Эдийн засгийн эрх чөлөөгөөр Гонконг, Сингапур хоёр тэргүүлж Зимбабве, Мянмар улсууд сүүл барилаа

A- A A+
Эдийн засгийн эрх чөлөөгөөр Гонконг, Сингапур хоёр тэргүүлж Зимбабве, Мянмар улсууд сүүл барилаа

Эдийн засгийн эрх чөлөөгөөр Гонконг, Сингапур хоёр тэргүүлж Зимбабве, Мянмар улсууд сүүл барилаа

2007 оны 9 дүгээр сарын 25

УЛААНБААТАР ХОТ, МОНГОЛ УЛС

Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний 2007 оны тайланд дурдсанаар эдийн засгийн эрх чөлөөний олон улсын зэрэглэлийг Гонконг дахин тэргүүлж, түүнийг Сингапур улс тун ойрхон нэхэж яваа бол гуравдугаар байрыг Шинэ Зеланд улс эзэллээ гэж Нээлттэй нийгэм форум хараат бус судалгааны байгууллагаас өнөөдөр мэдээллээ. Монгол Улс өмнөх жилийн тайланд 74 дүгээр байранд байсан бол энэ жил 44 дүгээр байранд оржээ. Судалгаанд хамрагдсан 141 орноос эдийн засгийн эрх чөлөөгөөр хамгийн бага зэрэглэлтэй нь Зимбабве, Мянмар улсууд байна.

Энэхүү тайланд 42 төрлийн хэмжүүр ашигладаг бөгөөд дэлхийн улс орнуудыг эдийн засгийн эрх чөлөөг дэмжих бодлогуудаар нь зэрэгцүүлсэн индекс гаргадаг байна. Тулгуур үзүүлэлтээр нь хувийн сонголт, сайн дурын солилцоо, өрсөлдөх эрх чөлөө, хувийн өмчийн аюулгүй байдлын түвшинг авч үздэг юм.

Эдийн засгийн эрх чөлөөний өндөр түвшин бүхий улсуудад амьдарч байгаа хүмүүс илүү баян чинээлэг, хувийн эрх чөлөө ихтэй, урт насалдаг болохыг уг судалгаа харуулж байна. “Энэ индекст хамгийн бага оноо авсан улсуудын нэрийг гүйлгэн харахад л өмчийн эрхийг хамгаалаагүй, шүүхийн хараат бус байдал байхгүйгээс хувь хүний эрх чөлөө бага байх төдийгүй хөгжин цэцэглэх боломж ч бага байгаа нь харагдана”.  

Уг тайлангийн бүрэн эхийг интернетийн www.freetheworld.com болон www.forum.mn хаягаар авч болно.  
Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөний гол бүрэлдэхүүн хэсгүүдэд дараахь оноог авчээ (1-10 хүртэл оноо өгөх ба энэ оноо өндөр байх тусам эдийн засгийн эрх чөлөөний түвшин өндөр байна.):

  • Төр засгийн хэмжээ: түрүү жилийн тайланд  6,5 (47) байснаа энэ жил 6,3 (60);
  • Хууль эрх зүйн бүтэц ба өмчийн эрхийн аюулгүй байдал: 2.2 (123) –оос  5.8 (66);
  • Эрүүл мөнгө хүртэх боломж: 8.8 (56) - аас  8.7 (61);
  • Олон улсын худалдаанд оролцох эрх чөлөө: 7.1 (53) -ээс  7.2 (39);
  • Зээл, хөдөлмөр, бизнесийн зохицуулалт: 6.3 (49) -аас 7.4 (26) болж тус тус өөрчлөгджээ

Олон улсын зэрэглэлүүд
Энэ жилийн үндсэн индекст Гонконг эдийн засгийн эрх чөлөөгөөр хамгийн өндөр зэрэглэлтэй буюу 10 онооноос 8,9 оноо авсан байна. Хамгийн өндөр оноо авсан бусад орон нь: Сингапур (8.8), Шинэ Зеланд (8.5), Швейцарь (8.3), Канад (8.1), Их Британи (8.1), АНУ (8.1), Эстони (8.0), Австрали (7.9), Ирланд (7.9) улсууд байна.

Томоохон эдийн засагтай бусад орны зэрэглэл ба оноог харуулбал: Герман 18 (7.6); Япон 22 (7.5); Мексик 44 (7.1); Франц 52 (7.0); Итали 52 (7.0); Энэтхэг 69 (6.6); Хятад 86 (6.3); Бразил 101 (6.0); ОХУ 112 (5.8) байна.

Сүүл хэсэгт байрласан дийлэнх орнууд Африк тивийнх буюу тухайлбал, хамгийн сүүлчийн байр эзэлсэн 10 орноос Венесуэл, Мянмар хоёроос бусад нь бүгд Африк тивийнх байна. Тэдгээр нь: Зимбабве (2.9), Mянмар (3.8), БН Ардчилсан Конго Улс (4.0), Aнгол (4.2), БН Конго Улс (4.3), Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (4.6), Венесуэл (4.9), Бурунди (5.0), Чад (5.1), Того (5.1), Нигер (5.1) улсууд байна. Ботсвани улс 7.2 оноотойгоор 38 дугаар байрыг хуваан эзэлсэн нь Сахар орчмын Африкийн улсууд дотроо тэргүүлж байна.

1980 оноос хойш таван улс оноогоо 3-аас дээш оноогоор нэмэгдүүлсний дотор Унгар (3.0), Перу (3.0), Уганда (3.2), Гана (3.6), Израиль (3.7) улсууд орж байна. Оноогоо нэгээс дээш оноогоор бууруулсан гуравхан улс байгаа нь  Зимбабве (-1.7), Венесуэл (-1.7), Мянмар гурав юм. Оноо нь буурсан бусад орнуудын тоонд Непал (-0.7), Бахрейн (-0.3), Гонконг (-0.2), Малайз (-0.2), БН Конго Улс (-0.2), Гайти (-0.1) оржээ.

 “Эрх зүйт төр, өмчийн эрх сул байгаа нь Сахар орчмын Африк, Ойрхи Дорнодын олон газар, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан хэд хэдэн оронд тод илэрсэн ч эдгээр улсын заримд нь байдал харьцангуй сайжирсан байна” гэж уг тайлангийн ерөнхий зохиогч, Флоридагийн Улсын Их сургуулийн Эдийн засгийн ухааны профессор Жеймс Гвартний хэлжээ.

 “Түүнчлэн Латин Америк, Зүүн Өмнөд Азийн олон улс эрх зүйт төр, өмчийн эрхийн үзүүлэлтэд тааруухан оноо авсан. Хэдийгээр энэ ангилалд тааруу оноо авсан улсуудын зарим нь боломжийн хэмжээний засгийн газартай, эрүүл мөнгөтэй боловч ерөнхийдөө худалдаа, зохицуулалтын хувьд тааруухан байна.”

Энэ жил уг индекст 11 улс шинээр нэмэгдсэний дотор Ангол (4.2, 138-рт), Босни Герцоговен (6.1, 97-рт), Буркина Фасо (5.5, 122-рт), Этиоп (6.0, 101-рт), Казахстан (7.3, 32-рт), БН Кыргыз Улс (6.8, 60-рт), Лесото (6.8, 60-рт), Мавритани (6.5, 76-рт), Молдав (6.5, 76-рт), Монтенегро (6.8, 60-рт), Серб (5.6, 119-рт) улс орсон байна.   

Эдийн засгийн эрх чөлөөний дэлхий нийтийг хамрах байдал
Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний 2007 оны тайланд эдийн засгийн эрх чөлөө улс орнуудыг хэрхэн хамарч тэлж байгаа талаар Баруун Виржиниагийн Их сургуулийн Эдийн засгийн ухааны профессор Рассел Собел, Жорж Мэсоны Их сургуулийн Капитализм судлалын профессор Петр Лийсон  нарын хийсэн шинэ судалгаа оржээ. Түүхээс харахад цөөн тооны голлох улсуудад хийгдсэн эдийн засгийн шинэчлэл тухайн бүс нутгийн бусад орны эдийн засгийг бодитойгоор дээшлүүлдэг гэсэн үзэл санаанд тулгуурласан бөгөөд энэ нь “доминогийн нөлөө” хэмээн нэрдэгддэг гэж тэмдэглэсэн байна. Нэг улсын эдийн засгийн эрх чөлөөнд гарсан өөрчлөлт хөрш орнууддаа бага зэрэг л нөлөө үзүүлдэг бол, эдийн засгийн эрх чөлөөний өөрчлөлт хөрш олон орнуудад нэгэн зэрэг гарах нь хамаагүй илүү нөлөөтэй гэж зохиогчид дүгнэсэн байна. Гадаад улсуудтай хийх худалдааг либеральчилснаар эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй улсууд ийм эрх чөлөө багатай орнуудад бага ч болов эерэг нөлөө үзүүлж чаддаг байна. Хэд хэдэн улсад худалдааны либеральчлалыг нэг зэрэг хийх боломж олгодог чөлөөт худалдааны гэрээнүүд дэлхий дээрх эдийн засгийн хувьд дарамттай бүс нутгуудад эдийн засгийн эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлж болохыг энэхүү судалгаа харуулж байна гэж Собел, Лийсон нар мэдэгджээ.

Эдийн засгийн эрх чөлөөний индексийн тухай
Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний индекс нь улс орнуудын бодлого, институциүд эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж байгаа түвшинг хэмждэг.

Энэ жилийн тайланд хамгийн сүүлийн үеийн тоо баримт болох 2005 оны тоон мэдээг ашигласан бөгөөд үүнд тулгуурлан дэлхийн 141 улсын зэрэглэлийг тогтоожээ. Мөн өмнөх тайлангуудын засвар өөрчлөлт орсон тоон үзүүлэлтүүдийг энэхүү тайланд шинэчилсэн байна.
 
Энэхүү жилийн тайланг дэлхийн 70 гаруй улсын хараат бус сургалт, судалгааны институциүдийг нэгтгэсэн бүлэг болох Эдийн Засгийн Эрх Чөлөөний Сүлжээ /Economic Freedom Network/-тэй хамтран гаргажээ.

Эдийн Засгийн Эрх Чөлөөний Сүлжээ байгууллага, холбогдох тоо баримт болон дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний өмнөх тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.freetheworld.com вэбсайтад зочилно уу.
 
ХАРИЛЦАХ ХАЯГ: Б. Мөнхсоёл
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж 5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-210648
Монгол Улс
утас: +976-11-313207
факс: +976-11-324857
www.forum.mn