Парламентчид маргаж байна: Авилга гэж юу вэ? (2006.05.31)

A- A A+
Парламентчид маргаж байна:  Авилга гэж юу вэ?   (2006.05.31)
Парламентчид маргаж байна:  Авилга гэж юу вэ?  (2006.05.31)

Он удаан жил хүлээлгэсэн Авилгын тухай хуулийн төслийг парламент энэ хаврын хэлэлцэх асуудлын жагсаалтдаа оруулснаар хэлэлцүүлэг өчигдөр албан ёсоор эхэлжээ. УИХ-ын Хуульзүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод хам­тран хуралдаж хэлэлцүүлгийн гарааг нээв. Сонин хэвлэлийн мэдээллээс үзвэл хэлэлцүүлэг цаашдаа нэлээд маргаантай өрнөх төлөвтэй. Юутай ч гараа эхэлснийг тун олзуурхууштай чухал үйл явдалд тооцож болох юм.  

Өчигдрийн хурлын явцаас харахад Монголын парламентчид уг хуулийн нэр томъёоноос нь эхлэн нэлээд маргасан аж. Тухайлбал энэ хуулийг “Авлигатай тэмцэх хууль” хэмээн нэрлэхээр төсөлд тусгасан нь  зарим гишүүнд таалагдаагүй бололтой. Өдөр тутмын сонинуудад мэдээлснээр гишүүн Д.Арвин “Бид энэ хуульд тэмцэнэ гэдэг үг аваад яах юм бэ. Монгол даяараа авлигад автсан мэт сэтгэгдэл төрөхөөр байна. Бид сүржигнээд л тэмцээд байдаг. Өөр үг мундсан юм шиг” гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргил “Тэмцэнэ гэдэг бол шийдвэртэй арга хэмжээ авна гэсэн үг” хэмээн тайлбарласан байна.

Авлига гэж юу вэ гэдэг тодорхойлолт дээр парламентчид мөн ойлголтын зөрүүтэй байгаа ажээ.  Хуулийн төсөлд “Ашиг олох зорилгоор албан тушаалаа ашиглан өөртөө ашиг авах, бусдад давуу байдал олгох, шан харамж авах нь авлига” хэмээн үзсэн байна.  Ажлын хэсгийнхний тодорхойлолтод дурдснаар төрийн албан тушаалтан эрх мэдлээ хувийн эрх ашиг олоход  урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах эс үйлдэхүй, үйлдэхүйг авлига гэнэ” гэж дурджээ. Yйлдэхүй гэдэг нь  шууд авлига авсан тодорхой жишээнд хэрэглэгдэх бол эс үйлдэхүй нь  авлига авсан буюу өгсөн гэж сэжиглэгдэж байгаа үед тэр хүн  авлига авах зорилготойг тогтоохыг  хэлэх аж. УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргил “Үйлдэл, эс үйлдэл хийн өөртөө ашиг олж байвал үүнийг авлига гэж үзнэ” хэмээхэд УИХ-ын гишүүн С.Баярцогт “Үйлдэл, эс үйлдэл хийж өөртөө ашиг олох нь авлига биш, албан тушаалын хэрэг болно” хэмээн үзсэн аж. Авлиг,  хээл хахууль хоёрыг хольж хутгаж байна гэж гишүүн А.Цанжид хэлжээ. “Авлига, хээл хахууль нь хоёр өөр зүйл. Аливаа сис­тем бүтнээрээ буюу тал хагас нь үндсэн зорилтдоо үйлчлэхгүй байвал үүнийг авлига хэмээн нэр­лэнэ гэсэн тодорхойлолт бий. Эс үйлдэхүй гэж  жишээлбэл санхүүгийн зөрчил гаргасан нэг этгээд түүнийг шалгах ёстой байгууллагыг шалгуулахгүй аргалж нөгөө хэргээ нуун ашиг олохыг хэлнэ” гэж тэрбээр томьёолж байна. УИХ-ын гишүүн З.Энхболд “Эс үйлдэл болгон авлига биш. Эс үйлдэл цаанаа ашиг олох гэсэн зорилготой байвал авли­га болно” гээд  гишүүдэд танин мэдэхүйн ойлголт өгөх хэрэг­тэй” гэж мэдэгджээ.

Уг хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн авлигын есөн хэлбэрийг төсөлд тусгажээ. Тухайлбал, хээл хахууль өгөх, авах /шан харамж өгөх, авах/, албаны эрх мэдлээ урвуулан хэтрүүлэх, албаны үүргээ биелүүлэхгүй байх, албаны эд хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, завших, хууль бусаар хөрөнгөжих, гэмт хэргийн орлогыг угаах, авлигад хамаарах үйлдлийг нуун дарах, авлигад  хамаарах хэргийг шүүн таслах үйл ажиллагааг санаатайгаар таслан зогсоохыг оролдох зэргийг авилгад тооцохоор заасан байна. Өчигдрийн байдлаар хоёр байнгын хорооны  гишүүд авлигын эдгээр хэл­бэрийг тодорхойлсон хуу­лийн заалтыг дэмжээгүй байна. Өдөр тутмын сонинуудад мэдээлснээр энэ заалт унаснаар уг хууль цааш явах боломжгүй боллоо хэ­мээн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл мэдэгджээ. Тэрбээр “Энэ бол ард түмний хүсэн хүлээж байгаа хууль. Хүмүү­сийн дунд яригддаг ярианы гол сэдэв нь авлигын тухай бай­даг. УИХ дээр энэ хуулийг унагаах ажиллагаа явагдаж байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихээд байгаа авлигын хуулийг баталж гар­гахгүй юм бол УИХ тарах асууд­лыг ярих хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна.

Юутай ч УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл дээр хуулийн төслийн талаар нухацтай ярилцаж, ирэх долоо хоногоос төслийг дахин хэлэлцэх болсноор хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаан өндөрлөжээ.