Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал (2007 оны 1-8 дугаар сар)

A- A A+
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал (2007 оны 1-8 дугаар сар)

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал (2007 оны 1-8 дугаар сар)

Үндэсний Статистикийн газар 2007 оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдлын талаарх мэдээллийг гаргасан байна.

Улсын нэгдсэн төсөв
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2007 оны эхний 8 сарын байдлаар 1 051.9 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 840.6 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 211.3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ . Төсвийн урсгал орлого 1 048.1 тэрбум төгрөг, урсгал зардал 713.6 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 334.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Татварын нийт орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.3 хувь, гадаад худалдааны татварын орлого 31.6 хувь, онцгой албан татварынх 29.9 хувиар тус тус нэмэгдэв.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнд урсгал зардал 84.9 хувь, хөрөнгийн зардал 10.6 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 4.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс урсгал зардлын хувийн жин 0.9 пунктээр буурч, хөрөнгийн зардлын эзлэх хувийн жин 0.2 пункт, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хувийн жин 0.7 пунктээр тус тус өсчээ.

Мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл
Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2007 оны 8 дугаар сарын эцэст 2 195.4 тэрбум төгрөгт хүрсэн нь энэ оны 7 дугаар сарынхаас 4.8 хувь буюу 100.8 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.8 хувь буюу 679.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө энэ оны 8 дугаар сарын эцэст 351.6 тэрбум төгрөгт хүрсэн нь энэ оны 7 дугаар сарынхтай харьцуулахад 8.2 хувь буюу 26.5 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.0 хувь буюу 98.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Түүнчлэн иргэд, байгууллагын төгрөгийн хугацаат хадгаламж нь энэ оны өмнөх сарынхаас 2.3 хувь буюу 22.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 82.2 хувь буюу 460.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 1019.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гадаад валютын хадгаламж энэ оны өмнөх сарынхаас 9.9 хувь буюу 32.0 тэрбум төгрөгөөр өсч, 355.3 тэрбум төгрөгт хүрсэн бол харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.4 хувь буюу 41.1 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2007 оны 8 дугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 63.8 хувь өсч 1808.1 тэрбум төгрөгт хүрснээс хэвийн зээлийн өрийн үлдэгдэл дотор хувийн секторынх 82.6 хувь, иргэдийнх 58.5 хувь, бусад секторынх 33.6 хувь, бусад санхүүгийн байгууллагынх 8.6 хувь тус тус өсч, улсын секторынх 23.5 хувиар буурсан байна. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 50.5 хувиар өсч, чанаргүй зээл 4.9 хувиар буурсан байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 64.1 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.5 хувийг эзэлж байна.

Төгрөгийн ам. доллартай харьцах нэрлэсэн ханш 2007 оны 8 дугаар сарын эцэст 1187.3 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7 хувь сулрав. Төгрөгийн евротой харьцах нэрлэсэн ханш 1621.9 төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 8.2 хувь, төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн ханш 157.3 төгрөг болж өмнөх жилийн мөн үеийнхээс 7.2 хувь тус тус суларсан байна Монголын Хөрөнгийн Биржид үнэт цаасны арилжаа 2007 оны 8 дугаар сард нийт 23 удаа явагдаж, 13.8 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 12.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэв. Арилжигдсан үнэт цаасны тоо өнгөрсөн сартай харьцуулбал 5.5 дахин, гүйлгээний хэмжээ нь 11.5 дахин тус тус өссөн бол өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад арилжигдсан үнэт цаасны тоо 27.3 хувиар буурч, гүйлгээний хэмжээ нь 6.9 дахин өссөн байна. ТОР-20 дундаж индекс 2007 оны 8 дугаар сард 10490.2 болж, өнгөрсөн сарынхаас 3856.4 пунктээр өссөн байна.Хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаний нийт зах зээлийн үнэлгээ 2007 оны 8 дугаар сард 740.4 тэрбум төгрөгт хүрэв.

Хэрэглээний үнийн индекс
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тариф 2007 оны 8 дугаар сард өмнөх сартай харьцуулахад 3.3 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.3 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 10.6 хувь, суурь үеэс (2005 оны 12 сар) 17.2 хувь тус тус өссөн байна. Хувцас, бөс бараа, гутал, бусад бараа, үйлчилгээ, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ, тээвэр, хүнсний бараа, орон сууц, ус, цахилгаан, түлш, согтууруулах ундаа, тамхи, эм, тариа эмнэлгийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээний бүлгийн дүн 2007 оны 8 дугаар сард өмнөх сартай харьцуулахад 0.3-20.2 хувь өссөн нь ерөнхий индекс 3.3 хувь өсөхөд нөлөөлсөн байна. Харин амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний бүлгийн дүн 0.2 хувь буурсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тариф 2007 оны 8 дугаар сард өмнөх сартай харьцуулахад Сэлэнгэ аймагт 1.2 хувь буурч, бусад аймгуудад 0.1-6.2 хувь өссөн байна.

Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2007 оны эхний 8 сарын байдлаар 2402.5 сая ам.доллар, үүнээс экспорт 1143.3 сая, импорт 1259.2 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 115.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.5 хувь, экспорт 27.0 хувь, импорт 33.9 хувь тус тус өсчээ. Эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 199.7 сая ам.доллараар, үнэт ба хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт 61.3 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний экспорт 1.4 сая ам.доллараар тус тус өсч, харин нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн 16.5 сая ам.доллараар буурчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бохир ноолуурын экспорт 2.9 сая ам.доллараар, самнасан ноолуурын экспорт 21.2 сая ам.доллараар тус тус өсчээ.

Сүүлийн жилүүдэд нийт экспортын дүнд эрдэс бүтээгдэхүүний эзлэх хувийн жин нэлээд өсч байна. үүнд, зэсийн баяжмалаас гадна цайрын баяжмалын экспорт өссөн нь голлон нөлөөлжээ. Нийт экспортын үнийн дүнгийн 64.9 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт, 15.6 хувийг үнэт метал гоёлын зүйлс, 13.5 хувийг нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн, 2.0 хувийг түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс эдгээрээр хийсэн эдлэл, 0.7 хувийг мал амьтад тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд эдгээрийн дүн нь нийт экспортын үнийн дүнгийн 96.7 хувийг эзэлж байна. Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувь буюу 2.6 мянган тонноор буурч, харин үнийн дүн нь 28.7 хувь буюу 112.8 сая ам.доллараар өсчээ. 2006 оны эхний 8 сард нэг тонн зэсийн баяжмалын үнэ дунджаар 981.6 ам.доллар байсан бол 2007 оны эхний 8 сард 1271.4 ам.доллар болж 29.5 хувь өсөв.

Импортын хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн импорт зонхилох хандлага хадгалагдсаар байна. 2007 оны эхний 8 сарын байдлаар нийт импортын үнийн дүнгийн 28.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 19.9 хувийг машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, 9.6 хувийг авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги, 6.7 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна. Импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний импорт 79.6 сая ам.доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 76.6 сая ам.доллараар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 34.6 сая ам.доллараар, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 26.2 сая. ам доллараар, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 6.2 сая ам.доллараар тус тус өсч, харин нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүний импорт 15.3 сая ам доллараар буурсан байна.

Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2007 оны эхний 8 сарын байдлаар 2000 оны зэрэгцүүлэх үнээр 569.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.6 хувь буюу 68.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын 3.9 хувийн өсөлтийн 1.8 нэгжийг нүүрс олборлолтын салбар, 1.6 нэгжийг газрын тос, шатдаг хий олборлолтын салбар, 0.5 нэгжийг металлын хүдэр олборлолтын салбар болон бусад ашигт малтмал олборлолтын салбар тус тус хангасан байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын 33.7 хувийн өсөлтийн 20.2 нэгжийг төмрийн үйлдвэрлэлийн салбар, 9.3 нэгжийг хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэлийн салбар, 4.2 нэгжийг боловсруулах аж үйлдвэрийн бусад салбарууд хангасан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад металлын хүдэр олборлолт, цахилгаан, дулаан, уур үйлдвэрлэл, ус ариутгал, усан хангамж, нэхмэлийн үйлдвэрлэл, нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх ажиллагаа, цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нүүрс олборлолт, кокс, шингэн болон цацраг идэвхт түлш үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл, резин болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл, төмрийн үйлдвэрлэл, цахилгаан машин хэрэгсэл үйлдвэрлэл, газрын тос, шатдаг хий олборлолт, тамхи үйлдвэрлэл, арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл зэрэг салбаруудын үйлдвэрлэл 0.7 хувиас 5.4 дахин өсч, харин бусад ашигт малтмал олборлолт, мебель тавилга үйлдвэрлэл, боловсруулах салбарын бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мод, модон эдлэл үйлдвэрлэл, бичиг хэргийн болон тооцоолох техник үйлдвэрлэл, хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжүүр, хараа зүйн хэрэгсэл, цаг үйлдвэрлэл зэрэг салбаруудын үйлдвэрлэлт 1.4-33.3 хувиар буурсан байна.

Аж үйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 57.1 хувийнх нь үйлдвэрлэл өсч, 42.9 хувийнх нь үйлдвэрлэл буурсан байна. Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс цахилгаан, нүүрс, газрын тос, зэсийн баяжмал металл агуулгаараа, молибдений баяжмал металл агуулгаараа, цайрын баяжмал, катодын зэс, малын мах, нарийн боов, талх, гурил, спирт, пиво, амтат ус, ундаа, хивс, самнасан ноолуур, металл бэлдэц, металл цувимал, төмөр бетон эдлэл, бетон зуурмаг, цемент, шохой, улаан тоосго зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр өсч; харин дулааны эрчим хүч, алт, төмрийн хүдэр, хайлуур жоншны баяжмал, архи, жигнэмэг, чихэр зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 2007 оны эхний 8 сарын байдлаар (оны үнээр) 1646.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.

Тээвэр
Төмөр замаар 2007 оны эхний 8 сард 9.1 сая.тн ачаа, давхардсан тоогоор 3.1 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тээсэн ачаа 7.2 хувь буюу 706.6 мян.тн-оор буурч, зорчигч тээвэрлэлт 6.8 хувь буюу 195.9 мян.хүнээр өссөн байна. Агаарын тээврээр 2007 оны эхний 8 сард 1143.7 тн ачаа, давхардсан тоогоор 272.2 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тээсэн ачаа 15.8 хувь буюу 215.1 тонноор буурч, зорчигч тээвэрлэлт 7.1 хувь буюу 18.1 мян.хүнээр өссөн байна. Агаарын тээврээр олон улсад тээвэрлэсэн зорчигчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.8 хувь буюу 19.2 мян.хүнээр өсч, харин дотоодын зорчигч тээвэрлэлт 1.2 хувь буюу 1.1 мян.хүнээр буурсан байна. Төмөр зам болон агаарын тээврийн салбарын нийт орлого 2007 оны эхний 8 сард 177.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.1 хувь буюу 15.6 тэрбум төгрөгөөр буурчээ.

Ажилгүйчүүд
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХүХ)-т бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2007 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар 32.3 мянга болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.4 хувь буюу 1.1 мянган хүнээр буурсан байна. Улсын хэмжээгээр 18.1 мянган эмэгтэй ажилгүй гэж бүртгүүлсэн нь нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 55.9 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдээс 2007 оны эхний 8 сарын байдлаар 33.7 мянган хүн ажилд орсны 10.8 хувь нь улсын үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 89.2 хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажилд оржээ. 2007 оны эхний 8 сарын байдлаар шинээр 60,575 ажлын байр бий болсон байна. Шинээр бий болсон ажлын байрыг эдийн засгийн салбарын ангиллаар авч үзвэл барилгын салбарт 25.2, бөөний ба жижиглэнгийн худалдааны салбарт 12.7, боловсруулах аж үйлдвэрийн салбарт 12.0, хөдөө аж ахуй, ан агнуур ойн аж ахуйн салбарт 11.2, уул уурхай олборлох үйлдвэрийн салбарт 6.5 хувь гарсан бөгөөд бусад салбарууд үлдэх хувийг эзэлж байна. Шинээр бий болсон ажлын байрны 65.0 хувь нь байнгын, 35.0 хувь нь улирлын чанартай ажлууд байна.

Эрүүл мэнд
Амьд төрсөн хүүхдийн тоо 2007 оны эхний 8 сарын байдлаар 35.0 мянга болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.4 хувь буюу 3.3 мян.хүүхдээр нэмэгдсэн байна. Энэ оны эхний 8 сард эхийн эндэгдэл 30 болж, 42.9 хувь буюу 9 эхээр нэмэгдсэн байна Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 641 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.6 хувь буюу 4 хүүхдээр буурсан бол, 1-5 хүртэлх насандаа нас барсан хүүхдийн тоо 157 болж, 8.3 хувь буюу 12 хүүхдээр нэмэгдсэн байна. Улсын дунджаар амьд төрсөн 1000 хүүхэд тутмаас 1 хүртэлх насандаа 18 хүүхэд эндсэний дотор Говь-Алтай, Увс, өвөрхангай, Хөвсгөл, Булган, өмнөговь,Ховд, Дорноговь, Завхан, Баянхонгор, Сүхбаатар аймгуудад улсын дунджаас дээгүүр байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 27.4 мянга болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.3 хувь буюу 3.6 мянгаар нэмэгдэв. өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 5.1 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 19.6 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 36.7 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 47.6 хувиар тус тус өсч, харин трихомониазаар өвчлөгчдийн тоо 15.5 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 7.1 хувь, вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 6.9 хувиар тус тус буурчээ. 2007 оны эхний 8 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 8 тохиолдол гарч улсын хэмжээнд 33 тохиолдол бүртгэгдээд байна. 2007 оны эхний 8 сарын байдлаар 9.8 мян.хүн нас барсны 25.1 хувь нь эмнэлэгт нас баржээ. Эмнэлэгт нийт 417.9 мянган хүн эмчлэгдсэн байна.

Гэмт хэрэг
Цагдаагийн ерөнхий газрын мэдээгээр 2007 оны эхний 8 сард 13.9 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.0 хувь буюу 2.4 мянган хэргээр өсчээ. Гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хөвсгөл, Төв, Булган аймгуудад 0.8-5.7 хувь буурч, харин бусад аймаг, нийслэлд 1.8-76.1 хувь өссөн байна. Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.3 хувь; албан тушаалын гэмт хэрэг 10.3 хувь; хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 19.0 хувь (үүнээс: хүнийг санаатай алах хэрэг 2.6 хувь; иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 39.2 хувь; бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг 42.9 хувь); өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 25.3 хувь (үүнээс: завших, үрэгдүүлэх гэмт хэрэг 5.0 хувь; хулгай 19.3 хувь; залилан 25.5 хувь; дээрэм 58.8 хувь; булаалт 1.9 дахин); хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 27.1 хувь; захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 58.0 хувь; үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 71.1 хувь; хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 1.8 дахин; шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг 1.9 дахин; иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмтхэрэг 2.0 дахин, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 2.1 дахин; хүний эрх, эрх чөлөө, алдар, нэр төрийн эсрэг гэмт хэрэг 2.3 дахин тус тус өсчээ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 3.4 хувь; цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 9.1 хувь; аж ахуйн нэгжийн эсрэг гэмт хэрэг 9.3 хувь; бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэг 22.6 хувь тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 22.5 тэрбум төгрөгийн хохирол учирсны 46.6 хувь нь буюу 10.5 тэрбум төгрөг нь иргэдийн өмчийн хохирол байна. Нийт хохирлын 11.1 хувийг нөхөн төлүүлжээ