Дэлхий дахины өрсөлдөх чадварын индексийн зэрэглэлд Монгол 92 дугаар байранд жагссан байна

A- A A+
Дэлхий дахины өрсөлдөх чадварын индексийн зэрэглэлд Монгол 92 дугаар байранд жагссан байна

  


Нээлттэй Нийгэм Форум

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг дэлхий дахины өрсөлдөх чадварын индексийн зэрэглэлд Швейцарь, Финлянд, Швед улсууд тэргүүлж, АНУ хойш ухарсан байна. Монгол 92 дугаар байранд жагссан байна.

Дани, Сингапур, Япон улсууд эхний аравт орж; Америкийн Нэгдсэн Улс таван байраар ухарчээ

2006 оны 10 дугаар сарын 5, Швейцарийн Женев хот – Дэлхийн эдийн засгийн форум байгууллагаас гаргасан Дэлхий дахиныөрсөлдөх чадварын тайлан 2006-2007-д дурдснаар дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засаг бүхий орнуудаар Швейцарь, Финлянд, Швед улсууд тодорсон байна.   Мөн уг жагсаалтын эхний аравт Дани, Сингапур, Америкийн Нэгдсэн Улс, Япон, Герман, Нидерланд, Их Британи улсууд багтсан бөгөөд харин Америкийн Нэгдсэн Улс нэгдүгээр байраас зургадугаар байр хүртэл ухарсан нь хамгийн анхаарал татам томоохон ухралт болж байна.

“Швейцарь болон Нордикийн орнуудын эзэлсэн тэргүүлэх зэрэглэлээс үзэхэд сайн институцүүд, чадварлаг макро эдийн засгийн удирдлагыг дэлхийн түвшний боловсрол эзэмшилт, технологи ба шинийг санаачилалтад гол анхаарлаа төвлөрүүлэх явдалтай хослуулах нь улам бүр нарийн түвэгтэй болж буй дэлхий нийтийн эдийн засаг дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэх  амжилттай стратеги мөн болохыг харуулж байна. Эдгээр орнууд дахь  бизнесийн үйл ажиллагаа нь эрх зүйт төр, шүүхийн үр ашигтай тогтолцоо, төрийн байгууллагуудын ил тод, хариуцлагатай байдлын өндөр түвшин зэргээр тодорхойлогдох сайтар хөгжсөн институцийн хүрээтэйн үр шимийг хүртэж байна.  Маш сайн дэд бүтэц бол бизнесийн орчны бас нэг эерэг онцлог юм.  Бүтээмжийн өсөлтийн хөдөлгөгч хүч болох дээд боловсрол ба сургалтын ач холбогдол улам бүр хурдацтай өсч байгааг манай үзүүлэлтүүд харуулж байна. Нордикийн орнууд шиг боловсролд асар их хөрөнгө оруулалт хийж байгаа улсууд нэг хүнд ноогдох орлогын түвшингээ өсгөх, ядуурлыг бууруулахад амжилт олох, дэлхийн эдийн засгийн тавцан дээр гарч ирэх чадвараа дээшлүүлэх магадлалтай" гэж Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн нийтийн өрсөлдөх чадварын сүлжээний захирал бөгөөд ахлах эдийн засагч Августо Лопез-Кларос хэлсэн байна.  

Энэхүү зэрэглэлийг тогтоохдоо нийтэд ил болгосон тоон үзүүлэлтүүд болон Бизнесийн удирдлагуудын санаа бодлын судалгааны үр дүнг хослуулан ашигласан байна. Энэ нь Дэлхийн эдийн засгийн форумаас тухайн Тайланд хамрагдсан орнууд дахь Түнш институтүүдийн сүлжээтэй хамтран жил бүр явуулдаг өргөн хүрээтэй санал асуулга юм. Энэ жил дэлхийн хэмжээгээр нийт 125 орны 11000 гаруй бизнесийн удирдлагууд энэ санал асуулгад оролцсон байна. Уг судалгааны санал асуулга нь аливаа эдийн засгийн бизнесийн уур амьсгалд нөлөөлдөг, тогтвортой эдийн засгийн өсөлтийн шийдвэрлэх тодорхойлогч болдог олон янзын, өргөн хүрээтэй хүчин зүйлсийг олж гаргах зорилгоор хийгдсэн байдаг. Тус форумаас олон тооны улс орны гол давуу ба сул талуудын тухай дэлгэрэнгүй тоймыг жил бүр гаргадаг бөгөөд ингэснээрээ бодлого боловсруулах, бодлогын шинэчлэл хийх гол чиглэлүүдийг тогтоох боломжтой болгож өгдөг.

2006 ба 2005 оны Дэлхий нийтийн өрсөлдөх чадварын индексийн харьцуулалт

 

ДДӨЧИ

ДДӨЧИ

ДДӨЧИ

Улс/Эдийн засаг

2006 оны зэрэглэл

2006 оны оноо

2005 оны зэрэглэл

Швейцарь

1

5.81

4

Финлянд

2

5.76

2

Швед

3

5.74

7

Дани

4

5.70

3

Сингапур

5

5.63

5

Америкийн Нэгдсэн Улс

6

5.61

1

Япон

7

5.60

10

Герман

8

5.58

6

Нидерланд

9

5.56

11

Их Британи

10

5.54

9

Монгол

92

3.60

90

Дэлхий нийтийн өрсөлдөх чадварын зэрэглэл буюу Global Competitiveness Rankings (PDF буюу Excel файлын хэлбэрээр)-н бүрэн эхийг энд дарж татаж авна уу. 

Энэ жил Дэлхий дахины өрсөлдөх чадварын индекс (ДДӨЧИ) хэмээх улс орнуудын өрсөлдөх чадварыг үнэлэх нэгэн шинэ бөгөөд өргөн хүрээтэй хэрэгслийг авч хэрэглэснээр Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлангийн арга зүйд чухал ахиц дэвшил гарч байгаа онцлогтой. Дэлхийн эдийн засгийн форумд зориулж Колумбийн Их сургуулийн профессор Хавер Сала-и-Мартины боловсруулсан энэхүү шинэ индекс нь түүнтэй хоёр жил хамтран ажилласан хамтын ажиллагаа болон өргөн олон хэрэглэгчдээс авсан саналын үр дүн бөгөөд тус Форумын ашиглаж байсан өмнөх индексүүдийн тулгуур үзэл баримтлал, санаануудыг өргөжүүлэн гүнзгийрүүлж байгаа юм.

"Дэлхий нийтийн өрсөлдөх чадварын индексийг нэвтрүүлсэн явдал бол Дэлхийн эдийн засгийн форумаас өрсөлдөх чадварын чиглэлээр хийж буй ажлын логик өргөтгөл юм. Дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд болон бизнесийн орчныг тодорхойлогч хүчнүүд улам нарийн түвэгтэй болж байгаа байдал нь эдийн засгийн өсөлтийн хувьсал хөгжилд нөлөөлөгч илүү олон багц хүчин зүйлийг илрүүлэн гаргах цогц хэрэгсэл боловсруулах зайлшгүй шаардлагатай болгож байна. Гоёмсог загвартай, үзэл баримтлалын бат тулгууртай энэхүү индекс нь бүтээмжийн гол хөтлөгч хүчнүүдийн талаар бодлого боловсруулагчид ба бизнесийн хамтын нийгэмлэгийнхний хооронд яриа хэлэлцүүлэг өрнүүлэх чухал хэрэгсэл байх болно гэдэгт бид итгэл төгс байна" гэж Августо Лопез-Кларос хэллээ.

 "Дэлхий нийтийн эдийн засаг улам нарийн түвэгтэй болж байгаа үед эдийн засгийн өсөлтийг тодорхойлогч гол хүчин зүйлсийн тухай ойлголтоо дээшлүүлэхэд маань Дэлхийн эдийн засгийн өрсөлдөх чадварын тайлан туслах бөгөөд яагаад зарим орнууд хүн амынхаа орлогын түвшин, таатай боломжуудыг дээшлүүлэх чиглэлд бусдаасаа илүү амжилт олж байгааг тайлбарлах болно. Уг тайланд дэлхийн хэмжээгээрх улс үндэстнүүдийн эдийн засгийн байдлын нарийвчилсан үнэлгээг  гаргаж өгснөөрөө бодлого боловсруулагчид, бизнесийн удирдлагуудын хувьд эдийн засгийн бодлогууд, институцийн шинэчлэлүүдээ шинэчлэн сайжруулах чухал хэрэгсэлээр  хангаж өгч байна" гэж Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч, тус байгууллагын гүйцэтгэх захирал Клаус Шваб цохон тэмдэглэлээ.

Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхий нийтийн өрсөлдөх чадварын тайлангийнхаа газар зүйн хамрах хүрээг өргөжүүлэн тэлсээр байгаа бөгөөд одоогоор нийт 125 орны эдийн засгийг хамруулаад байгаа нь энэ төрлийн тайлангуудаас хамгийн өргөн хүрээтэй нь болж байна.

Энэ жилийн тайланд Аргентин, Бразил, Франц, Унгар, Израиль, Япон, Өмнөд Африк, Турк, Америкийн Нэгдсэн Улс зэрэг хэд хэдэн улсын онцлогыг харуулсан шигтгээ оруулж, үндэсний өрсөлдөх чадварт нөлөөлж буй асуудлуудад гүнзгий  шинжилгээ хийснээрээ онцлогтой.  Цаашилбал тус тайланд дэлхий дахины өрсөлдөх чадвартай холбоотой асуудлуудын тухай хэд хэдэн гадны судалгааг оруулсан бөгөөд ерөнхийдөө Дэлхийн эдийн засгийн форумын санааг зовоож байдаг өсөлт, хөгжлийн тухай асуудлуудаас урган гарсан сэдвүүд байна. Эдгээрээс гадна тус форумын ахлах эдийн засагч Августо Лопез-Кларосын Харвардын Их сургуулийн профессор Ричард Күүпер, Кеннет Рогоф нартай дэлхий нийтийн тэнцвэргүй байдлын ноцтой үр дагаварын талаар ярьсан ярилцлагыг оруулсан байна.

Уг тайланд энэ судалгаанд хамрагдсан 125 орны тус бүрийн улсын буюу эдийн засгийн онцлогыг нарийвчлан харуулсан нь тус индексийн зэрэглэлд эзэлсэн ерөнхий байр суурийнх нь тухай дэлгэрэнгүй дүгнэлт өгөөд зогсохгүй дор бүрнийх нь хамгийн томоохон өрсөлдөөний давуу тал ба сул талууд юу гэж үзсэнийг  харуулах удирдамж болох юм. Түүнчлэн тоон үзүүлэлтүүдийн хүснэгтийн өргөн хүрээтэй хэсгийг 100 гаруй үзүүлэлтүүдийг хамарсан дэлхий нийтийн зэрэглэлийн хамт оруулжээ.

Онцлох зүйлс

  • Швейцарийн Вант Улс Дэлхий нийтийн өрсөлдөх чадварын тайланд анх удаагаа тэргүүн байр эзэлсэн нь тус улсын институцийн эрүүл орчин, маш сайн дэд бүтэц, үр ашигтай зах зээл, технологийн шинийг санаачилалтын өндөр түвшинг илтгэн харуулж байна. Тус улс шинжлэх ухааны судалгааны сайтар хөгжсөн дэд бүтэцтэй, судалгаа, хөгжлийн ажилд гар таталгүй зарцуулдаг компаниудтай, түүнчлэн оюуны өмчийн хамгаалалт хүчтэй, төрийн байгууллагууд нь ил тод бөгөөд тогтвортой ажилладаг байна.
  • Өмнө нь тэргүүн байр эзлэж байсан Америкийн Нэгдсэн Улс бизнесийн маш сайн орчин, үр ашигтай зах зээлтэй бөгөөд технологийн хөгжлийн дэлхийн төв хэвээр байна.  Гэхдээ тус улсын ерөнхий өрсөлдөх чадварт макро эдийн засгийн ихээхэн тэнцвэргүй байдал, ялангуяа төсвийн алдагдал дахин давтагдсаар байгаатай холбоотойгоор улсын өрийн түвшин өсч байгаа явдал муугаар нөлөөлж байна.
  • Сүүлийн жилүүдийн нэг адилаар энэ жилийн зэрэглэлд Нордикийн орнууд томоохон байр суурь эзэлсэн хэвээр буюу Финлянд (2-т), Швед (3), Дани (4) улсууд гурвуулаа дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засагтай арван орны тоонд багтсан байна. Нордикийн орнууд төсвийн илүүдэлтэй ажиллаж байгаа төдийгүй улсын өрийн дундаж нь Европын бусад орнуудынхаас доогуур түвшинд байна. Төсвийн бодлогууд сайтай байдал нь засгийн газраас боловсрол, дэд бүтэц, өргөн хүрээтэй нийгмийн үйлчилгээгээр хангахад ихээхэн хөрөнгө оруулах боломж олгодог. Финлянд, Дани, Исланд улсууд дэлхийд хамгийн шилдэг институтүүдтэй (тус бүр 1, 2, 3 дугаар байр эзэлсэн) бол тэд Швед, Норвегийн хамтаар эрүүл мэнд, суурь боловсролын үзүүлэлтээр эхний арван байрт ордог. Мөн Финлянд, Дани, Швед гурав дээд боловсрол, мэргэжлийн сургалтын тулгуур үзүүлэлтэд эхний гурван байр эзэлдэг бол Финлянд улс энэхүү тэргүүлэх байр сууриа гайхалтай удаан хугацаанд тогтвортой хадгалж байна.
  • Энэ жилийн зэрэглэлд Герман, Их Британи улсууд тус тус 8 ба 10 дугаар байр эзэлж нэр хүндтэй байр сууриа хадгалсаар байна. Өмчийн эрхийн аюулгүй байдал, шүүхийн тогтолцооны чанарын чиглэлд Герман улс хэнийг ч урдаа гишгүүлсэнгүй. Нөгөө талаас, хоёр улсын аль аль нь макро эдийн засгийн орчны хувьд тааруу оноо авсан боловч Германых илүү тааруу байлаа. 2005 онд дээрх орнуудын хоёуланд нь улсын төсвийн алдагдалтай гарсан, улс өрийн түвшин өсч байсан төдийгүй валютын ханш чангарсан нь үүний гол шалтгаан байлаа. Их Британий хувьд дэлхийн хамгийн боловсронгуй санхүүгийн зах зээлтэйн ачаар зах зээлийн үр ашигтай байдалд онцгой амжилт үзүүлж байна. Тус улсад хөдөлмөрийн зах зээл уян хатан, ажилгүйдлийн түвшин бага байгаа нь хөдөлмөрийн хөшүүн зохицуулалтуудаар бизнесийн салбарынхандаа дарамт учруулж  байдаг Германыхаас эрс өөр юм. Гэвч Герман улсын шинийг санаачилалтын  үзүүлэлтүүд зарим талаар Их Британийхаас дээр бөгөөд тус улс бизнесийн салбарын боловсронгуй байдлын хувьд хэнтэй ч харьцуулашгүй юм.
  • Итали улсын өрсөлдөөний байр суурь өнгөрсөн хэдэн жилийн турш тогтмол буурах хандлагатай хэвээр байгаа бөгөөд энэ жилийн тайланд дөрвөн байраар ухарч 42-т бичигджээ. Тус улсад олон бэрхшээлтэй асуудлууд тулгарч байна. Итали улс өнгөрсөн 20 жилийн турш тасралтгүй төсвийн алдагдалтай ажиллаж байгаагаас үүдэн макро эдийн засгийн суурь орчин нь тун тааруу байна. 2000 оноос хойш тус улсын төсвийн байдал огцом доройтож, улсын өрийн түвшин нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлтийн нэг буюу ДНБ-ий 100 хувиас нилээд давсан хэмжээнд хүрээд байна.  Италийн төрийн мөнгө санхүүгийн дорой байдал өөрөө тус улсад институцийн асуудлууд илүү гүн гүнзгий буглаад байгааг харуулж байна. Энэ нь засгийн газрын зарцуулалтын үр ашигтай байдал, төрийн зохицуулалтын дарамт, бүр ерөнхийлвөл улсын салбарын институцүүдийн чанар гэх мэт хувьсагчуудад доогуур үнэлгээ авснаас нь харагдаж байна.
  • Өмнөх жилүүдийн нэг адилаар Польш улс ЕХ-ны улсууд дотроос хамгийн муу амжилт үзүүлсэн хэвээр байгаа буюу энэ жил 48 дугаар байрт орсон нь Грекийн (47) яг ард, харин Төв Европтоо тэргүүлэх амжилт гаргасан Эстони (25), БН Чех Улс (29), Словени (33) гурваас нилээд хойгуур байна. Польш улсын онцлог сул тал нь өндөр түвшинд хамгаалагдсан, хатуу чанд хөдөлмөрийн зах зээлтэйгээс үүдэлтэй бөгөөд нэн ялангуяа ажилгүйдлийн түвшин 18% орчим байгаа улсын хувьд хор хөнөөлтэй асуудал юм. Шилжилтийн эдийн засагтай бусад олон орны нэг адилаар  сул дорой институцүүд, авилгал, гэмт хэрэг, тал тохой татах байдал, нөлөөнд хялбар автдаг шүүх тогтолцоо, өмчийн эрхийн сул дэглэм зэргээс үүссэн тодорхойгүй байдал тус улсын бизнесийн салбарынханд тулгарч байна. Хэрвээ Польш улс бүтээмжээ дээшлүүлэн, улам бүр өсөн нэмэгдэж буй ажиллах хүчний зардлын хувьд өрсөлдөх чадвартай хэвээр үлдэе гэвэл илүү гүн гүнзгий шинэчлэлүүд хийх шаардлагатай. Европын Холбооны гишүүнээр нэр дэвшсэн орнуудын дотроос Турк, Хорват хоёр хоёулаа "ЕХ-ны шагнал"-ын үр шимийг хүртсэн мэт харагдаж байна. Тэд тус бүр 12 зэрэглэл ахиж, 59 ба 51 дүгээр байрыг тус тус эзэлсэн нь сэтгэл хөдлөм амжилт юм.
  •  Орос улс 2005 онд 53 дугаар байрт бичигдэж байсан бол 2006 онд 62-р байрт орж уруудсан байна. Орос дахь хувийн салбарынхан шүүхийн хараат бус байдал, шүүх засаглалын удирдлагад ноцтой эргэлзэх болжээ.  Оросод хуулийн дагуу хохиролоо барагдуулах үйл явц удаашралтай, ил тод бус, өндөр өртөгтэй байгаа нь дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засаг бүхий орнуудтай адилгүй байна. 2006 онд энэ үзүүлэлтээр 125 орноос дөнгөж 110-т орж байгаагаас үзэхэд энэ байдал үйлдвэр аж ахуйн газруудын хувьд цаг үрсэн, урьдчилан таашгүй, өртөг зардлын хувьд дарамттай байгааг харуулж байна. Зарим талаар үүнээс болж өмчийн эрхийн дэглэм туйлын доройтон муудаж байна.  Орос улсын энэ үзүүлэлтээр авсан зэрэглэл  сүүлийн хоёр жилийн турш огцом уруудаж, 2004  онд 88 байсан бол 2006 онд 114 болж дэлхийн хамгийн муу үзүүлэлтийн тоонд орсон байна.
  • Азийн орнуудаас Сингапур, Япон улсууд тус тус 5 ба 7 дугаар байрыг эзэлж тэргүүлсэн бол тэдний араас Гонконг (11), Тайвань (13) хоёр ойрхон дагаж явна. Эдгээр орнуудын онцлог өндөр чанартай дэд бүтэц, уян хатан, үр ашигтай зах зээл, эрүүл, боловсрол сайтай ажиллах хүчин, өндөр түвшний технологийн бэлэн байдал, шинийг санаачилалтын чадавхи зэргээр тодорхойлогдож байна. Ерөнхий дүнгээр 26 дугаарт бичигдсэн Малайз улс тус бүс нутгийн хамгийн үр ашигтай эдийн засгуудын нэг бөгөөд хөдөлмөрийн уян хатан зах зээл, харьцангуй гажуудал багатай бараа бүтээгдэхүүний зах зээлтэйн зэрэгцээ эрх зүйт төр, эрх зүйн тогтолцоо зэрэг олон чиглэлээр Европын Холбооны тэргүүлэх шинэ гишүүдийн түвшинд аль хэдийн хүрч ажиллаж байгаа төрийн институцүүдтэй юм.
  • Солонгос (24) улсын гаргасан амжилт Малайз улсынхаас арай илүү тэгш бус байна. Тус улс макро эдийн засгийн удирдлага, бүх шатны сургуульд хамрагдалт төдийгүй шинэ технологийн  нэвтрэлтийн хувь, шинжлэх ухааны шинэ бүтээлүүд зэрэг тодорхой чиглэлүүдээр дэлхийн түвшинд хэдийн хүрсэн болох нь патентийн бүртгэлийн тоон үзүүлэлтээс харагдаж байна. Гэвч Солонгос улсыг улсын ба хувийн салбарын институцийн сул талууд хойш татсан хэвээр байгаа бөгөөд энэ талаар Финлянд, Швед, Дани, Чилийн стандартад хараахан хүрэх болоогүй байна. Тайвань (13) улс үр ашгийн өндөр түвшинд ажилласаар байгаа боловч түрүү жилийн "эхний арав"-ын түвшнээсээ ухраад байна. Тус улс бол нэг хүнд ноогдох патентийн түвшнээр зөвхөн АНУ, Японы дараа ордог шинийг санаачилалтын төв юм. Дээд боловсрол, мэргэжлийн сургалтын үзүүлэлтээр ч онцгой сайн амжилт үзүүлсээр байгаа (ерөнхий дүнгээр 7 дугаарт) боловч Солонгосын нэг адил институцийн дэд бүтцийн сул талаасаа болж ерөнхий зэрэглэл нь буурсан байна.
  • Энэтхэг улс шинийг санаачилалтын чадавхи, компаниудын үйл ажиллагааны боловсронгуй байдалд маш сайн оноо авснаар ерөнхий дүнгээр 43 дугаарт орсон байна. Тус улсад пүүс компаниудын технологийн ашиглалт, технологийн шилжүүлэлтийн хурд өндөр байгаа боловч хамгийн сүүлийн үеийн технологийн нэвтрэлтийн хувь олон улсын түвшнээс нилээд доогуур хэвээр байгаа нь Энэтхэгийн нэг хүнд ноогдох орлого бага, ядуурлын гаралт их байгааг тусган харуулж байна. Эдгээр урамтай үр дүнг эс тооцвол, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын байдал хангалтгүй, дэд бүтэц муу хөгжсөн зэрэг нь Энэтхэг улсын өсөлтийн өндөр хувиас хүртэх үр шимийг илүү адил тэгш хуваарилах боломжийг хязгаарлаж байна. Цаашилбал, дэлхийн хамгийн өндөр үзүүлэлтийн нэгд орох улсын салбарын төсвийн алдагдлаа багасгах тал дээр Энэтхэгийн удаа дараагийн засгийн газрууд ихээхэн үр нөлөөгүй байгаа нь нотлогдсон байна.
  • Хятад улс 48-аас 54 дүгээр байрт ухарсан нь ололт амжилтын хувьд харилцан адилгүй байсантай холбоотой. Эерэг талаас нь авч үзвэл, Хятад улсын эрчимтэй өсөлт тус улс дахь бага инфляци, дэлхийд хамгийн өндөрт орох хуримтлалын хувь, улсын өрийн боломжийн түвшинтэй хосолсноор ДДӨЧИ-ийн макро эдийн засгийн тулгуур үзүүлэлтээрх Хятад улсын зэрэглэлийг огцом өргөж 6 дугаарт оруулсан нь онцгой сайн амжилт юм. Гэхдээ, төрийн хяналт ихтэй банкны салбар зэрэг бүтцийн хэд хэдэн сул талыг анхаарч авч үзэх шаардлагатай. Энд санхүүгийн зуучлалын түвшин доогуур бөгөөд их хэмжээний, эргэн төлөгдөхгүй зээлийн сангийн сөрөг нөлөөг зөөллөх үүднээс төрөөс үе үе интервенц хийхээс өөр аргагүй болж байна. Хятадад хамгийн сүүлийн үеийн технологийн (үүрэн телефон, интернет, персональ компьютер) нэвтрэлтийн хувь доогуур, мөн дунд ба дээд сургуульд хамрагдалтын хувь олон улсын стандартаас доогуур хэвээр байна. Энд хамгийн их санаа зовоож буй зүйл бол  институцийн орчны чанарын үзүүлэлтэд мэдэгдэхүйц ухралт гарсан явдал юм. Энэ нь 2006 онд энэ үзүүлэлтээр 60-аас 80 дугаар байрт ухарснаас харагдаж байгаа бөгөөд институцийн орчны бүх 15 үзүүлэлтэд тааруухан оноо авсан нь улсын ба хувийн хэвшлийн байгууллагуудыг аль алинд хамаатай байна.
  • Өмнөх жилүүдийн нэг адил Чили улс 27 дугаар байр эзэлж энэ зэрэглэлд Латин Америк, Карибийн бүс нутгийн орнуудыг тэргүүлж байна. Чилийн байр суурь нь ил тод, нээлттэй  байдлын хувьд ЕХ-ны орнуудын дундаж түвшинд хэдийн хүрч ажиллах болсон сайн институцүүдтэй төдийгүй харьцангуй гажуудалгүй, үр ашигтай зах зээлүүдтэй болсонтой холбоотой. Төр засгаас найдвартай, тогтвортой зохицуулалтын дэглэм бий болгох явдлыг хөхиүлэн дэмжих үүрэг гүйцэтгэж байна. Тус улсын эдийн засгийн хурдацтай өсөлт, ядуурлыг бууруулах тогтвортой хүчин чармайлтын нөхцлийг бүрдүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй нэг элемент нь макро эдийн засгийн туйлын чадварлаг удирдлага болоод байна.  Чили улс үр ашигтай төсвийн бодлогоос бий болсон хөрөнгө  мөнгөө дэд бүтцэд төдийгүй боловсрол, нийтийн эрүүл мэндэд ихээхэн хөрөнгө оруулахад зарцуулж байна.  Чили улсын эзэлсэн өрсөлдөөний хүчтэй байр сууринаас үзэхэд, тус улсын эрх баригчид Финлянд, Ирланд, Шинэ Зеланд зэрэг Чилийн хувьд харьцуулж болох бүлэг улсуудаас ажиллах хүчний ур чадварын хувьд хоцорч буй зайгаа түргэн нөхөх үүднээс ур чадварыг дээшлүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулах шаардлагатай байх болно.
  • Бразил улс ерөнхий дүнгээр түрүү жилийн 57 дугаар байраас ухарч 66 дугаар байр эзэлсэн нь бусад орнуудаас харьцангуй их хэмжээний төсвийн алдагдалтай байсан түүхэн үр дүнгээс нь биш юмаа гэхэд түүнээс үүдэн ДНӨЧИ-ийн макро эдийн засгийн тулгуур үзүүлэлтэд онцгой тааруу амжилт (2005 онд 91 дүгээрт байсан бол 114 болсон) үзүүлсэнтэй холбоотой. Засгийн газрын өрийн түвшин өндөр, хүүгийн түвшний зөрүү ихтэй байгаа нь Бразилийн банкны салбарт зуучлалын зардал ихтэй байгаа харуулах бөгөөд улмаар хувийн салбарын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлт муудахад нэрмээс болж байна.

Дэлхийн эдийн засгийн форум бол дэлхий нийтийн, бүс нутгийн, салбарын хэлэлцэх асуудлуудыг боловсруулан гаргахад чиглэсэн түншлэлд удирдагч нарыг татан оролцуулах замаар дэлхийн байдлыг сайжруулах зорилготой бие даасан олон улсын байгууллага юм.

Швейцарийн Женев хотод төвтэй Дэлхийн эдийн засгийн форум нь 1971 онд сан болж үүсгэн байгуулагдсан хараат бус, ашгийн төлөө бус байгууллага бөгөөд ямар нэг улс төрийн, намын эсвэл улс үндэсний ашиг сонирхлыг илэрхийлдэггүй болно (www.weforum.org).

Монгол Улс : Гол үзүүлэлтүүд [PDF]

  

Холбоо барих хаяг:             Б. Мөнхсоёл
                                                Менежер
Нээлттэй Нийгэм Форум
                                                утас: +976-11-313207
факс: +976-11-324857
[email protected]
www.forum.mn