Тендерийн хуулийн шинэчлэл (2006.02.08)

A- A A+
Тендерийн хуулийн шинэчлэл (2006.02.08)

Тендерийн хуулийн шинэчлэл (2006.02.08)

УИХ өнгөрсөн долоо хоногт завсарласан намрын чуулганаараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Шинэ хуулийн гол агуулга нь төвлөрлийг сааруулах замаар тендэртэй холбогдсон будлианыг багасгахад чиглэсэн хэмээн УИХ-ын  гишүүн Ц.Дамиран “ММ” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүний хэлснээс үзвэл хуучин тендер зарлах ажлыг зөвхөн Сангийн яам л зарлаж  дүгнэдэг байсан бол одоо салбарын яамд өөрийн харьяа агентлагуудаар дамжуулан зарлах болжээ. Тэрчлэн аймаг орон нутаг, сумд ч тендер зарлах боломжтой юм байна.

Тендер зарлах хөрөнгийн хувьд тодорхой хязгаартай бөгөөд  энэ босгын хэмжээг нь Засгийн газар тогтоож байх ажээ. Хуулийн 44 дүгээр зүйлийн хоёрын нэгд бараа үйлчилгээний төсөвт өртөг 50 саяас дээш, ажлын төсөвт өртөг 150 саяас дээш бол Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл , Засгийн газрын хэрэг эрхлэх газар, төрийн захиргааны төв байгууллага, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл гэсэн байх жишээтэй. Бараа үйлчилгээний төсөвт ертөг нь 20-50 сая, ажлын өртөг нь 50-150 сая бол Засгийн газрын агентлаг, агентлаггүй бол харьяа бусад байгууллага,  аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх алба, аймаг, нийслэлийн шүүх, прокурорын газар бараа үйлчилгээний өртөг нь 20 сая хүртэл, ажлын өртөг нь 50 сая төгрөг хүртэл бол тухайн захиалагч байгууллага өөрөө тендер зарлах эрхтэй болжээ.  Энэхүү зааг ялгаа буюу хөрөнгийн босго нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээг хамарна. Өөрөөр хэлбэл, улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр л хийж байгаа бол аймаг, нийслэл, сум гэж ялгахгүй энэ хязгаарыг баримтлах аж. Харин орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр худалдан авах бараа, ажил үйлчилгээний хувьд бараа үйлчилгээ нь таван сая төгрөг хүртэл, ажлын өртөг нь 15 сая төгрөг хүртэл бол сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн төсөвт байгууллагууд, бараа үйлчилгээ нь таван сая төгрөгөөс, ажлын өртөг нь 15 сая төгрөгөөс дээш бол аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар тендер зарлаж байх юм байна.

Харин тендер зарлах үйл явцад оролцох Сангийн яамны оролцоо нь  мониторингийн хяналт байх ажээ. Хэрэв Сангийн яам шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн хяналт буюу аудит хийлгэж болно. Төсвийн хөрөнгийгөөр ажил үйлчилгээ хийлгэсэн аймаг, сум, байгууллага Сангийн яаманд тайлангаа тавина. Яам агентлагууд, аймаг орон нутагт нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний тендер зарлахад Сангийн яам мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр болжээ.

Тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй ажлыг олон улсын тендер зарлахаар мөн хуульчилжээ. Гэхдээ гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалтгай байгууллагууд тендерт оролцохгүй байхаар тусгасан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Дамиран мэдэгдсэн байна. Заавал Монгол Улсад бүртгэлтэй, өөрийн хөрөнгө, ажиллагсдынх нь 50-иас доошгүй хувь нь Монголд байдаг, Монгол Улсад татвар төлдөг аж ахуйн нэгжүүд л оролцох юм байна. өмнө нь тендерт олон байгууллага, компани оролцуулахгүйгээр явцуу хурээнд,  сонины буланд нэг жижигхэн зарлал тавьсан төдийгөөр танил талаа шалгаруулчихдаг байсан дутагдлыг шинэ хууль арилгаж чадна хэмээн тэрбээр ярьжээ. Түүний хэлснээр бол 2005 онд улсын төсөв 84 тэрбум төгрөгийн ашигтай гарсны есөн тэрбум төгрөг нь тендерээр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ хойшилж он дамжсанаас тунаж үлдсэн хөрөнгө оруулалт байгаа ажээ.
Сангийн яам  нэгдүгээр сарын 15 гэхэд багтаан тухайн онд төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээг өөрийн вэб сайтаар нийтэд зарлах ёстой хэмээн Ц.Дамиран мэдээлсэн байна. Харин тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин хэвлэлээр зарлах ёстой. Энэ заалтыг зөрчсөн захиалагчид хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Хуулийн 15 дугаар зүйлд тендерт оролцох шалгуурыг нарийвчлан заасан ажээ. Тухайлбал, тендерт оролцох байгууллагын удирдах ажилтны боловсрол, мэргэжлийн ур чадвар,тухайн компанийн сүүлийн таван жилд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, чанартай хийж гүйцэтгэсэн ажлын өртөг, хугацаа, байршил, багаж техникийн тодорхойлолт, үйлчилгээний байгууллага бол нийлүүлж байсан бараа бүтээгдэхүүний үнийн дүн, худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол өмнөх худалдан авагчдын тодорхойлолтыг тендерийн материалд бүрдүүлэх ёстой юм байна.

Тендер маргаантай болсон гэж үзэх тохиолдолд оролцогч гомдлоо захиалагчид гаргах бөгөөд захиалагч гомдлыг хуульд зааснаар 10 хоногийн дотор шийдвэрлээгүй буюу гаргасан шийдвэрийг оролцогч эс зөвшөөрсөн бол гомдлоо төрийн төв байгууллагад гаргана. Гомдлыг төрийн төв байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол асуудлыг шүүхэд хандаж ж шийдвэрлүүлэх юм байна.