Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахижээ (2007.02.13)
Олон улсын төвшинд зээлжих зэрэглэл тогтоогч томоохон агентлаг болох "Стандарт энд Пүэрс" компани Монголын зээлжих зэрэглэл нэг шатаар ахиж, "В+" үнэлгээ авч, хэтийн төлөв нь "эерэг" зэрэглэлд дэвшсэн болохыг зарласан байна. Энэ тухай Сангийн сайд Н.Баяртсайхан “Ардын эрх” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүний хэлснээс үзвэл манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд дунджаар найман хувиар өсч, валютын нөөц, гадаад худалдаа, төсвийн үзүүлэлтүүд жигд сайжирч, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэн зэрэг нь зээлжих зэрэглэлийн ангилал нэг шат ахихад голлон нөлөөлсөн аж.
Зээлжих зэрэглэл нь иргэн, аж ахуйн нэгж болон тухайн улс бусдаас авсан эсвэл ирээдүйд авах зээлээ эргүүлэн төлөх чадавх буюу санхүү, зээлийн хариуцлагын төвшинг тодорхойлдог бөгөөд Монголын зэрэглэлийг 1999 оноос хойш "Стандарт энд Пүэрс" агентлаг жил бүр тогтоож иржээ. Зээлжих зэрэглэл нь тухайн орны хөрөнгө оруулалтын үндсэн орчныг тодорхойлдог. Үүнд улстөрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын болон татварын таатай орчин, эдийн засгийн хүчин чадал болон хүний нөөцийн чадавх зэрэг үзүүлэлт шийдвэрлэх үүрэгтэй аж. "В+" гэсэн үнэлгээ нь хөрөнгө оруулалтын хувьд "аз сорьсон бөгөөд тодорхой эрсдэлтэй" гэсэн ангилалд багтдаг боловч сүүлийн жилүүдэд эдийн засгийн салбарт олсон ололт, амжилт нь уг зэрэглэл тогтвортой өсөхөд нөлөөлж байгаа хэмээн Сангийн сайд хэлжээ.
Түүнчлэн зээлжих зэрэглэлийг үндсэн зэрэглэл болон хэтийн төлөв гэсэн хоёр хэсэгт хуваадаг. Хэтийн төлөв нь "эерэг", "сөрөг", "тогтвортой" гэсэн гурван ангилалтай бөгөөд тухайн улсын зээлжих зэрэглэлийн хэтийн төлөв "эерэг" гэсэн ангилалд хоёр жил дараалан багтвал үндсэн зэрэглэл нь дараагийн шатанд ахих магадлал өндөр хувьтай байдаг аж. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг байнга, тогтвортой дээшлүүлж ойрын жилүүдэд зэрэглэлийг "ВВВ" буюу хөрөнгө оруулалтын зэрэглэлийн ангилалд багтаан дээшлүүлэхээр Засгийн газар, Монголбанк хамтран ажиллаж байна гэж Сангийн сайд Н.Баяртсайхан мэдэгджээ. Сангийн сайдын хэлснээр энэ бол Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсын Засгийн газрын өрийн бичгийг худалдах бодлогыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын чухал хэсэг юм.
Монголын зээлжих зэрэглэлийн одоогийн төвшин Шри Ланка, Пакистан, Аргентин, Уругвай, Индонез зэрэг улсуудтай ижил, Турк, Филиппин, Вьетнам, Серб, Бразил зэрэг улсуудаас нэг шат доогуур ангилалд байгаа аж. Хэдийгээр зэрэглэл "эрсдэлтэй" гэсэн ангилалд байгаа боловч Засгийн газрын бонд олон улсын зах зээл дээр гаргах боломж бүрэн нээлттэй гэж Н.Баяртсайхан үзэж байна. Манайтай ижил буюу ойролцоо зэрэглэл бүхий олон улс өөрийн Засгийн газрын бондыг олон улсын зах зээл дээр борлуулж, санхүүгийн ихээхэн хэмжээний эх үүсвэр татаж байгаагаас үүдэн тэрбээр ийнхүү хэлжээ. Монголын мэргэжилтнүүдийн хийсэн тооцоогоор зээлжих зэрэглэл В, ВВ гэсэн ангилалд багтдаг улсууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20-30 хувьтай тэнцэх хэмжээний Засгийн газрын бондыг олон улсын зах зээл дээр борлуулдаг байна. Монголын Засгийн газар ойрын хугацаанд бонд гаргалаа гэхэд хамгийн багадаа 500-600 сая ам.долларын хөрөнгө босгох чадавх бүрдсэн гэж Сангийн сайд мэдээлжээ.
1990-ээд дунд үеэс эхлэн Монгол Улсын Засгийн газар төсвийн улирлын шинж чанартай алдагдлыг нөхөх, төсвийн зарлагыг тогтмолжуулах зорилгоор Засгийн газрын бонд гаргаж байжээ. Харин сүүлийн жилүүдэд төсөв эерэг үлдэгдэлтэй гарах болсон тул энэ зорилгоор бонд гаргах шаардлагагүй болжээ. Олон улсын практикаас үзэхэд Засгийн газар нь бодлогын, бүтцийн өөрчлөлтийн, хөрөнгө оруулалтын зэрэг олон чиглэлээр бонд гаргадаг байна. Макро эдийн засгийн орчин тогтворжиж, эдийн засгийн хурдацтай өсөлт явж буй өнөө үед урт хугацааны, нийгэм, эдийн засгийн бодитой өсөлт авчрах хөгжлийн бодлогод чиглүүлэн, хөрөнгө оруулалтын шинж чанартай томоохон төслүүдийг санхүүжүүлэх, олон улсын санхүүгийн зах зээлд Монгол улс нэвтрэн орох бололцоог нээж өгөх зорилгоор Засгийн газар олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд гаргах асуудлыг УИХ-д тавьж шийдвэрлүүлэх боломж нээлттэй аж. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглах нөхцөлд төрийн оролцооны хэмжээ болох 50 хүртэл хувийн хөрөнгийг санхүүжүүлэхийн тулд Засгийн газар бонд гаргаж болно хэмээн Сангийн сайд Н.Баяртсайхан хэлжээ.