УИХ-ын даргын талаар Цэц дахин хоёр маргааныг хамтад нь хянан шийдвэрлэхээр болжээ (2007.04.24)
Иргэн Б.Лхагважав "УИХ-ын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн татварын багц хуулиудын эцсийн найруулгыг УИХ-д танилцуулснаас хойш ажлын гурав хоногийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчлох дэгийн тогтоолыг хэрэгжүүлэх явцдаа түүний агуулга, бодлого, зарчмыг алдагдуулсан засвар оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн Цэцэд гомдол гаргажээ. Тэрбээр УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг зөрчиж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хууль, түүнчлэн УИХ-аас 2006 оны зургадугаар сарын 29-ний өдөр батлагдсан хууль хүчингүй болсонд тооцох тухай хуульд тус тус засвар хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн" гэж үзсэн тухайгаа Үндсэн хуулийн Цэцэд тайлбарлажээ.
Иргэн Б.Лхагважавын гомдлоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг Цэцийн гишүүн хянаад УИХ-ын дарга Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн эсэх, мөн энэхүү үндэслэлээр УИХ-ын даргыг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээр шийдвэрлэсэн байна. Энэ асуудлаар иргэн Б.Лхагважав “ЗМ” сонинд /¹98/ тайлбарлахдаа, асуудлын гол учир нь УИХ-ын даргыг огцруулах тухай асуудлыг иргэний өргөдөл, мэдээллээр шийдвэрлэх иргэдийн алдагдсан эрхийг сэргээхэд байгаа юм гэж мэдэгджээ.
Энэ асуудлыг Цэц их суудлын хуралдаанаар авч хэлэлцэхээр болжээ. Түүнчлэн иргэн Б.Лхагважавын гомдолтой хамт Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон УИХ-ын дарга Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас огцруулах үндэслэл байгаа эсэхийг тогтоолгох тухай иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нарын гомдлыг мөн хамтад нь хянан шийдвэрлэхээр тогтсон байна. Иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нар дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдөлдөө “УИХ-ын дарга Ц.Нямдорж "Ашигт малтмалын тухай" болон "Авлигын эсрэг" хуулийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулдсаны дараа тэдгээрт их хэмжээний засварыг өөрөө хийсэн буюу бусдаар хийлгэн, ингэх эрхийг УИХ-аас шилжүүлж авч болдог мэтээр хууль зөрчсөн мэдэгдэл хийсээр ирсэн, энэхүү засвараа УИХ-д буцаан танилцуулж УИХ-аас зөвшөөрөл авсны дараа ёсчлох Дэгийн шаардлагыг үл хайхран шууд ёсчлон албан ёсоор нийтлүүлсэн зэрэг нь Үндсэн хуулиар болон УИХ-ын бусад шийдвэрээр түүнд олгосон эрх хэмжээг санаатайгаар урвуулан ашигласан үйл ажиллагаа байсан юм” гээд өргөдлийг бичигч нар болон бусад нэр бүхий иргэдийн мэдээлэл, гомдлын дагуу Цэц их суудлын хуралдаанаараа / 2007.03.02 ¹03/ дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр УИХ-ын дарга Д.Нямдоржийг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон.
Энэ дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн даргынхаа үйл ажиллагааг залруулах бололцоог УИХ-д олгосон байна. Хуулийн дагуу УИХ дараахь шийдвэрүүдийн аль нэгийг гаргах ёстой байлаа: 1) Нямдорж даргыг огцруулах эсэх асуудлыг шууд хэлэлцэх, 2) Нямдорж даргыг огцруулах үндэслэл байгаа эсэхийг тогтоолгохоор Цэцэд хүсэлт гаргах, 3) Нямдорж даргаас ам өчгийг нь авах замаар цаашид үндсэн хууль зөрчсөн ийм үйл ажиллагааг давтахгүй байх баталгааг бий болгох. Гэтэл УИХ энэ чиглэлд ганц ч алхам хийсэнгүй. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа энэ тохиолдолд "Үндсэн хууль зөрчсөн нь нэгэнт тогтоогдсон УИХ-ын дарга Ц.Нямдоржийн үйл ажиллагаа нь түүнийг УИХ-ын даргаас огцруулах үндэслэл байгаа эсэхийг тогтоолгохоор Цэцэд өргөдөл мэдээлэл гаргах эрх Үндсэн хуулиар иргэнд олгогдсон гэж өргөдөл гаргагчид үзэн гомдол гаргасан байна.
Ийнхүү дээрх гурван иргэний өргөдөл мэдээллээр Үндсэн хуулийн Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээр УИХ-ын дарга Ц.Нямдоржийн асуудлыг нэг мөр болгох нь тодорхой болсон болотой. Хамгийн гол нь дээрх асуудлыг үүсгэснээр иргэд алдагдсан эрхээ олж авахад оршино хэмээн Цэцэд хандсан иргэд үзэж байгаа ажээ.