Банк болон банк бус санхүүгийн байгууллагын тухай УИХ-д мэдээлжээ (2006.04.13)

A- A A+
Банк болон банк бус санхүүгийн байгууллагын тухай УИХ-д мэдээлжээ  (2006.04.13)

Банк болон банк бус санхүүгийн байгууллагын тухай УИХ-д мэдээлжээ  (2006.04.13)

Арилжааны банкуудын дүрмийн санг найман тэрбум төгрөгөөр тогтоох болсны дагуу  энэ сарын 1-ний өдрөөр дуусгавар болгож банкуудын дүрмийн санг шалгасан байна. Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд мэдээлэхдээ гурван банкнаас бусад нь дүрмийн сангаа найман тэрбум төгрөг болгосон хэмээн мэдэгджээ. Тэрчлэн  зарим банк дүрмийн сангаа найман тэрбумаас давуулсан байна. Ноён О.Чулуунбатын хэлснээс үзвэл одоогоор "Кредит", "Капитал", "Минотеп" банк дүрмийн сангаа найман тэрбумд хүргээгүй байгаа бөгөөд гэхдээ гаднаас мөнгө орж байгаа тухай баримт бичгийг Монгол банкинд үзүүлсэн ажээ. Банкууд дүрмийн сангаа зээлээр бүрдүүлж болохгүй хуультай тул  хэрхэн бүрдүүлснийг нь Монгол банк одоо шалгаж байгаа ажээ. Өнөөдөр 200 тэрбум төгрөгөөс дээш активтай банк тав болжээ.

Арилжааны банкуудын зээлийн хүү хэзээнээс буурах тухай парламентын гишүүдийн асуултад ноён О.Чулуунбат хариулахдаа, зээлийн хүүг зах зээл тодорхойлдог. Гэхдээ төр, засаг санхүүгийн зах зээлд их хэмжээний мөнгө оруулбал зээлийн хүү буурч болно. Тухайлбал, Хятадын Засгийн газраас олгох 300 сая ам.долларын зээл, Малайзын 20-30 сая ам.долларын орон сууцны зээл бий. Түүнчлэн төр, засгийг хууль эрхзүйн баталгаа гаргаж өгвөл  100-500 сая ам.долларын бонд худалдъя гэсэн улс ч байгаа. Иймэрхүү том зах зээл хүү бууруулахад нөлөөлж болно гэжээ. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатаас гадна энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан Санхүүгийн зохицуулах хорооноос мөн мэдээлэл хийжээ.  Тус хорооны дарга Д.Бадраагийн ярьснаар эдүгээ албан ёсоор 161 банк бус санхүүгийн байгууллага буртгэлтэй байгаагаас 138 нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг аж. Банк бус санхүүгийн байгууллагын нийт активын хэмжээ 38.4 тэрбум төгрөг байгаа бөгөөд энэ нь банкны системийн 2.5 хувьтай тэнцүү байна.

Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо маш их зөрчил гаргаж байгаа гэж ноён Д.Бадраа мэдэгджээ. Тухайлбал, хадгаламж зээлийн зургаан хоршоонд хийсэн шалгалтын дүнгээс харахад  иргэдийн нийт хохирлын хэмжээ 7-8 тэрбум төгрөг болоод байгаа аж. Хадгаламж зээлийн хоршоод иргэдийг хохироож байгаа асуудлыг зохицуулах эрхзүйн зохицуулалт шаардлагатай байна хэмээн тэрбээр УИХ-ын гишүүдэд хандан мэдэгджээ.