Б.Дангаасүрэн: Өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь шалгах эрх бидэнд байхгүй (Ардын эрх 2007.08.08)

A- A A+
Б.Дангаасүрэн: Өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь шалгах эрх бидэнд байхгүй  (Ардын эрх 2007.08.08)

Б.Дангаасүрэн: Өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь шалгах эрх бидэнд байхгүй  (Ардын эрх 2007.08.08)

Ардын эрх 152/684/

Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэнтэй ярилцлаа.

-Хэвлэлээр гарсан УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг харахад ихэнх нь цалингаасаа өөр орлогын эх үүсвэргүй гэсэн атлаа жилийн орлогоо маш өндөр бичсэн байна лээ. Энэ нь тэднийг авлига авдаг гэж хардахад хүргээд байх шиг?
-Өндөр албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг эрс зөрүүтэй байж магадгүй. Тэд өөрийн бүх орлого, хөрөнгөө бөөгнүүлээд бичсэн байж мэдэх юм. Жишээ нь цэнхэр, улаан тасалбараасаа олсон орлогоо энд дэлгэрэнгүй дурдаагүй байж болно. Өгсөн мэдүүлгийг нь шалгах эрх бидэнд байхгүй.

-Тэгвэл танайх худлаа, үнэн нь хамаагүй, хөрөнгө орлогын мэдүүлгийг нь цуглуулаад л олон нийтэд мэдээлэх үүрэгтэй юм уу?
-Арай үгүй л дээ. Хууль эрх зүйн хүрээнд энэ асуудлыг шалгах эрх нь бидэнд одоохондоо алга. Эрх нь олгогдохоор шалгана. Хэрэв асуудал гарвал тэр хөрөнгөө хаанаас, ямар аргаар олсон бэ гэдгийг ч шалгана. Хэвлэл мэдээллээр олон яригдсан авлигатай холбоотой мэдээлэл байвал манай мөрдөн байцаагч нар санаачлага гаргаад шалгаж ч болно. Жишээ нь, хэн нэгэн УИХ-ын гишүүн 2006 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ 200 сая төгрөгийн орлоготой байсан, харин 2007 онд 500 сая төгрөгийн орлоготой боллоо гэхэд түүнийгээ шударгаар олсноо нотлох ёстой. Нотолж чадахгүй бол хариуцлага хүлээнэ.

Энэ нь хууль бус орлого гэсэн үг л дээ. Гэхдээ хууль бусаар баяжих гэсэн зүйл, заалт манай хуульд байхгүй. Олон улсын жишгээр бол хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал гаргавал эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Харин манайд захиргааны хуулиар шийдвэрлэж байна.

-Мэдүүлэг өгөх ёстой 252 төрийн өндөр албан тушаалтнаас 251 нь хөрөнгө, орлогоо тайлагнасан байсан. Төрийн албаны зөвлөлийн гишүүн л Чадраабал мэдүүлгээ өгөөгүй. Удахгүй тэтгэвэртээ гарах гэж байгаа болохоор хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх шаардлагагүй гэж мань эр тайлбарласан. Хуулиар бол энэ үйлдлийнх нь төлөө түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой. Хэзээ түүнийг чөлөөлөх вэ?
-Бид УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд энэ асуудлыг хаврын чуулган дуусахаас өмнө хэлэлцүүлэхгүй бол түүнийг огцруул гэсэн шаардлага тавьсан. УИХ энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Манайхан юм л бол сайд нарыг, төрийн түшээдийг огцруул гэж асуудал босгодог. Харин энэ мэтийн арай бага албан тушаалтныг болохоор төдийлөн тоодоггүй. Уг нь тухайн төвшин төвшиндөө шуурхай шийдээд бай¬вал төрийн албан хаагчдын хариуцлага сайжирна.

-Энэ нь хууль бусаар олсон мөнгөө мэдэгдүүлэхгүйн тулд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй шалтгаанаар албан тушаалаасаа салсан болоод цэвэрхэн үлдэх боломжтой юм байна гэсэн ойлголтыг төрүүлээд байх шиг. Энэ тохиолдолд ажлаас нь халаад өнгөрөх биш шалгаж болдоггүй юм уу?
-Тухайн хүн хөрөнгө, орлогоо нуусан гэсэн үндэслэлээр бид шалгаж болохгүй л дээ. Эрүүгийн
хуульд энэ тухай ч байхгүй. Өнөөдөр Монголд авлига байхгүй гэвэл худлаа. Харин ч газар авсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Нэг эмчид үзүүлэх боллоо гэхэд ёс юм шиг мөнгө өгдөг. Холбогдох хуульд төрийн албан хаагч шан харамж авахгүй гэж байгаа.

Хуулиар бол шан харамж нь авлига биш болохоор энэ хэргийг манайх биш Эрүүгийн цагдаагийн газрынхан мөрддөг. Үнэн хэрэг дээрээ болохоор энэ нь нэг хэлбэрийн авлига л шүү дээ. Үүнийг цэгцэлж, шийдэх л хэрэггэй. УИХ энэ хаврын чуулган эхэлснээс хойш 2-3 хууль л гаргасан. Гэтэл энэ мэт адармаатай хуулийг цэгцэлж нэг мөсөн шийдэх хэрэггэй байна. Бидэнд эрх өгчихвөл бид хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь дүн шинжилгээ хийгээд авлига авсан эсэхийг нь шалгах боломжтой болно. Харамсалтай нь, хэзээ тиим болохыг хэлж мэдэхгүй байна.

-Хөрөнгө, орлогын мэдүүлгийн хүснэг их бүдүүн бараг болсон. Яг хаанаас, яаж тиим хөрөнгөтэй болсон зэргийг тусгаагүй гэж шүүмжилж байгаа. Энэ хүснэгтийг хаанаас баталсан юм бэ?
-УИХ-аас баталсан. Түүний дагуу хөрөнгө орлогын мэдүүлгийг нь ав гэсэн. Бид түүнийх нь дагуу л авсан.

-Хөрөнгө, орлогынх нь мэдүүлгийг нь шалгахгүй юм бол авах шаардлага байна уу?
-Тухайн албан тушаалтан, түүний гэр бүлийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүрдүүлж байхад тайлагнасан орлогоос нь бодит орлого нь дутлаа гэхэд нь шалгах эрх бүхий хуультай болох хэрэггэй байна. Өнөөдөр тэднийг ямар хөрөнгөтэй хүн бэ гэдгийг шалгах хууль эрх зүйн үндэслэл бидэнд байхгүй.

-Хэрэв хууль нь батлагдчихвал авлигачдыг илрүүлнэ гэсэн үг үү?
-Бид хөрөнгө, орлогынх нь мэдүүлгийг авахдаа 43 мянган төрийн албан хаагчийг бүгдийг нь шалгаж чадахгүй шүү дээ. Мэдээлэл ирсэн тохиолдолд шалгана. Гэхдээ хэн нэгэн хүний хоорондын хэрүүл зэргийг бол шалгахгүй. Хамгийн сүүлд гэхэд л У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч хоёр хэвлэл мэдээллээр багагүй маргалдсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас У.Хүрэлсүхийг уучлалт гуйхыг шаардсан. Энэ хэргийг хуулийн ямар нэгэн байгууллага шалгах нь тодорхой. Цагдаагийнхан шалгалаа гэхэд авлигатай холбоотой хэрэг гараад ирлээ гэхэд бид шалгана.

-Танай газар өмнө нь хэвлэл мэдээллээр гарсан авлигатай холбоотой хэргүүдийг нөхөн шалгах уу?
-Тухайн хэргийг шүүх, эсвэл прокурорын байгууллага шалгаад хэрэгсэхгүй болгосон, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байвал бид шалгахгүй, хүлээж авахгүй. Бусад тохиолдолд өмнө гарсан ч шийдэгдээгүй авлигатай холбоотой хэргийг бид шалгана гэсэн үг.

-Мэдээж өмнө нь гарч байсан хэргүүд ихэнхдээ өндөр албан тушаалтантай холбоотой. Тэгэхээр тэдний эсрэг мэдээлэл өгөх нь иргэдэд ямар нэг хэмжээгээр аюултай. Тэднийг хэрхэн нууцлах вэ?
-Мэдээлэл өгсөн хүнийг гадны жишгийн дагуу нууцална. Мөрдөн байцаагч нарт ч аюултай байж болох учраас тухайн хэрэг дээр хэрхэн ажиллах зэргийг ч тооцно.

Л.Нарантөгс