Газрын хуулийг шинэчлэхийг зөвлөлөө (2007.05.22)

A- A A+
Газрын хуулийг шинэчлэхийг зөвлөлөө (2007.05.22)

Газрын хуулийг шинэчлэхийг зөвлөлөө (2007.05.22)

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдснаас хойш улсын хэмжээгээр гэр бүлийн голдуу зориулалтаар 154 мянга гаруй иргэн газраа өмчилж авсан нь нийт 17 сая 269 мянган га талбай болж байна.  2007 оны тавдугаар сарын 1-ний байдлаар аймгуудад 9191, нийслэлд 62860, улсын хэмжээнд 154771 хүн газраа өмчилж авчээ. 2006 оны эцсээр бүртгэгдсэн манай улсын 632000 өрхийн 25 хувь нь газраа өмчлөн авч, үл хөдлөх хөрөнгөтэй болсон аж. Ийм баримтууд өчигдөр Төрийн ордонд болсон “Газрын шинэчлэл, тулгамдсан зорилт" онол практикийн бага хурлын үеэр дурдагджээ.  Энэхүү хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран зохион байгуулсан байна.

Өмчилж авсан газрыг одоогийн мөрдөгдөж буй эрхзүйн баримт бичиг, үнэлгээгээр тооцож үзэхэд 500 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө ард иргэдийн өмчлөлд шилжсэн гэсэн тооцоо гарчээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш газар өмчлөл ихэвчлэн төв суурин газарт давамгайлж, харин бэлчээр, газар тариалан, ой, усны сав газар зэргийг өмчлөх явц тааруу байгаа аж. Бэлчээрийн нийт талбайн 60-70 хувь нь талхлагдсан, ойн эзлэх талбай  нийт нутаг дэвсгэрийн 6.7 хувьд хүртлээ буурч буй энэ үед тэдгээрийг өмчлүүлэх замаар хамгаалж, бас эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй хэмээн хуралд оролцогчид үзжээ. Газар тариалангийн талбайн өмчлөл асар бага байгаа нь аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших хууль эрх зүйн орчин байхгүйтэй холбоотой байна.

Бэлчээр, газар тариалан, төв суурин газрын өмчлөл, үүнийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах, газар өмчлүүлэх хэлбэрийг шинэчлэх талаар санал солилцож, “Зөвхөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлнэ” гэсэн хуулийн заалтаас үүдэн  багагүй асуудал үүсч буй учраас холбогдох хуульд энэ талаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яригджээ. Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралтын хэлснээс үзвэл  Монгол Улсын иргэн бүрт газар олгох, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэрэгжүүлэхийн тулд иргэн бүрт үнэт цаасаар баталгаажсан эрхийн бичгээр газар өмчлөх, мөн баталгаажсан газар нь өөрөө үнэт цаасны хэлбэрээр эргэлтэд орох боломж олгох саналыг Засгийн газар судалж байгаа ажээ.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр уг бага хуралд оролцож, газрын шинэчлэлтийн талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр УИХ 2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг батлах үед улс орны аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бутэн байдалд аюул учирч болзошгүй тухай зарим хүн ярьж байсан.  Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн хугацаанд дээрх болгоомжлол үндэсгүй зүйл байсан нь батлагдлаа хэмээн мэдэгдээд газрыг иргэн бүрт өмчлүүлэх санаачилга гаргажээ.

Хурлаас УИХ, Засгийн газарт хандан  зөвлөмж гаргажээ. Тухайлбал, Газрын төлбөрийн тухай хуулийг шинэчлэн найруулах, тариалангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэнд тариалангийн газрыг зээлээр, хэсэгчлэн өмчлүүлэх боломжийг судалж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Газрын асуудал нь улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой учир уг байгууллагын харьяаллыг зөв тогтоож, тогтвортой ажиллуулахыг ч зөвлөмжид мөн тусгажээ.