УИХ-ын хаврын чуулган нээгдлээ (2007.04.05)

A- A A+
УИХ-ын хаврын чуулган нээгдлээ (2007.04.05)

УИХ-ын хаврын чуулган нээгдлээ (2007.04.05)

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр өглөө 10 цагт нээгдээд 11:30 завсарлав. УИХ-ын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн гэж цэцийн  дүгнэлт гарсан учир хуулийн дагуу УИХ-ын нэгдсэн хуралдааныг тэрбээр даргалсангүй. УИХ-ын чууулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга  З.Лүндээжанцан даргалж, нээж үг хэлэв. Дараа нь МУ-ын ерөнхийлөгч Н.Энхбаяр үг хэлэв. Харин ерөнхий сайд М.Энхболд үг хэлсэнгүй.

 

УИХ-ын Хаврын чуулганы нээлт дээр МУ-ын Ерөнхийлөгч үг хэллээ
2007 оны УИХ-ын Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн бөгөөд МУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ,
Ноёд, хатагтай нар аа,
УИХ-ын энэ удаагийн ээлжит чуулган эхэлж байгаа агшинг цаг хугацааны хувьд авч үзвэл 2008 оны УИХ-ын сонгууль зарлагдах хүртэлх нэг жилийн хугацаа үлдсэнийг заан УИХ, Засгийн газар, тэдгээрийг бүрэлдүүлж буй улс төрийн намуудад хүлээлгэх хариуцлагын харанга дэлдэн дохиолж байгаа цаг үе юм. Хийж бүтээе хэмээн хүсвэл нэг жил багадахгүй бөгөөд улс орны өмнө тулгамдсан улс төр, нийгэм, эдийн засгийн хүнд, томоохон гэж тооцогддог ямар ч асуудлыг шийдвэрлэж, байгаа алдаа дутагдлыг засаж залруулахад хангалттай хүрэх хугацаа юм. Харин алгуурлаж цаг алдвал, эсхүл хэл амаа ололцолгүй үр дүнгүй хов жив хөөцөлдвөл нүд ирмэх зуур дуусах, сүүлд нь амаа барихад хүргэх богино хугацаа мөн.
Ер нь төр, засгийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулж цаг хугацааг тооцохдоо зөвхөн ажилласан сар, жилээр нь биш, харин гаргасан шийдвэр, бодлогын цар хүрээ, хэрэгжүүлж бүтээсэн ажлынх нь улс орны хөгжил дэвшилд үзүүлсэн буюу үзүүлж буй нөлөөллийн цаг хугацааны уртаар тоолдог билээ. Өөрөөр хэлвэл хэн хэдэн хоног, сар, жил сууж өнгөрөөсөн бэ гэдгийг сонирхох биш, харин хэн цаг хугацаатай уралдан ажиллаж, хэр их юм хийж бүтээсэн бэ гэдгээр нь ард түмэн эцсийн эцэст үнэлдэг жамтай.
Ингэхлээр одоогийн УИХ, Засгийн газар нь өнөө маргаашаа аргацааж, сайндаа л бүрэн эрхийнхээ үлдэж буй хугацааг харж, хэт ойрын зорилт, тактикийн асуудалд сатааралгүй, алсыг харсан голч, холч, цогц бодлого, стратегийн зорилтуудыг тодорхойлж, даацтай шийдвэрүүдийг гаргаж, үр өгөөжтэй хөтөлбөр, төслүүдийг үргэлжлүүлэх болон эхлэхэд анхаарч ажиллах нь нэн чухал байна. Тухайлбал, чухамхүү энэ УИХ Монгол Улсын хөгжлийг 2021 он хүртэл төлөвлөж тооцсон стратегийн бодлогын баримт бичгийг хэлэлцэн батлах, хэрэгжүүлж эхлэх зэрэг чухал чухал асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байна.
УИХ-ын гишүүд ээ,
Ноёд хатагтай нар аа,
УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлж байгаа цаг үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал нарийн, ээдрээтэй байна.
Улс төрийн хүрээнд ард иргэд болон төлөөллийн байгууллагуудын хооронд зай завсар үүссэн, улс төрийн намууд нам нам дамнасан бизнесийн бүлгүүдийн гарт орж, хоорондоо ялгарахаа больсон, улстөржсөн төрийн албаны хүнд суртал, шат шатанд байгаа авлига хээл хахуулийн асуудал хүндэрсэн, ингэснээр ардчиллын хэм хэмжээ алдагдаж, хариуцлагын тогтолцоо хэврэгшэж, төрийн институцүүдийн үйл ажиллагаа доголдож, гудамж талбайд ч, албан конторт ч хууль зөрчих, биелүүлэхгүй байх явдал газар авч, улмаар төр суларч байна хэмээн иргэд бухимдан шүүмжилж байна. Энэ байдлыг иргэд хурцаар шүүмжлэхээс гадна хөндлөнгөөс гадны судалгаа шинжилгээний байгууллагууд анхааруулж, сануулж байхад бид дүлий дүмбэ сууж боломгүй.
Олон улсын байгууллагууд “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын биелэлт, Авлигын байдал, Сайн засаглал, Хүний хөгжлийн индекс зэрэг олон шалгуураар тогтмол судалгаа хийж, жил жилд судалгааныхаа дүнг дэлхийн олон нийтэд танилцуулдаг бөгөөд эдгээр судалгаанаас үзэхэд сүүлийн үед манай улсын үзүүлэлт зогсонги, эсхүл зарим асуудлаар бүр буурах чиг хандлагатай болж байгаа нь яах аргагүй сэтгэл түгшээж байна.
Нийгмийн хүрээнд авч байгаа арга хэмжээ, зарцуулж буй хөрөнгө багагүй нэмэгдэж байна. Энэхүү зарцуулагдаж буй хөрөнгийн эх үүсвэр нь урьд өмнө авч хэрэгжүүлсэн нийгэм-эдийн засгийн шинэчлэлийн дорвитой арга хэмжээнүүд, цаг агаарын нэн тааламжтай байдал, гадаад зах зээл дээр ашигт малтмалын үнэ огцом өссөн, дэлхийн эдийн засаг сэргэж, манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа зэрэг хүчин зүйлтэй шууд холбоотойгоор хуримтлагдсан нь ойлгомжтой.
Гэхдээ нийгмийн хамгааллын чиглэлээр хийгдэж байгаа нааштай алхмууд нь төдийлөн үр дүнд хүрэхгүй, ядуурлын түвшин дорвитой буурахгүй, хөдөө, хотын ялгаа ихсэж, орлогын тэгш бус байдал нэмэгдэж байгаа нь иргэдтэй уулзаж, тэдний яриа, шүүмжлэл, санал бодлыг сонсоход тодорхой байна. Тухайлбал, “Мянганы хөгжлийн зорилтууд”-ад тусгагдсан амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээ, тураалтай хүүхдүүдийн тоо, сургууль завсардалтын тоо дорвитой буурахгүй байна, хот, хөдөөгийн хүн амын усны хангамж, ахуйн ариун цэврийн нөхцөл муу хэвээр байна, эдгээр шалгуураар хүмүүсийн аж байдлыг мэдэгдэхүйц сайжруулах асуудал Монгол Улсад товлосон хугацаандаа хэрэгжих магадлал сүүлийн үед багасах чиг хандлагатай болж байгааг “Мянганы Хөгжлийн Зорилтууд”-ын хэрэгжилтийг дүгнэдэг, олон улсын байгуулагын гаргадаг жил жилийн тайланд тэмдэглэж, та бидэнд анхааруулан сануулж байна.
ДОХ болон сүрьеэ, бусад халдварт өвчний тархалтыг зогсоох, бууруулах зорилт ч сэтгэл зовоосон хэвээр байна. Байгалийн тэнцэл алдагдаж, хот сууринд эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний эрх зөрчигдөж, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэсэн харанга дэлдэж байна. Гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо 2006 онд урьд онуудтай харьцуулвал өсөж, энэ шалтгаанаар эрүүл мэндээр хохирсон нь үүнээс хэд дахин олон байгаа нь төр, засгийн ажлын нүүр царай, иргэддээ хандаж буй хандлагын илэрхийлэл мөн хэмээн хүмүүс шүүмжилж байна.
Эдийн засгийн салбарт сүүлийн жилүүдэд өсөлт харьцангуй тогтворжиж, төсвийн тэнцэл сайжирч, макро түвшний зарим үзүүлэлт муугүй мэт харагдаж байгаа боловч түүгээр сэтгэлээ тайвшруулж, алдаа дутагдлаа хаацайлах учиргүй бөгөөд харин ч эдийн засаг, санхүүгийн үндсэн механизм болох банк, зээлийн систем эрүүлжээгүй, далд эдийн засаг, ажилгүйдэл, ядуурлыг мэдэгдэхүйц бууруулах ажил үр дүн муутай байгаа нь илт харагдаж байна.
Ялангуяа банк, зээлийн системийн өнөөгийн нөхцөл байдлаас болж иргэд эд материалын болон сэтгэл санааны үлэмж хохирол амсч, бухимдаж байна. Монгол Улсын гадаад нэр хүндэд ч сөрөг нөлөө үзүүлж байна. Үүний тод жишээ нь Хадгаламж зээлийн хоршоод болон зарим банк, санхүүгийн байгууллагатай холбоотой, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг луйвардсан, мөнгө угаасан байх магадлалтай гэх дуулиантай хэргүүд юм.
Ашигт малтмалын асуудлыг тойрсон ойлгомжгүй байдал таагүй нөхцлийг даамжруулж байна. Саяхан гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл хэрхэн хангасан байдлыг судалдаг “Фрейзерийн хүрээлэн”-гийн дүгнэлтээр дээрээсээ 30-р байрт явж байсан Монгол Улс илт ухарч 63-рт бичигдэх болсон нь гадаад түнш, хамтран ажиллагсадыг үргээхүйц, та бидний анхаарлыг татахуйц зүйл болсон байна.
Нөхцөл байдлаас харахад нийгэм-эдийн засгийн харилцааны хөгжилд манай нийгмийн улс төрийн харилцаа саад болж, улмаар зах зээлийн хөгжлийн жам ёс, иргэдийн эдийн засгийн үйл ажиллагааны чөлөөт хөгжлийг боомилох хандлага ажиглагдах боллоо хэмээн иргэд бухимдаж байна.
Монголын улс төрийн тогтолцоо, бүтэц үйл ажиллагааны хувьд хямрал, доголдолд орсон гэсэн зарим судлаач, нийтлэгчдийн шүүмжлэлт санаа бодол ч нэгийг хэлж байна. Нөхцөл байдлыг өөрчилж засах тал дээр төр, иргэний нийгмийн бүтээлч, ухаалаг хамтын ажиллагаа шаардагдаж байна.
Миний бие төрийн байгууллагын хүнд суртал, түүний тогтолцооны болон үйл ажиллагааны гэм согогийг урьд өмнөх УИХ-ын чуулганы хуралдаанууд дээр нэг бус анхааруулж, алдаа дутагдлыг засаж залруулахыг зөвлөж, хэлж байсан ч нөхцөл байдал хэвээр үргэлжилж, төдийлөн сайн өөрчлөгдөж сайжрахгүй байгаа нь нийт иргэд олны цухалдал бухимдлыг өдөөсөөр байгаа тул энэ асуудлыг Их Хурлын индрээс иргэд, сонгогчдын анхааралд дахин хүргэж, учир шалтгааныг нь ул үндэстэй, олон талаас нь ярилцах нь зүйтэй гэж үзлээ.
Манай төрийн байгууллын шат шатны байгууллагуудад Үндсэн хуулиар батлан тогтоосон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэхгүй буюу гажуудуулж байгаа дутагдал оршсоор байна, тэдгээрийн гаргаж буй шийдвэр нь өөртөө давуу байдлыг буй болгох гэсэн эрмэлзэлд хөтлөгдсөн, нийт ард түмний гэхээс илүү цөөн хэдэн хүний эрх ашигт нийцсэн байх шинжтэй байна хэмээн хүмүүс шүүмжилж байна.
Төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага болсон УИХ-д ч энэ дутагдал бас хамаатай гэж иргэд шүүмжилж байна. Тухайлбал, “Ашигт малтмалын тухай хууль”-д улсын зардлаар геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ордуудад төрийн мэдэлд 50 хүртэл хувь байхаар зохицуулсанд иргэд бухимдан дургүйцэж, Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон арван тэрбум төгрөгийн ажлыг ямар ч тендер, шудрага өрсөлдөөнгүйгээр зөвхөн цөөн тооны албан тушаалтны үзэмжээр сонголт хийж, компаниудад өгөхөөр зохицуулсныг иргэд ч, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид ч гайхан шүүмжилцгээж байна. Тэд энэ бүхний цаана авлига, хээл хахууль, шудрага бус явдал, улс төржилт байна хэмээн хардаж, дургүйцэж байна. Энэ байдал нь даамжирвал нийгмийн сэтгэл зүйд төр, засгийн бодлого, үйл ажиллагаанд эргэлзэх, үл тоомсорлох байдал үүсч, ардчиллын хөгжилд гүн гүнзгий саад тотгор учирч болзошгүй ээ.
Иргэдийн шүүмжлэлд эмзэглэлгүй хандаж, эм болохыг нь авч, төрийн эрх барих дээд эрх мэдлээ нийт иргэн, улс үндэстнийхээ эрх ашигт нийцүүлэн ажиллаж, бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд улс орны хөгжлийн алс хэтийн бодлоготой холбоотой томоохон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх талаар чармайн ажиллах нь УИХ-ын гишүүдийн нэн чухал зорилт болж байгааг хэлье.
Энэ бүх байдлаас үүдээд иргэд төрийн хэрэгт өөрсдөө оролцох шууд оролцооны хэлбэрийг илүүтэй хайх болсон нь иргэний холбоо, хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаанаас харагдаж байна. Энэ нь анхаарууштай зүйл мөн боловч юуны түрүүн аливаа асуудал Үндсэн хуулийн хүрээнд шийдэгддэг байх зарчимыг хатуу баримтлах, мөн төлөөллийн ардчиллын үүрэг, ач холбогдлыг үгүйсгэж болохгүйг хаана хаанаа бодууштай.
Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага Засгийн газар ба түүний бүтцийн байгууллагууд, орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа бүх шатны Засаг дарга, түүний Тамгын газруудын үйл ажиллагааны хүнд суртал, төрийн албыг улс төрийн намуудын нөлөө, харьяанд байлгаж буй дутагдал, албан тушаалтнуудын төсвийн хөрөнгийг ашиглан шамшигдуулах явдал, төрийн үйлчилгээний тэгш биш байдал зэрэг гажуудал, завхруулга нь иргэдийн дургүйцэл, бухимдлыг илт төрүүлж, төр, засгийн нэр хүндийг бас гутааж байна. Үүнийг үгүйсгэж, үнэнийг хэлсэн иргэдийн шүүмжлэлээс бултаж бухах гэж оролдох хэрэггүй бөгөөд энэ байдлаас гарах хамгийн зөв арга бол алдаа дутагдлаа засах явдал юм гэдгийг анхааруулая.
Ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх ёстой газар, түүний баялаг эзэнгүйдэн сүйдэж, эсхүл цөөн хэдэн хүний баяжих эх үүсвэр болж, дархан цаазат, тусгай хамгаалалттай болон эцэг өвгөдийн ариун дагшин, онгон тахилгат газар орон хууль бус үйл ажиллагаа, ашигч, амиа бодогч хүмүүсийн дайралтад өртөж, уул толгод үгүй болж, ус, гол ширгэж, хот орон хог, утааныхаа гамшигт өртөж, иргэдийн эрүүл мэнд, удмын санд аюул занал учирч, нийгмийн дэг журам алдарч, иргэд амь насаараа хохирч, татвар төлөгчдийн мөнгө буруу гараар орж, улсынхаа нэр хүндийг олон улсын өмнө гутааж, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэсэн үйлдэл гараад байхад хариуцах эзэн байна уу? гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Уг нь энэ бүхнийг хариуцсан бүхэл бүтэн яам, агентлаг ажиллаж, тэднийг толгойлсон албан тушаалтнууд, аймаг, орон нутгийн Засаг дарга нар төрөөс хангамжаа эдэлж, унаагаа унаж байна, бас асуудлаа хариуцаж, хяналт тавьж байх үүрэгтэй, төсвөөс цалингаа нэмүүлсэн төрийн албан хаагч, мэргэжилтнүүд ажиллаж л байгаа шүү дээ.
Төрийн албаны ажлын байр болгон эзэнтэй байгаа хэрнээ хариуцлага хүлээх болохоор эзэн олддоггүй, ард нь ажил, үйлчилгээ цалгардаж, иргэд ба улсын эрх ашиг хохирч, завсарт нь төсвийн хөрөнгө завшигч, гувшигчид хожиж байгааг засаглалын завхрал, төрийн сульдал гэж иргэд хэлээд байна. Үнэхээр засаглалын ажилд архагшсан нэг дутагдал бол хариуцлагын тогтолцоо бүрдээгүй явдал мөн. Аливаа юм “буух эзэнтэй, буцах хаягтай” байх ёстой гэж монголчууд ярдаг. Хэлж сануулсан ч цочроо авдаггүй, эсхүл цаг хугацаа нөхцөөх байдлаар асуудалд ханддаг муу зуршил үргэлжилсээр байна.
Тухайлбал, зарим Хадгаламж зээлийн хоршооны хууль бус ажиллагааны улмаас олон иргэд хохирсон хэргийн талаар миний бие УИХ-ын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ зориуд дурдаж, байр сууриа илэрхийлж, шийдвэрлэх тодорхой саналыг дэвшүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ганцхан төсвийн мөнгөөр биш, өөр олон арга замыг судалж, төрийн идэвхтэй оролцоотойгоор энэ ээдрээтэй асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн миний байр суурь хэвээр байгааг дахин илэрхийлж байна. Гэтэл энэ асуудлыг шийдэх арга замаа одоо хүртэл сайн олоогүй, алгуурлаж удсан хэвээр, хохирогчдын бухимдал улам нэмэгдэж, “хуруу хумсаа хугалан байж” цуглуулсан хэдэн бор төгрөгөө буцааж олж авахын тулд ядарж туйлдсан хүмүүс янз янзын аргаар тэмцэхийг оролдож, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулж байна. Энэ асуудлыг нэг мөр шийдэх цаг нь болжээ.
Энэ бүх алдаа дутагдлыг тоочин дурьдахдаа хэн нэг хүнийг шүүмжлэхийг зорилгоо болгосонгүй ээ. Ер нь ардчилсан оронд болж бүтэж байгаагаа ярихын хажуугаар болохгүй, бүтэхгүй байгаагаа илүү анхаарч, засч залруулах гэж зүтгэх ёстойг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж буй бизээ.
Тэгээд ч нэг хүнээс буруу хайхаас илүү алдаа завхрал гарахыг хааж чадахгүй байгаа хариуцлагагүй төрийн тогтолцоо, хэрэгжихгүй байгаа хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхийг хичээхгүй байгаа төрийн алба зэрэг учир дутагдалтай ажлын арга механизм, систем, тогтолцоог цогцоор нь сайжруулах асуудалд илүү анхаарч, хамтын хүчээр засаж залруулвал илүү сайн үр дүн гарна гэж үздэгээ хэлье.
Монголд төрийн байгууллын ойлгомжтой загвар хэрэгтэй эсэх, улс төрийн өнөөгийн тогтолцоо системийн хямралд орсон эсэх, улс төрийн харилцааны гажиг согог нь тогтолцоондоо юу, эсхүл хүмүүстээ юу, системийн шинжтэй алдаа юу, эсхүл үйл ажиллагааны доголдлоос үүдсэн цаг зуурынх үзэгдэл үү зэрэг олон асуудал нь төрийн онол, улс төр ба нийгэм судлал, эрх зүйн судалгааны арга зүй, нийгмийн практикийн гүн гүнзгий задлан шинжилгээ шаардсан асуудал бөгөөд улс төрчид, улс төрийн намуудаас гадна энэ талаар мэргэжилтэн судлаачид, эрдэмтэд шинжлэх ухаанч буурь суурьтай үгээ хэлж, үнэлэлт дүгнэлтээ гаргах цаг болжээ. Үүнийг нь ч улс төрчид, улс төрийн намууд нухацтай авч үзэж, төрийн тогтолцоог ойлгомжтой, харилцан уялдаатай, хяналттай, хариуцлагатай болгохын тулд идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байна.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Ноёд, хатагтай нар аа,
Дээр яригдсан шүүмжлэлийг хэлээд өнгөрөх биш, тэдгээрийг засч залруулах, улмаар улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахын тулд хамтын хүчээр зүтгэж, энэ удаагийн чуулганаар нэн даруй хэлэлцэж шийдвэрлэвэл зохих олон чухал асуудлууд байгааг та бүхний анхааралд толилуулж байна.
Нэг. Ард түмний оюун бодлыг шингээсэн, улс төрийн нам, хүчнүүдийн зөвшилцөлд үндэслэсэн, хот хөдөө, аймаг, сумдын сонирхлыг зөв хосолсон, үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулах ажлыг миний бие санаачлан Засгийн газарт чиглэл өгч, улмаар Ерөнхий сайдаар толгойлуулсан ажлын хэсэг ажиллаж, эрдэмтэд судлаачдын дунд уралдаан зарлаж, төсөл шалгаруулах замаар “Мянганы хөгжлийн зорилтууд”-ад суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын төслийг боловсруулж дууслаа.
Одоо уг төслийг нийт иргэд, хувийн хэвшлийнхэн болон Монголыг дэмжигч, бидэнтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагуудад танилцуулж, тэдний саналыг авах ажил хийгдэж байна. Тэдний оновчтой санал, зөвлөлгөөг судлан уг төсөлд тусгаж УИХ-д зохих хууль тогтоомжийн дагуу удахгүй өргөн барих болно. Иймд УИХ энэхүү бодлогын баримт бичгийг цаг алдалгүй, тал талаас нь нухацтай хэлэлцэн баталж, тодорхой шийдвэр гаргахыг хүсэж байна.
2021 он хүртэлх хугацааны манай улсын нийгмийн хөгжил, байгаль орчны хамгаалал, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын түвшин, төрийн удирдлагын тогтвортой тогтолцоог цогцоор нь авч үзэж, эцсийн дүндээ хамгийн энгийнээр тайлбарлахад Монгол Улсаа 2021 он гэхэд нэг хүнд 12,0-15,0 мянган ам.доллар ноогддог ДНБ-тэй улс орон болгож хөгжүүлэхийг зорьсон энэхүү баримт бичгийн агуулга, дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүн, үе шат, шийдвэрлэх арга замын тухай асуудлаар би жичдээ УИХ-д мэдээлэл хийж, ард түмэндээ хандан илгээлт гаргах болно.
Хоёр. Иргэдийн санал бодол, иргэний нийгмийн байгууллагуудын сануулга, шүүмжлэл, улс орны эрх ашиг, хөгжлийн бодлогын хэрэгцээ шаардлагыг нэгтгэн зангидаж, ашигт малтмалын орд газруудыг эзэмших, ашиглах асуудлыг цэгцлэх, байгалийн баялгийг ард иргэддээ бүгдэд нь тэгш хүртээх талаар Ерөнхийлөгч би байр сууриа нэг бус удаа тодорхой илэрхийлсэн билээ.
Энэ талаар олон түвшинд яриа хэлэлцүүлэг өрнөж, Засгийн газар, нийгмийн зүгээс дэмжиж, зарим асуудал, тухайлбал стратегийн орд газруудын талаар УИХ эхнийхээ шийдвэрийг гаргасан билээ.
Дахин хэлэхэд юуны түрүүн улсын зардлаар геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 5О хувиас дээш тогтоох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн банк, санхүүгийн механизмыг ашиглаж, ихээхэн хэмжээний хөрөнгө хуримтлуулж “Монголын хөгжлийн сан”-гаар дамжуулан орон сууц барих, дэд бүтэц хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн системийг чанаржуулан хөгжүүлэх, шинэ технологи эзэмших, томоохон үйлдвэрүүдийг барьж байгуулах, нэг үгээр хэлвэл улс орноо эрчимтэй хөгжлийн замд оруулах, татвар, роялтийн хэлбэрээр цугларах хөрөнгийг “Эрдэнэсийн сан”-д төвлөрүүлж иргэддээ “Эх орны хишиг” хүртээх зохион байгуулалтын шаардлагатай зохицуулалтыг хойшлуулшгүй шийдвэрлэх хэрэгтэй байна. Зөвхөн үүгээр хязгаарлахгүй улс орон маань хөгжил дэвшлийн шинэ гараанд гарч байгаатай холбоотойгоор энэхүү их үйлсийн эрх ашиг шаардсан эрх зүйн таатай орчинг нэмж бүрдүүлэхэд чиглэсэн асуудлуудыг цаг алдахгүй шийдвэрлэх нь хууль тогтоох үйл ажиллагаанд чухал байр суурь эзлэх учиртайг анхааруулая.
Гурав. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдаад 6 жил, хууль нь гараад 4 жил болж буй бөгөөд эрх зүйн орчин нь бүрдэж, стратеги төлөвлөгөөнүүд нь батлагдсан боловч амьдрал дээр иргэдэд ач тусаа өгөхүйц ахиц дэвшил бага байна. Энэ үзэл баримтлалын гол агуулга нь төрийн үйлчилгээг хүнд ойртуулах, хөгжлийг хөдөөд хүргэх, төвлөрлийг сааруулж, тэнцвэртэй хөгжлийг хангах явдал билээ.
Холбоо харилцаа, эрчим хүч, “Мянганы зам”-ын чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэхийн зэрэгцээ бүсийн хөгжлийн тулгуур төвүүдэд хүний хөгжил, ая тухтай амьдралын нөхцлийг хангахад чиглэгдсэн бодит бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх шаардлагатай байна. Орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын болон спортын цогцолборууд, эмчилгээ оношилгооны төв, лабораториуд, үйлдвэрлэл технологийн паркуудыг барьж байгуулах, шинэчлэн тоноглох зэргээр хүндээ хандсан, хүмүүсийнхээ үйлдвэрлэл бизнесийн чиглэлийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн бодитой арга хэмжээнүүдийг Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж, Их Хурал дэмжиж ажиллах шаардлагатай байна.
Улмаар Бүсчилсэн хөгжлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлснээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт оновчтой өөрчлөлт оруулах асуудлаа ч шийдэх хэрэгтэй байна.
Дөрөв. Байгаль хамгаалал, орчны тэнцвэрт байдал бол төрийн байнгын анхааралд байх ёстой асуудлын нэг мөн. Бид танхимд байгаль хамгаалахын чухалыг яриад, хууль журам батлаад, хөтөлбөр төсөл цаасан дээр хийгээд сууж байхад гадаа байгаль сүйдэж, эвдэрч байдаг гаж тогтолцоог өөрчилж, ам ажлын зөрүүг арилгаж, ядаж багасгах талаар үйл ажиллагаандаа эргэлт гаргах цаг болжээ. Энд би дахиад л энэ асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв болон орон нутгийн засаг захиргаа, түүний албан тушаалтнуудтай хариуцлага тооцож ажиллая гэж хэлмээр байна. Уул нуруу, гол горхи, ургамал, бут сөөг, түүхийн дурсгалт зүйл бүхэн аль нэг албан байгууллага, засаг захиргааны нэгжид хамааралтай байгаа нь ойлгомжтой шүү дээ. Гэтэл тэр бүхэн хүмүүсийн хууль бус ажиллагаанд өртөж, сүйдэж, устаж байхад тэнд хууль хяналт байна уу? Хариуцах эзэн байна уу? гэж өөрийн эрхгүй асуух шаардлага гарч байна. Уг нь төсвийн зарцуулалтаас харахад хариуцлага хүлээх эзэнтэй байгаа нь харагддаг.
Сүүлийн үед газар шороо, эх нутгаа гэсэн иргэд олны хөдөлгөөн, санаачилга гарч, орон нутагтаа хяналт тавихыг эрмэлзэж байгаа нь дэмжүүштэй. Иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр байгалийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хийх зүйл их байна.
Энэ чуулганаар хэлэлцэх ойн болон ургамал хамгааллын тухай хуулиуд, Сэлэнгэ мөрөн, Онон, Булган голын урсацын тохируулга хийх саналын тухай асуудлыг авч үзэхдээ Монгол Улсад томоохон усан сангуудыг байгуулах, усны менежментийг сайжруулах, ногоон хэрэм байгуулах, мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх гэх мэт урьд өмнөх бодлого, зорилт, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй холбож цогцоор нь хандахыг УИХ-аас хүсч байна.
Тав. Хүн амын төвлөрөл, суурьшилтай холбоотойгоор үүссэн нийслэлийн гэсэн тодотголтой нийгмийн тулгамдсан асуудлуудад онцгой анхаарвал зохино. Удахгүй саядах иргэн нь мэндлэх гэж байгаа Улаанбаатар хотын хог хаягдал, агаар орчны бохирдол, усан хангамж, газрын маргаан, аюулгүй орчин, нийгмийн дэг журам, эрүүгийн нөхцөл байдал гэсэн улиг болон яригддаг асуудлуудыг төр, засаг цогцоор нь авч үзэж, зохистой шийдвэр гаргах шаардлагатай болжээ.
Нэн түрүүнд иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулаад буй утааны асуудлыг нэг мөр шийдэхэд нийслэл ч, УИХ ч, Засгийн газар ч нэгдэж ажиллах хэрэгтэй байна. Урин дулаан болохоор тайвширч, мартагнаад дараа өвөл дахиад л утааны аюулын тухай ярьж, халаглаж суумгүй байна. Гэхдээ энэ бол нэг л тодорхой асуудал. Үүний цаана олон асуудал бий. Энэ бүхнийг нийслэлийн захиргаа, иргэдийн хурал хотын иргэдтэйгээ илэн далангүй ярилцаад, УИХ, Засгийн газартайгаа хамжаад дэс дараатай, шуурхай шийдэж болно гэж бодож байна.
Нийслэлийн эрх зүйн байдал, хот байгуулалтын тухай болон барилгын хуулиудыг хэлэлцэх явцдаа УИХ нийслэлийн тулгамдсан асуудал, тэдгээрийн шийдвэрлэлт, хэрэгжилтийн талаар мэдээлэл, тайлан сонсох, иргэдийн саналыг авах зэрэг иргэдийн оролцоог хангасан бүтээлч байдлаар хандвал зохилтой.
Зургаа. Иргэдийн нийгмийн халамж, хамгаалалд зориулсан бодлого, арга хэмжээг удаа дараа авч хэрэгжүүлж, хүүхэд, гэр бүлд мөнгө хуваарилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшид, ахмад настанд олгох тэтгэмж, тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэхэд УИХ, Засгийн газраас багагүй анхаарч ирсэн.
Одоо бид иргэдийнхээ хөдөлмөрийн үнэлгээг нэмэгдүүлэх замаар нийгмийн асуудлаа шийдэх, тухайлбал, юуны түрүүн иргэдээ ажилтай болгох, улмаар орон сууцанд орох, эрүүл мэндээ хамгаалах, боловсролоо дээшлүүлэх, бусад бүхий л хэрэгцээгээ хангах баталгаатай цалинтай болгох, тийм хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, нийгэм-эдийн засгийн цогц бодлогыг авч хэрэгжүүлэх бодитой шаардлага буй болсон байна.
Хүний хөгжлийн анхдагч нөхцөл болсон эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, олон улсын түвшинд хүргэснээр хүн амаа эрүүлжүүлэх, эх нялхсын эндэгдлийг бууруулах, наслалтыг нэмэгдүүлэхэд ихээхэн үр өгөөжтэй байх нь мэдээж. Эдүгээ манай улсын эрүүл мэндийн байгууллагад ашиглагдаж байгаа эмчилгээ, оношлогооны багаж, тоног төхөөрөмж орчин цагийн шаардлагыг хангахад учир дутагдалтай байна. Тийм ч учраас манай иргэд гадаадад эмчлүүлэхээр явахдаа жилд дунджаар 40,0-50,0 сая ам.долларыг зардаг гэсэн тооцоо байдаг. Иймд энэхүү хүнд байдлаас иргэдээ гаргахын тулд олон улсын жишигт нийцсэн эмчилгээ-оношилгооны цогцолбор байгуулах явдал тулгамдсан зорилт болжээ. Үүнийг цаг алдалгүй шийдэцгээе гэж та бүхэнд хандан уриалж байна. Ингэхийн тулд хөрөнгийн эх үүсвэрийг оновчтой шийдэх хэрэгтэй. Нэг хувилбар нь гадаад орноос үзүүлж буй буцалтгүй тусламж юм. Хүн ардын маань эрүүл мэндэд нэн ач тустай эмчилгээ-оношилгооны цогцолборт тэр хөрөнгийг зарцуулах нь “нүдээ олсон” хэрэг болно гэдгийг төрийн бодлогын үүднээс авч үзвэл зохино.
Долоо. Улс оронд тулгамдсан ямар ч асуудлыг шийдэхдээ, улс үндэстний нийтлэг эрх ашигтай холбоотой аливаа шийдвэр гаргахдаа иргэдийн санал бодлыг тооцож, харгалздаг, тэдний оролцоог аль болохоор хангадаг, ил тод мэдээлдэг байх төрийн үйл ажиллагааны ардчилсан ёсны зарчмыг төрийн бүх шатны байгууллага ягштал мөрддөг байвал зохино. Энэ бүх шаардлагыг харгалзан миний бие өнгөрсөн оны 10-р сарын 20-ны өдөр буюу 1945 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан ард түмний санал асуулгыг явуулсан өдрийг төр, засгийн бүх шатны байгууллагын хувьд иргэдээ хүлээн авч, тулгамдсан асуудлыг тэдний санал, оролцоотойгоор шийдвэрлэх “нээлттэй хаалганы өдөр” болгох санал дэвшүүлсэн билээ. Энэ саналын дагуу олон ажил хийгдэж, цөөнгүй асуудал шийдэгдсэнд баяртай байна. Гэхдээ төр, засгийн байгууллага иргэддээ байнга “нээлттэй байх” зарчимыг барьж ажиллахыг хэвшил болгох шаардлагатай юм. Харамсалтай нь иргэдтэйгээ байнга уулзаж, санал бодлыг нь сонсч, тэдний хяналтанд ажилладаг зарчим ихээхэн хэмжээгээр алдагдсанаас төр иргэн хоёр холдож, хоорондын харилцаанд нь итгэлцэл буурч, хардах, гомдохоос эхлээд харилцан мөчөөрхөлцөл, үл ойлголцол үүсч, асуудал бэрхшээлийг улам хүндрүүлдгийг аль аль нь ухаарч ойлгох цаг болжээ.
Төрд иргэний хяналт хэрэгтэй. Иргэд ч үүнийгээ мэдэрч, эрх ашгаа хамгаалах холбоо, хөдөлгөөн байгуулан ажиллаж байна. Энэ бол ардчилал иргэншиж, иргэний нийгэм зохих ёсоороо бүрэлдэх, улмаар иргэний хяналтад байдаг шударга төр төлөвших үйл явц мөн.
Гэхдээ нөгөө талаас манай иргэд илүү суралцах, боловсрох шаардлагатай байна. Өөрөөр хэлвэл “Иргэний боловсрол”-ын асуудалд төр, засгаас ихээхэн анхаарал тавих нь эргээд иргэний нийгэм төлөвших, нийгмийн харилцаа эрүүлжиж, хариуцлагатай болох, “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг зарчим амьдралд бодитойгоор хэрэгжих нөхцлийг бүрдүүлнэ. Боловсролтой иргэд л амьдралаа авч явж чадна, эрх, эрх чөлөөгөө зөв эдэлнэ, төрийг удирдахад ухаалгаар оролцоно, амьдралд сонголтоо зөв хийж чадна.
Өнөөдөр олон иргэд бусдын хууль бус үйл ажиллагааны золиос болж, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч байгаа нь иргэний боловсрол дутсаных гэж хуульчид, судлаачид тайлбарлаж байна. Цаашид тохиолдож болзошгүй ийм эрсдлээс, цайлган сэтгэл, гэнэн итгэл, сэтгэл хөөрлийн алдаанаас хүнийг өөрийг нь боловсрол мэдлэг нь хамгаалах болно.
Иймд УИХ, Засгийн газар “Иргэний боловсрол”-ыг дэмжих чиглэлд анхаарал тавьж ажиллах, тодорхой хөтөлбөр баталж, хэрэгжүүлэхийг санал болгож байна.
Найм. Сүүлийн үед ихээхэн яригдаж, олны анхаарал татаж, иргэдээс шийдвэрлэхийг хүсэн хүлээж буй асуудлууд болох Бүртгэл-мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, Төрийн албыг улс төрийн намын харьяалалгүй болгож, үйл ажиллагааг нь чанаржуулах асуудлуудыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэхийг уриалж байна. УИХ баталж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд УИХ-ын гишүүд хүчээ нэгтгэн ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх нь өнөөдөр нийгэмд нүүрлээд байгаа улс төр, нийгэм, эдийн засгийн хямралт байдлыг ужигруулахгүй гэтлэн давахад тус дөхөм болох нь дамжиггүй .
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Ноёд, хатагтай нар аа,
Улс орны хөгжил, ардчилсан төрийн тогтолцоо, нийгэм-эдийн засгийн тулгамдсан зарим асуудлаар Төрийн тэргүүн би санал бодол, байр сууриа илэрхийллээ.
Ингэхдээ би иргэдийн санал бодлыг шингээж, илэрхийлэхийн зэрэгцээ УИХ-д суудалтай улс төрийн намуудын удирдлагуудын зөвлөлдөх уулзалтаар яригдаж, судалж, хэрэгжүүлэхээр тохирсон асуудлуудыг бас хөндөж тавилаа.
Эдийн засгийн нөөц баялгийг зөв удирдах, эх орны хишгийг иргэддээ шударга, тэгш хүртээж, хүн ардаа баяр баясгалан, амьдрал тэнүүн байлгах, эрүүл улс төрийн тогтолцоог бүрдүүлэх талаар УИХ чухал шийдвэрүүдийг гаргаж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.