Зарим алтны компани байгаль орчны нөхөн сэргээлт хэрхэн хийж буйг шалгажээ (2007.08.30)
УИХ-ын Байгаль орчны байнгын хорооны ажлын хэсэг Архангай, Өвөрхангай аймагт ажиллаж буй зарим алтны компани байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж байгаа эсэхийг шалгасан байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон УИХ-ын гишүүн С.Ламбаа “АЭ” сонинд /¹163/ ярилцлага өгчээ.
Түүний ярьснаас үзвэл энэ шалгалт нь УИХ-ын ажлын хэсгээс гадна Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадорж, Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, Мэргэжлийн хяналтын алба, Усны хэрэг эрхлэх газар зэрэг байгаль орчинтой холбоотой бүх байгууллагын хамтарсан шалгалт байжээ. Гэтэл шалгалтын үеэр Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар утсаа салгаад алга болсон аж. Тэрбээр сайд болохоосоо өмнө Өвөрхангайд алт олборлодог "Эрэл" компанийн захирал байсан бөгөөд И.Эрдэнэбаатар сайд шалгалтаар очихоос зугтсан нь орон нутгийн иргэдээс айсантай холбоотой байх гэж С.Ламбаа хэлсэн байна.
Алтны компаниуд байгаль орчны нөхөн сэргээлтийг хуулийн хүрээнд хийхгүй байна гэж С.Ламбаа ярьжээ. Олон гол тасарч хайрга, сайр болсон нь алтны компаниуд усыг ихээр боосонтой холбоотой. Хуулиар усны голдрилыг өөрчлөх нь хориотой. Гэтэл алтны компаниуд бүх жижиг голын голдрилыг өөрчилсөн байна. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлож байгаа "Алтан Дорнод Монгол" компанийн хувьд маш өргөн уудам газар нутгийг эзэмшдэг юм байна. Ус нь боогдсон учраас нутгийн иргэд алтны компаниудад худаг гаргаж өгөхийг шаарддаг ч гаргаж өгдөггүй. Байдал бол их хүнд байна гэж тэрбээр мэдэгджээ.
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байх Өлтийн ам гэж "Эрэл" компанийн сүйтгэсэн, аймшгийн газар байна. Тэнд 30 орчим мянган "нинжа" бужигнаж байна. Айлыг нь тоолох гээд бараагүй. Нүд алдмаар их олон гэр барьжээ. Лав л 500-600 орчим айлыг тоолоод л цаашаа тоогоо алдсан. Заамрын бүх "нинжа" тэнд очсон байна. Өвөл хүртэл ухдаг гэж байна. Өглөө болохоор яндангийн утаа гарч байгаа юм шиг энд тэндгүй мянга мянган утаа олгойдож байдаг гэж сумын иргэд ярьжээ. Энэ замбараагүй байдлын хариуцлагыг "Эрэл" компанитай тооцохоос өөр арга байхгүй гэж УИХ-ын гишүүн С.Ламбаа үзэж байна. "Эрэл" компани тэр ордыг 10-аад жил ашиглаж байгаад нөхөн сэргээлтийг нь хийлгүй шороог нь овоолоод хаясан. Алтны үйлдвэрээ хаасан хэрнээ лицензээ хүчингүй болголгүйгээр бүх шороон ордоо 40 гаруй компанид худалдахыг нь худалдаж, түрээслэхийг нь түрээсэлжээ. Шороон ордыг авсан компаниуд болон "нинжа" нарын хооронд бөөн дажин, зодоон, нүдээн өрнөдөг байна. Түүний ярьснаас үзвэл "Эрэл" компани газар дээрээ алтны шороон ордын ченж хийж байна. Газрын ченж хийж байна гэж хэлж болно. Түрээслүүлсэн газрынхаа олборлосон алтны ашгийн 15 хувийг "Эрэл" компани авдаг аж. Нутгийн иргэд Эрэлээс гаралтай хоёр том сайдын чинь хийсэн ажил гээд "Тэдгээр сайд нартаа хариуцлага тооц" гэж шаардсан ажээ.
Шалгалтаар явсан ажлын хэсгийнхэн асуудлыг Байгаль орчны байнгын хороонд танилцуулж дүгнэлт гаргасны дараа сайд нарыг огцруулах асуудлыг ярина хэмээн С.Ламбаа хэлжээ.
Түүнчлэн ус ашиглалтын төлбөрийн хувьд маш хангалтгүй байгаа аж. Өнгөрсөн жил усны төлбөрт 18 сая төгрөг өгч байсан компаниуд энэ жил гурван сая төгрөг л төлсөн байх жишээтэй. Мэргэжлийн улсуудаас нь байцаахаар "Технологи нь их сайхан болсон" гэх юм ярьсан. Уг нь тэр технологидоо биш хамгийн гол нь тэр усыг үнэхээр ашиглаж л байгаа бол тоолуур тавих ёстой. Орон нутгийн байгаль орчны байцаагч, Засаг дарга нар үнэхээр хариуцлагагүй байна. Тэдэнд бүх эрх нь хуулиар олгогдсон атал хэрэгжүүлээгүй байна. Арга хэмжээ авах эрх нь байгаа ч авдаггүй байна. Тэр байтугай уурхай нээгдсэнээс хойш нэг ч үзэгдээгүй сумын Засаг дарга хүртэл байгаа аж. Энэ бүхэн авилгаас үүдэлтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж УИХ-ын гишүүн С.Ламбаа мэдэгдсэн байна.