Хамтарсан мэдэгдлүүд хийлээ (2007.02.28)
Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр 2007 оны хоёрдугаар сарын 21-25-нд Франц Улсад албан ёсоор айлчилж, хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 2-нд Япон улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч Н.Энхбаярын айлчлалын үеэр хамтарсан мэдгэдлүүд гаргасныг “ЗМ” сонинд тиовч нийтлэгдснээр толилуулж байна.
Монгол, Францын хамтарсан мэдэгдэл
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын 1996 оны хэлэлцээр нь Монгол, Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндсэн зарчим, зорилтыг тодорхойлсон баримт бичиг болохыг Ерөнхийлөгч нар тэмдэглэв.
Монгол, Францын улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, хоёр орны Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг хоёр талын хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудыг хэлэлцэх, мэдээлэл солилцох суваг болгон үргэлжлүүлэх замаар тогтмол зохион байгуулж байхаар тогтов.
Монгол, Францын худалдаа эдийн засгийн харилцаа болон харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг хоёр Ерөнхийлөгч тэмдэглэн, дэд бүтэц, уул уурхайн үйлдвэрлэл, байгаль орчныг хамгаалах, эрүүл мэнд, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарууд нь эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал чиглэл болохыг тодорхойлов.
Монгол Улс нийгэм, эдийн засгийн шилжилтийн үеийг даван туулахад Бүгд Найрамдах Франц Улс буцалтгүй тусламж үзүүлсээр ирсэнд Монголын ард түмэн талархаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв.
Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар Монгол Улсад ус болон хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ нотлов.
Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг байгуулах, Улаанбаатар хотын агаарын чанарыг хянах сүлжээг байгуулах зэрэг төсөлд зориулан Францын Засгийн газар хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдэв.
Монгол, Францын соёл, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, археологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Гол мод”-ны судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэх, олдворыг олон нийтэд дэлгэн үзүүлэх зорилгоор Франц Улсад үзэсгэлэн гаргахаар талууд тохиролцов. Хоёр улсын Төрийн тэргүүн нар өөрсдийн ивээл дор Гол мод дахь Хүннүгийн үеийн булшнаас олдсон ховор олдворуудаар Улаанбаатар болон Парис хотноо үзэсгэлэн гаргах боломжийг судлахаар тогтов.
Монгол, Францын өргөжин хөгжиж буй харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх үүднээс айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар хооронд Иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, Монгол Улсын Yйлдвэр, худалдааны яам, Францын Эдийн засаг, санхүү, аж үйлдвэрийн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Ус болон хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх төслийн санхүүжилтын асуудлаар Монгол Улсын Сангийн яам, Францын Эдийн засаг, санхүү, аж үйлдвэрийн яам хоорондын санамж бичиг, Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Францын хөдөө аж ахуйн судалгааны Yндэсний хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Парисын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг зэргийг байгуулав.
Монголын залуучуудад Францын их, дээд сургуульд суралцахад олгох Францын Засгийн газрын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэхээр талууд тохиров. Их дээд сургуулийн диплом, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрүүдийг байгуулах боломжийг судлахаар болов.
Ерөнхийлөгч нар олон улсын бодлогын асуудлаар санал солилцож, энэ чиглэлд НYБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтов. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хадгалан хамгаалахад НYБ-ын үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэж байгааг нотлон НYБ өөрөө үр өгөөжтэй, ил тод, өнөөгийн бодит нөхцөлд зохицон шинэчлэгдэх ач холбогдолтойг тэмдэглэв. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх, бүс нутгийн хэмжээнд, ялангуяа Зүүн Хойд Азид хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг хөгжүүлэх явдал чухал болох талаар санал нэгдэв.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс 2006 оны аравдугаар сарын 9-ний өдөр цөмийн туршилт хийснийг Монгол, Франц Улсууд буруушааснаа нотлоод НYБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1718 тогтоолыг биелүүлэхийг Хойд Солонгосын талд уриалав. Талууд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт яриа хэлэлцээний сүүлийн хуралдаанаар тохирсон тохиролцоог найрсгаар хүлээн авав.
Ази, Европын яриа хэлэлцээний механизм АСЕМ-ын 2006 оны есдүгээр сарын 11-нд болсон Хельсинкийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсыг элсүүлэхэд Франц Улс Европын түншүүдийнхээ хамт дэмжсэнд талархаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв. Европ, Азийн энэ яриа хэлэлцээг 1996 онд эхлүүлэхэд оролцсон Францын Ерөнхийлөгч энэ яриа хэлэлцээний үйл явцад Монгол Улс элсэн орсонд баяр хүргэв.
Хамгийн ядуу хөгжиж буй орнуудад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжийг санхүүжүүлэх шинэ эх үүсвэр олох талаар, тухайлбал нисэх онгоцны билетэд эв санааны нэгдлийн татвар ногдуулж аюултай халдварт өвчнүүдийг эмчлэх эм, тариа худалдан авахыг санхүүжүүлэх тусгай сан байгуулах зэрэг дэвшүүлсэн Францын талын тодорхой санал санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн албан ёсны айлчлал нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлийн нотолгоо болов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Жак Ширак нар ардчиллын нийтлэг үнэт зүйлст тулгуурласан Монгол, Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, энэ хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхээр тохиров. Монгол, Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь хүний эрх, ардчилсан зарчмуудыг дээдлэн хөгжүүлэх, олон улсын эрх зүй, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортой хөгжил, энх тайвныг хамгаалах, олон улсын тогтвортой байдлыг хадгалах, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийн эсрэг тэмцэх, терроризмтай тэмцэх, байгаль орчин, соёлын олон төрөл зүйлийг хадгалан хамгаалах зэрэг хоёр орны нийтлэг эрх ашигт тулгуурлан хөгжихийг талууд нотлон тэмдэглэв.
Монгол, Японы хамтарсан мэдэгдэл
1. Талууд Монгол, Японы харилцаа 1996 онд тунхагласан Иж бүрэн түншлэлийн зарчмын дор амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдын 2006 оны гуравдугаар сард Япон улсад хийсэн айлчлал, Япон улсын Ерөнхий сайд Ж.Койзүмигийн 2006 оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахаар тохиролцсоны дагуу “Монгол, Японы Хамтын ажиллагааны арван жилийн Yндсэн хөтөлбөр”-ийг (цаашид “Хамтын ажиллагааны хөтөлбөр” гэнэ) үзэглэв. Энэхүү хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүргэхээ санал нэгтэй илэрхийлэв.
2. Талууд Их Монгол Улс байгуулсны 800 жилийн ойг 2006 онд Япон улсад “Монголын жил” болгон тэмдэглэсэн, энэ жил Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг Монгол Улсад “Японы жил” болгон тэмдэглэж байгаа нь хоёр орны харилцааны найрсаг уур амьсгал, Монгол, Японы ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг улам бэхжүүлэхэд тус болж байгааг үнэлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улсын Засгийн газрын “ХХI зууны Зүүн Азийн хүүхэд, залуусын солилцооны их хөтөлбөрийн дагуу ирэх таван жилийн хугацаанд Монголын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид зонхилсон 100 хүртэл хүүхдийг жил бүр Японд урьж зочлуулахаа мэдэгдлээ.
3. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улсад ардчилал бэхжин, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үе үндсэндээ дуусч, тогтвортой хөгжлийн шинэ шат эхэлж байгааг мэдээлээд түүнд Япон улсын дэмжлэг, тусламж дорвитой хувь нэмэр оруулж ирснийг өндөр үнэлж, талархал илэрхийлэв.
Ерөнхий сайд Ш.Абэ, Монгол улс ардчилал, бие даасан хөгжлийнхөө төлөө гаргаж байгаа хүч чармайлтыг Япон улс цаашид ч дэмжинэ гэдгийг нотлов. Yүнтэй холбогдуулж Японы тал Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүсэлт болгож буй иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотод нисэх онгоцны шинэ буудал барих” төслийг эдүгээ хийж байгаа судалгааны дүнд үндэслэн идэвхтэй дэмжихээ мэдэгдлээ. Мөн Японы тал буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Энгельсийн гудамжинд гүүрэн гарц барих” төслийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголын талтай хамтарч ажиллана гэв. Түүнчилэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах талаар хамтран ажиллах боломжийг Монголын талтай хамтран судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Японы тал буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр”, “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежмент төсөл”, “Ерөнхий боловсролын сургуулийн барилгын өргөтгөл төсөл”-ийг 2007 онд хэрэгжүүлэх чиглэлээр Монголын талтай хамтарч ажиллана гэлээ. Японы тал техникийн чиглэлээр сургаж байгаа монгол залуусын тоог 2007 оноос хоёр дахин өсгөхөө илэрхийллээ.
4. Талууд Монгол Улс, Япон улсын хооронд улс төрийн яриа хэлцээ өндөр төвшинд хүрч, харилцан ойлголцол, итгэмжилсэн байдал бэхжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд үүнийг цаашид үргэлжлүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд Ш.Абэ-г хоёр талын тааламжтай үед Монгол Улсад айлчлахыг урилаа. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Япон улсын Эрхэм дээд Хунтайж Нарухито, Эрхэм дээд гүнж Масако, Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ё.Коно, Зөвлөхүүдийн Танхимын дарга Ч.Оги нарыг 2007 онд Монгол улс дахь “Японы жил”-ийн хүндэт зочноор Монгол улсад айлчлахыг урив.
5. Хоёр тал Монгол, Японы хамтын ажиллагааны механизмыг илүү тодорхой, оновчтой болгох нь зүйтэй гэж үзэж, хоёр орны холбогдох яамдын хооронд эхэлсэн зөвлөлдөх уулзалтуудыг өргөтгөн бэхжүүлэхээр тохиров. Мөн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх ая таатай нөхцлийг бүрдүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Монголын тал Японы томоохон компаниуд Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг сонирхож байгаад баяр хүргээд холбогдох эрх зүйн зохицуулалтын хүрээнд Японы компаниудтай хэлэлцээ эхлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэлээ.
6. Монголын тал Монгол улсын 2021 он хүртэлх “Yндэсний хөгжлийн цогц хөтөлбөр” (цаашид “цогц хөтөлбөр” гэнэ) боловсруулж дуусч байгаагаа мэдээлээд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Япон улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хоёр орны эрдэмтэд, судлаачдын багийн хүчээр боловсруулах санал тавив. Японы тал Монгол улс хөгжлийн цогц хөтөлбөрөө чухалчилж байгааг бүрэн дүүрэн ойлгож, Монголын талын саналыг судалж үзэхээ мэдэгдэв.
7. Монголын тал Япон улсын Засгийн газрын “Хөгжлийн санаачлага” хөтөлбөрийн хүрээнд Монголын экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтад туслахыг хүслээ.
8. Талууд хоёр орны хувийн хэвшлийнхний эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах таатай нөхцлийн нэг гэж үзэж Монголын талаас санал болгож ирсэн Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр байгуулах асуудлаар энэ онд багтаан санал солилцож эхлэхээр тохиров.
9. Талууд XXI зууны сорилтууд, хүний аюулгүй байдалд заналхийлсэн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд НYБ-ын өөрчлөлт, шинэчлэлт шаардлагатай байгааг дахин нотлов. НYБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний 2008 оны сонгуульд Япон улс нэрээ дэвшүүлэхийг Монгол улс дэмжихээр шийдвэрлэсэн найрсаг, сайн санааны онцгой алхамд Японы тал талархаж байгаагаа дахин илэрхийллээ.
10. Японы тал олон улсын болон бүс нутгийн байгууллагуудад Монгол улс нэгдэн орохтой холбогдуулж мэдээлэл өгөх, санал солилцох, зөвлөлгөө өгөх зэргээр дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
11. Талууд Умард Солонгосын цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээний тав дахь удаагийн уулзалтын гуравдугаар хуралдааны үеэр Умард Солонгос тодорхой амлалт авч, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн тодорхой ажиллагаа эхэлсэн нь нэг ахиц гэж үзэж, авсан амлалтаа даруй биелүүлэхийн зэрэгцээ НYБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1718 тоот тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх бодитой, үр дүнтэй арга хэмжээ авахыг Умард Солонгост уриалав.