудлыг авч хэлэлцсэний дараа сүүдрийн Засгийн газрыг яаралтай зохион байгуулж ажилд нь оруулах нь зүйтэй гэж тогтсон байна.