Монгол Улс Африкийн зарим орон шиг болох уу, аль эсвэл хөгжих үү? (2006.02.07)
Монголын ашигт малтмалаар гадаадын 17 компани хувьцаа гаргаад байна хэмээн Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү ашигт малтмалын асуудлаарх Төрийн ордонд өчигдөр болсон хэлэлцүүлэг дээр мэдэгджээ. Тэрбээр ашигт малтмалын томоохон ордуудаа түшиглэн хувьцаат компани байгуулж ашгийг нь хүртэх замаар хөгжих цаг ирсэн хэмээн үзэж байна. Өнөөдөр Монгол Улсын ашигт малтмалыг барьцаалж гадаадын 17 компани Нью-Йорк болон Торонтогийн хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргачихаад байхад бид өөрт байгаа боломж, давуу талаа бусдаас илүү ашиглах ёстой гэж тэрбээр хэлжээ. Түүний хэлснээс үзвэл Монголд хөрөнгийн зах зээл хөгжөөд 15 жил болж буй хэдий ч монголчууд өөрийн өмчид тулгуурлан өндийн босох уу, эсвэл гадаадынхны өргөл барьцад дулдуйдан хөгжих үү гэдэг сонголт дээр тулж ирээд байгаа ажээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын хуулийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн барьсантай холбогдуулан энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн эзэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачдад зориулан энэ хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Арга хэмжээний үеэр Оюу толгой төслийг хэрэгжүүлж буй "Айвенхоу майнз" компанийн дэд захирал А.Мөнхбат, "Оюу толгой 50:50" хөдөлгөөний тэргүүн, эдийн засагч Н.Дашзэвэг, Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг дарга Ш.Нармандах нар илтгэл тавьж, ашигт малтмалын салбарын өнөөгийн байдал болон хуулийн төсөлд өгөх саналаа хэлэлцүүлсэн гэж “ЗМ” сонинд мэдээлжээ. Монголын алт, зэсийн томоохон ордыг эзэмшигч гадаадын аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд уг хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх алхам болно хэмээн болгоомжилж байгаа юм. Тэд хөрөнгө оруулалт болон татварын одоогийн таатай орчинг хэвээр хадгалахыг хууль тогтоогчдоос хүсч байгаагаа илэрхийлсэн хэмээн тус сонин бичжээ. Тухайлбал, "Айвенхоу майнз" компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жон Фогнани хэлэхдээ, “бизнес, эрхзүйн тогтсон орчныг гэнэт өөрчилснөөр баталгаагүй нөхцөл бий болгож, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсаас гарч өөр бусад улс орноос хөрөнгө оруулалт, хөгжлийн илүү таатай боломжийг эрж хайхад хүрэх нь гарцаагүй. Үүнээс болж уул уурхай болон холбогдох үйлчилгээний салбаруудад ажиллаж буй олон мянган хүн ажлын байргүй болж, энэ нь Монголын болон бүс нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, олон улсын тавцан дахь нэр хүнд унахад хүрнэ хэмээн мэдэгджээ.
Харин "Оюу толгой 50:50" хөдөлгөөний тэргүүн, эдийн засагч Н.Дашзэвэг үүний эсрэг байр суурийг илэрхийлжээ. Тэрээр үзэхдээ, зөв сайн хууль гарвал Монгол Улс ашигт малтмалаа түшиж хөгжих болох боломж байна. 1997 оных шиг Ашигт малтмалын тухай хуулиа гадаадынхнаар хийлгэвэл хамаг баялгаа цөлмүүлж дууссан Африкийн зарим улс шиг болохгүй гэх баталгаа байхгүй. Оюу толгойн ордод 800 тн алт, 23 сая тн зэсийн нөөц байгаа нь тодорхой болсон. Энэ нь ойролцоогоор 133 тэрбум ам.долларын баялаг гэсэн үг. Бид энэ их баялгаа мөнгөтэй гаднынханд алдах ёсгүй. Стратегийн ач холбогдолтой томоохон орд газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлдэг болох хэрэгтэй гэж ноён Н.Дашзэвэг үзэж байна. ОХУ томоохон ордуудаа дуудлагаар худалддаг, олж буй ашгийг 51:49, эсвэл 50:50 гэсэн хувилбараар хуваадаг жишиг Хятад, Казах зэрэг улсад байгааг тэрбээр жишээ болгон ярьсан байна. Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний өмч байна гэсэн атал Ашигт малтмалын тухай хуулийг харвал гадаадынхны өмч юм шиг санагддаг. 133 тэрбум ам.доллар гэдэг Монгол Улсын 100 жилийн төсөвтэй тэнцэнэ. Тийм учраас энэ чухал асуудлыг ганц хоёрхон өдөрт шийдэж болохгүй. Хуулийг тал талаас нь сайтар боловсруулж чанартай гаргах нь чухал хэмээн Н.Дашзэвэг мэдэгджээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Л.Гантөмөрийн хэлснээр бол энэ хэлэлцүүлэг мэтгэлцээн цаашид ч үргэлжлэх юм байна.