Стратегийн орд гэж юу вэ? (2006.06.21)

A- A A+
Стратегийн орд гэж юу вэ?  (2006.06.21)

Стратегийн орд гэж юу вэ?  (2006.06.21)

Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэрхэн батлагдахаас шалтгаалан хүлээлтийн байдалтай байгаа юм. Тэдний энэ хүлээлт нэлээд хэдэн сарын нүүр үзэж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлэх төлөвтэй. Одоогоор Ашигт малтмалын хуулийн дөрвөн төсөл УИХ-д өргөн баригдсан ч энэ асуудлаарх парламентчдын байр суурь нэгдмэл биш, тодорхойгүй байгаагаас үзэхэд ирэх сарын эхээр чуулган завсарлахаас өмнө шинэ хуулийг  баталж амжихгүй шинжтэй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ хуулийн төслийг  өчигдөр хэлэлцсэн байдлаас үүдэн хэвлэлүүд ийнхүү дүгнэж байна. 

Хуулийн төсөлд "Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд хор хөнөөлтэй, цэрэг дайны зориулалтаар ашиглаж болох, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогод нөлөөлөх хэмжээний үйлдвэрлэл явуулах боломж бүхий ашигт малтмалыг хуримтлалыг стратегийн орд" гэж заажээ. Тэрчлэн  төрийн хяналтад байх ёстой атом, цөмийн болон эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагддаг эрдсийн түүхий эдийг стратегийн ашигт малтмалыг  хэмээн тодорхойлжээ.  Энэ хоёр нэр томьёоны тодорхойлолт дээр парламентын гишүүд нэлээд маргаж эцэст нь стратегийн ашигт малтмал болон стратегийн орд гэсэн томьёоллыг  хуулийн төслөөс хасах зүйтэй гэж олонхи нь  үзжээ.

УИХ-ын гишүүн, уул уурхайн мэргэжилтэй гэгддэг хатагтай С.Оюуны үзэж байгаагаар хуулиндаа стратегийн гэдэг томьёолол оруулсан орон дэлхийн хаана ч байдаггүй аж. Ийм замаар херөнгө оруулагчдыг татахгүй гэж тэрбээр мэдэгджээ.  УИХ-ын гишүүн Р.Бадамдамдин "Энэ бол уул уурхайн салбарт төрийн оролцоог баталгаажуулах нь гэсэн далд хардлагыг төрүүлж мэдэхээр томьёолол байна. Тэгээд ч стратегийн ашигт малтмалд уран болон нүүрсийг оруулж байгаа бололтой. Гэтэл ураныг байгаль дээрээс шууд олборлосон хэвээр нь цөмийн зэвсэг болгож ашиглахгүй нь ойлгомжтой. Шууд утгаар нь хэрэглэх боломжгүй түүхий эдийг стратегийн ашигт малтмал болгож, Монголоос олборлож буй нүүрсийг тэр чигт нь стратегийн гэж тодорхойлох шаардлагагүй" гэжээ.  Б.Батбаяр гишүүн  "Хайгуул хийхэд стратегийн гэж заагаагүй хэрнээ хөрөнгөө зарж байж илрүүлсэн орд газрыг нь стратегийн гэсэн нэрээр төр булааж авч болохгүй. Мөн стратегийн орд газар гэж заасан хэрнээ улсын хөрөнгөөр хийсэн ордыг дуудлагаар худалдана гэж заасан байна. Энэ хоёр заалт нь хоорондоо  зөрчилдөж байгаа тул төслийг буцаах хэрэгтэй" гэдэг санал гаргажээ.

Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан тайлбарлахдаа,  стратегийн орд газар гэсэн томьёолол аль ч улс оронд байдаггүй. Үүний оронд эдийн засгийн хөгжилд узүүлэх нөлөөгөөр нь стратегийн ач холбогдолтой гэж үзэх хэрэгтэй. Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн 700 гаруй орд бий. Тэдгээрийн 30 орчмыг нь стратегийн орд гэж үзээд ашиглалтын лиценз олгохдоо Засгийн газар хөгжлийн стратеги гэдэг утгаар нь хандаж төрийн оролцоо байх нь зүйтэй гэж үзсэн гэж мэдэгджээ. Гэхдээ түүний хэлснээс үзвэл үүнийг түрүүчийн Засгийн газрын үед шийдсэн аж.