Ядуурал хүн амын 36 хувьд хүрлээ гэж Сангийн сайд мэдэгдлээ (2006.10.10)

A- A A+
Ядуурал хүн амын 36 хувьд хүрлээ гэж Сангийн сайд мэдэгдлээ (2006.10.10)

Ядуурал хүн амын 36 хувьд хүрлээ гэж Сангийн сайд мэдэгдлээ (2006.10.10)

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлаар хамтран ярилцах зорилгоор Монголын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран жилд хоёр удаа зохион байгуулдаг техникийн зөвлөлдөх уулзалт өчигдөр эхэлжээ.   Энэ уулзалтыг нээж Сангийн сайд Н.Баяртсайханы хэлсэн үгийг толилуулж байна.

2006 оны хоёрдугаар сард зохиосон техникийн анхдугаар уулзалтаар бид Монгол Улсын хөгжлийн үр дүн, түүнд чиглэсэн удирдлагыг бэхжүүлэх, гадаадын зээл тусламжийн уялдаа холбоог сайжруулах, өрийн удирдлагыг боловсронгуй болгох, хувийн хэвшлийг бэхжүүлэн хөгжүүлэх, боловсролын салбарыг шинэчлэх асуудлаар ярилцсан билээ. Мөн өнгөрсөн 15 жилд Монгол Улсад үзүүлсэн хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дүгнэж, цаашид хандивлагчдаас үзүүлэх зээл, тусламж, дэмжлэгийн үндсэн чиглэлийг Мянганы хөгжлийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн стратегийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдтэй уялдуулан тодорхойлсон. Бидний түншлэлийн энэхүү шинэ хэлбэр үр дүнтэй болсныг тэмдэглэхэд таатай байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулах, 2007 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсвийн төсөл, төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаас өмнө энэхүү уулзалт болж байгаа нь цаг хугацааны хувьд тохиромжтой, үр дүнгээ өгөх, чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр манай эдийн засгийн ерөнхий төлөв байдал сайжирч байна. Өөрчлөлт, шинэчлэлийг эрчтэй хийснээр макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгож байна. 2002 оноос хойшхи эдийн засгийн бодит өсөлт дунджаар 6.5 хувьд хүрч, анх удаа 2005 онд улсын төсөв алдагдалгүй гарсан бөгөөд төсвийн гүйцэтгэлийн энэхүү амжилт 2006 онд биелэгдэх бүрэн боломж байна. Мөнгөний үзүүлэлтүүд, арилжааны банкуудаас олгож байгаа зээлийн хэмжээ асар хурдацтай өсч байгаа хэдий ч хэрэглээний үнийн индекс, 2006 оны есдүгээр сарын байдлаар таван хувьд хүрээд байна. Гадаад худалдааны урсгал тэнцэл ашигтай гарч, улсын валютын нөөц хүлээгдэж буй гүйцэтгэлээр 600 орчим сая ам.доллар болох тооцоотой байна. Энэ нь 19 долоо хоногийн импорттой тэнцэх юм.

2006 онд эдийн засгийн бодит өсөлт найм орчим хувь, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 950 ам.доллар, экспортын хэмжээ өнгөрсөн оныхоос 38 хувиар өссөн буюу 1.5 тэрбум ам.долларт хүрч гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахаар байна. Эдийн засгийн орчин нөхцөл Монгол Улсын хувьд тааламжтай байгаа энэ цаг үед хөгжлийн бодлогоо оновчтой тодорхойлж нийгмийн тулгамдсан асуудлыг зөв арга механизмаар шийдвэрлэх шаардлагатай байна.

Эдийн засгийн өсөлт гарахад хөрш орнуудын эдийн засгийн өсөлт хөгжил таатай нөлөөлснөөс гадна экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, цаг агаарын
тааламжтай байдал сайнаар нөлөөлсөн. Хувийн хэвшлийг дэмжсэн төрийн бодлогыг үр өгөөжтэй хэрэгжүүлснээр манай эдийн засгийн 80 гаруй хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг болоод байна. Энэ ололтыг улам бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн дорвитой арга хэмжээг саяхан аваад байна. Үүнд, Татварын болон уул уурхайн салбарын хуулиудыг шинэчлэн, Авлигын эсрэг, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиудыг батлан гаргаж, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд олгогддог 600 гаруй төрлийн тусгай зөвшөөрлийг 87 болгон цөөрүүлснээр хувийн хэвшлийн хөгжилд саад тотгор болж байсан төрийн албаны хүнд суртлыг бууруулах, цаашид бүрэн арилгахад чухал алхам боллоо.

Хэдийгээр манай эдийн засагт амжилт ололт байгаа ч эдийн засаг маань гадаад худалдааны нөхцөл байдал, цаг агаарын байдлаас ихээхэн хамаарч байгаа эмзэг байдлыг арилгахад чиглэсэн эрсдлийн удирдлагыг нэвтрүүлэх, олон улсын тэргүүний ололт туршлага чухал хэрэгтэй байна. Ядуурал хүн амын 36 хувьд хүрээд байгааг зогсоох, энэхүү өсөлтийг бууруулахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авахад та бидний энэ удаагийн уулзалт чухал нөлөө үзүүлэх ёстой. Бага орлоготой ядуу иргэдийг ажлын байраар хангах, мэргэжил олгох, давтан сургахад улсаас туслах, жижиг бизнес эрхлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, шаардлагатай санхүүжилт, зээл, даатгалын системд хамруулах нөхцлийг бүрдүүлэх нь ядуурлыг бууруулахад тус дэм болно.

Хүн амын зөвхөн 20 гаруй хувь нь шаардлага хангасан орон сууцанд амьдарч байна. Урт хугацаат барьцаат зээлийн зах зээлийг хөгжүүлэхэд Засгийн газар анхаарч урт хугацааны  санхүүжилтийн бонд гаргах, амьдралын даатгалыг бий болгох, тэтгэврийн сангийн хөрөнгийн удирдлагын шинэчлэлтийг хийж, арилжааны хэлбэрт оруулах, хөрөнгө оруулалтын мэргэжлийн байгууллагуудыг хөгжүүлэх, урт хугацаат барьцаат зээлийн эрхзүйн орчныг бий болгох чиглэлээр гадаад дотоодын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.

Банкны салбарт тодорхой амжилт байгаа хэдий ч зээлийн хүү өндөр, хугацаа хэт богино байгаагаас урт хугацааны томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд бидэнд түвэгтэй байна. Иймд төсөл санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг нэвтрүүлэх, энэ талаар хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлэх зайлшгүй хэрэгтэй байна. Мөн үнэт цаасны зах зээлийг эрчимжүүлэх, урт хугацааны даатгалын олон төрлүүдийг бий болгох, Санхүүгийн зохицуулах хорооны чадавхийг сайжруулах, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг сайжруулж, компанийн зохистой удирдлагыг тууштай хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангахад та бидний хамтын хүчин чармайлт нэмэр болно гэж үзэж байна.

Байгалийн их баялаг нь Монгол Улсын цаашдын хөгжил, өсөлтийн эх сурвалж хэдий ч түүнийг зөв зохистой ашиглах, олсон орлого, үр өгөөж, ашиг шимийг нийгэмд, олон түмэнд хүртээх эдийн засгийн туйлын зохистой зөв бодлого Монгол улсын урт хугацааны хөгжил, дэвшилд илүү чухал ач холбогдолтой. Энэ асуудлын хүрээнд Засгийн газраас уул уурхайн компаниудтай хийсэн төлбөр тооцоог олон нийтэд ил болгож тогтмол мэдээлж байх тогтолцоог бий болгохоос гадна уул уурхайн салбарын байгууллагуудаас улсын болон төрийн аливаа байгууллагуудтай хийсэн арилжааны хэлцэл, ашиг орлого хуваарилалт, улсад төлсөн төлбөр, татвар, лицензийн төлбөрийг нийтэд ил тод тайлагнадаг журмыг санхүүгийн тайлан бүртгэлийн зайлшгүй нэг хэсэг болгоно. Санхүүгийн ил тод байдлыг бий болгосноор энэ салбарт гараад байгаа хүнд суртал, авилгал, хээл хахууль, аливаа дутагдлыг арилгахад чухал ач холбогдолтой болно гэж үзэж байна.

Боловсролын салбар дахь шинэчлэлийг гүнзгийрүүлж, салбарын мастер төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Хөгжлийн үндэс болсон хүний нөөцийг зөв ашиглах, боловсон хүчнийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлэх, сургахад манай хамтрагч түншүүд туслаж байгаа, цаашид ч энэ чиглэлд түлхүү анхаарна гэдэгт итгэж байна.
Энэ удаагийн уулзалтаар бид хэрэгжүүлсэн ажлаа дүгнэхийн зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлаар тулгарч байгаа дунд хугацааны зорилтуудыг шүүн хэлэлцэж цаашдын хамтын ажиллагааны хүрээг илүү үр өгөөжтэй, эцсийн үр дүнд чиглэсэн байхаар нарийвчлан тодорхойлж зээл, тусламжийн нэгдсэн бодпого, бодит эрэлт хэрэгцээтэй уялдуулна гэдэгт гүнээ итгэж байна.

Дунд хугацаанд бидний өмнө тулгарч буй үндсэн зорилт бол одоогийн хөгжлийн тогтвортой байдлыг хадгалах, үсрэнгүй дэвшил гаргах явдал юм. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд орох шилжилтийн үеийг даван туулах, хүний хөгжлийг дээдэлсэн ардчилсан нийгэм байгуулах, эдийн засгийн тогтворжилтыг хангах зэрэг зорилтуудыг хангахад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ, ОУВС, Япон болон бусад хандивлагч орнууд, Та бүхнээс үзүүлсэн дэмжлэг туслалцаа жинтэй хувь нэмэр оруулсан гэдгийг онцлон дурдаж талархал илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар Парисын тунхаглалд тусгагдсан хамтын ажиллагааны шинэ зарчмыг талархан хүлээн авч цаашид Монгол Улсыг Мянганы хөгжлийн зорилтодтулгуурлан ядуурлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад үндэсний хөгжлийн стратегитэй уялдсан зайлшгүй шаардлагатай дэмжлэг тусламжийн одоогийн бүтэц, хэмжээг гадаад түншүүд эргэн харж үзнэ гэдэгт итгэж байна. Монгол Улс шилжилтийн үе шатыг үндсэндээ даван туулж түүний дараахь тогтвортой, үсрэнгүй хөгжлийн үндэс суурийг тавих хөгжлийн шинэ шатандаа дэвшин орж байна. Үүнтэй холбоотойгоор манай хандивлагчид, гадаадын түнш нар өнгөрсөн 15 жилийн хамтын ажиллагааны үр дүнгээ үнэлж цэгнэн үзэхийн хамт цаашид манай улстай хамтран ажиллах үйл ажиллагааны хэмжээ далайцаа нэмэгдүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бидэнд хөгжин дэвжих асар их хэрэгцээ, шаардлага байна, үүнд та бүгд урьдын адил дэмжлэг туслалцаа үзүүлсээр байхыг
уриалж байна.

Гадаадын түншүүдээс үзүүлэх буцалтгүй тусламжийг засаглалыг сайжруулах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах салбарт түлхүү авах, хөнгөлөлттэй зээлийг эрчим хүч, зам, тээвэр, мэдээллийн технологи, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарт зонхилон зарцуулахыг бид хүсч байна. Харин уул уурхай, экспортын баримжаатай боловсруулах үйлдвэр, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах бодлогыг Засгийн газар баримталж байна. Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн салбарт бодит хөгжлийг бий болгох үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд урт хугацааны хөнгөлөлттэй зээл бидэнд зайлшгүй хэрэгтэй байна. Тэргүүний ээлжинд дэд бүтцийн салбарын чадавхийг бэхжүүлэхэд тухайлбал, эрчим хүчний салбарт тэргүүний техник технологийн ололтыг нэвтрүүлэх, иргэний агаарын болон төмөр замын нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэхэд голчлон анхаарал хандуулахыг хүсч байна. Манай эдийн засагт оршиж буй санхүүгийн нөөц хүчин чадлыг илрүүлэх, дотоодын хуримтлал болон хөрөнгө оруулалтын урсгалыг бий болгох цаг мөч нэгэнт иржээ. Тиймээс санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх нь бидний нэг тэргүүлэх чиглэл байх болно. 2007 - 2015 он хүртэлх Монгол улсын хөгжлийн хэрэгцээг тооцон үзвэл наад зах нь хөнгөлөлттэй зээл хоёр тэрбум, гадаадын шууд хөрөнгө оруулалт 10 тэрбум долларын хөрөнгийг татах шаардлагатай тухай урьдчилсан тооцоо хийгдээд байна. Ийм хэмжээний хөрөнгийн наад захын хэрэгцээ байгаа бөгөөд бас шингээх чадавхи бий болж байна. Зөвхөн ийм нөхцөлд л Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан Үндэсний хөгжлийн стратегийг тууштай хэрэгжүүлэх бодит боломж бүрэлдэх юм. Та бидний хамтран тодорхойлж буй зээл тусламжийн шинэ механизм нь эдийн засгийн бодит хөгжлийг дэмжсэн, үр дүнд тулгуурласан, давхардлыг арилгасан, эргэж тайлагнадаг, ил тод байх зарчимд тулгуурлах болно. Зээл тусламжийг шингээн авах эдийн засгийн чадавхиас гадна зээлийн үр өгөөжийг тодорхойлох өрийн удирдлагын бодлого маш чухал юм. Тиймээс та бүхэн өрийн удирдлагын талаарх дунд хугацааны үзэл баримтлалтай танилцах болно. Мөн түүнчлэн зээл, тусламжийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Мэдлэг ба технологи шилжүүлэх" тогтолцоог нэвтрүүлэх, идэвхтэй ашиглах нь дунд ба урт хугацаанд эдийн засгийн хөгжлийг түргэтгэх гол түлхүүр болно гэж үзэж байна. Гадаад түншүүд, олон улсын байгууллагууд цаашид хамтын ажиллагаандаа энэ зарчмыг дэмжинэ гэдэгт итгэж байна.

Энэ удаагийн техникийн уулзалт нь гадаадын зээл тусламжийн хөгжлийн нэгдсэн бодлого зохицуулалт, төлөвлөлтийг үндэсний хөгжлийн стратеги болон эдийн засгийн бодит хэрэгцээтэй уялдуулж Монгол Улсын Засгийн газар болон гадаад түншүүдийн хооронд бүрэлдэн тогтсон түншлэлийн уламжлалт харилцааг нягтруулж цаашид улам нээлттэй, ил тод, үр дүнд чиглэсэн , ажил хэрэгч болно гэдэгт итгэл төгс байна.