Монголбанкны талаарх шуугианд екс ерөнхийлөгч нь тайлбар өгөв (2007.10.18)
Монголбанкны нөөцийн сангаас ихээхэн мөнгө дутсан тухай шуугиан сүүлийн хоёр өдрийн турш ид өрнөж байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо уг асуудлыг хоёр өдөр дараалан хэлэлцсэн бөгөөд өчигдрийн хуралдаанд Монгол Банкны шинэ болон хуучин удирдлага оролцож тайлбар өгсөн байна.
Монголбанкинд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд дурдснаар бол /“Зууны шуудан” сонины 10 дугаар сарын 18-ны 028 дугаарт уг дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэлжээ/ тус банк “Малайзын Stoneleigh international (SIL) компанитай байгуулсан гэрээ нь inrevocable, transferable байх нөхцөлтэйгээрээ өндөр эрсдэл агуулсан гэжээ. Хэдийгээр SIL компаниас албан ёсоор Монголбанк төлбөрийн ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэж бичгээр мэдэгдсэн хэдий ч тэдгээр аккредитивүүд өөр нэг гуравдагч, дөрөвдөгч этгээдэд шилжсэн тохиолдолд төлбөрийн үүрэг хүлээхгүй байж чадна гэж үзэх ямар ч баталгаа байхгүй. Монголбанк анхнаасаа энэхүү гэрээг байгуулахад анхааралгүй хайнга хандаж Төв банкны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн нь Монголбанкнаас ирүүлсэн материалаас тодорхой байна” гэж ажлын хэсэг дүгнэжээ. “Одоогоор гаргачихаад байгаа 56.3 сая ам.доллартай тэнцэх аккредитивээр хөрөнгө төвлөрүүлж, тэр нь Монголд орж ирсэн эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн дээрх гэрээнд Монголын арилжааны банкуудын өмнөөс үүрэг хүлээсэн байна. Гэтэл SIL-тэй мөн гэрээ байгуулсан хоёр арилжааны банкны гүйцэтгэх захирлууд нь уг гэрээний талаар мэдэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. ...Энэ байдлаас үзэхэд Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатын Малайзын SIL компанитай 2006 оны гуравдугаар сарын 9-ний өдөр байгуулсан гэрээг Монголбанкинд аливаа хохирол гаргахгүйгээр гэрээнд оролцогч талтай албан ёсоор тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хуульд нийцүүлэн шинээр дахин гэрээ байгуулах, эсвэл санхүүгийн өөр ашигтай эрсдэлгүй механим ашиглах талаар ажиллах нь зүйтэй” гэж УИХ-ын ажлын хэсэг үзжээ.
Малайзын Labuan offshore бүсэд бүртгэлтэй SIL компанид шилжүүлсэн гэх 56.3 сая ам.доллартай тэнцэх аккредитивийн талаарх асуултад одоогийн ерөнхийлөгч А.Батсүх нь хариулахдаа “34.9 сая доллартай тэнцэх хэсэг нь хаагдаж, одоо 21.4 сая доллартай тэнцэх аккредитивийн хугацааг хаахаар идэвхтэй ажиллаж байна гэжээ. Тэрбээр хэлэхдээ SIL-ийнхэн 200 саяас доошгүй доллар шилжүүлэх шаардлага тавьсан. Тэгэхгүй бол орон сууц барих нэг тэрбум доллар босгох боломжгүй гэсэн тайлбар хийдэг. 200 сая доллар гаргах эрх ерөнхийлөгчид байхгүй. Тийм учраас 56 саяын баталгаа гаргаж өгсөн. Захирлуудын зөвлөлд анхнаасаа энэ тухайгаа танилцуулсан бол эрсдэл үүсэхгүй байсан” хэмээн /Өнөөдөр сонин ¹244/ мэдэгдсэн байна. Харин энэ асуултад тус компанитай гэрээ хийсэн экс ерөнхийлөгч О.Чулуунбат хариулахдаа /мөн сонин/ "SIL компани Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газартай ярилцаж хэлэлцээр хийсэн, газраа авсан. Монголбанкнаас мөнгө гараагүй. 55 сая доллар гарсан гээд байх юм. Та нар байшингаа бариад өмчийн эзэн бол. Тэр болтол чинь мөнгөний аюулгүй байдлыг Монголбанк хариуцна гэсэн л гэрээ байгуулсан. Олон сая долларын эрсдэлтэй гэж А.Батсүх ерөнхийлөгч хэллээ. Гэрээний хугацаа дуусаагүй байхад хулгайч нар мөнгө аваад явчихлаа гэж ярих хэрэггүй юм” хэмээн хэлжээ.
Алтан Дорнод Монгол компани Жеральд металз компанид 13.5 сая доллар зээлүүлснээс найман сая гаруйг нь Монголбанкны алтны үнээс суутган авсан гэх талаар Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдахдаа “Ямар үндэслэлээр, юуг баримталж Алтан Дорнод Монголын зээлийг Монголбанкнаас суутган авсан нь тодорхойгүй байна. Жеральд металз компаниас авсан зээлээ хэрхэн төлөх талаар ямар ч мэдээлэл байгаагүй" хэмээн бичжээ. Энэ талаар ноён А.Батсүх хариулахдаа Монголбанк, Жеральд металз, Алтан Дорнод Монгол компаниудтай гурвалсан гэрээ байгуулсны учрыг би мэдэхгүй гэжээ. Тэрбээр тухайн үед тус банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Монголбанкны екс ерөнхийлөгч О.Чулуунбат энэ талаар ярихдаа /мөн сонин/, Алтан Дорнод Монгол-оос Монголбанк алт худалдаж аваагүй. Жеральд металз худалдаж авсан. Алтан Дорнод Монгол компани Жеральд металз-д өртэй. Монголбанк тэр алтыг нь Жеральд металз-д шилжүүлж өгөх үүргийг л хүлээсэн. Ингэснээрээ бидэнд ашигтай гарсан. Ийм гүйлгээ хаана ч байдаг. Эндээс Монголбанк алдагдал хүлээгээгүй байх ёстой. Өмнө нь алтаа тушааж байсан компаниуд татварын мөнгөө төсвийн дансанд тушаахыг Монголбанкинд зөвшөөрч байсан учраас шилжүүлдэг байсан хэмээн мэдэгдсэн байна.
2003 онд ОХУ-ын "Кредит траст" банкинд 10 сая доллар байршуулах тухай болон уг мөнгийг буцаан авахын тулд өмгөөллийн хөлсөнд 1.5 сая доллар төлсөн гэрээ хэлэлцээр нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, энэхүү байршуулсан мөнгө манай талд буцаан төлөгдөх бодит найдвар байгаа эсэхийг УИХ-ын ажлын хэсэг мөн шалгажээ. Дүгнэлтэд дурдснаар "Кредит траст" банк дампуурснаар Монголбанкны 10 сая долларын хадгаламж алдагдах эрсдэл үүсэхэд түүнийг "Автомарш", "Южуралзолото", "Стимс" гэсэн Оросын компаниудын дөрвөн зээлээр авлага болгон сольж авчээ. Уг авлагыг шүүхийн дагуу барагдуулахын тулд Eastern Gates Securities (EGIS) хуулийн компанитай гэрээ байгуулжээ. Тэгэхдээ Монголбанк 2004 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр EGIL компанид 10 сая долларын хадгаламж байршуулснаас гадна өмгөөллийн хөлсөнд 1526361 долларын төлбөр төлсөн байна. 2004 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдор EGIL компани "Кредит траст" банкнаас авах авлага болох 10202777.78 долларыг Монголбанкны дансанд шилжүүлжээ. Ингэснээр Монголбанк өнөөгийн байдлаар "Кредит Траст" банкнаас авлагагүй, харин EGIL компаниас 11201712 долларын авлагатай болжээ. Одоогоор EGIL компаниас авах 11201712 долларын авлага нь эрсдэл өндөртэй, хэзээ эргэн төлөгдөх нь тодорхойгүй, ихээхэн хэмжээний алдагдал гарч болзошгүй байна. Анх "Кредит траст" банкинд, улмаар EGIL компанид хадгаламж байршуулсан нь Монголбанкнаас мөрдөх журам, тушаалыг зарим талаар зөрчсөн эрсдэл ихтэй ажиллагаа болсон гэж Ажлын хэсэг үзжээ. Энэ тухайд Монголбанкны екс ерөнхийлөгч О.Чулуунбат хэлэхдээ, “Монголын төр, Монголбанк хөөцөлдөөд тэр мөнгийг олж авах ёстой” гэжээ.
Хуралдааны дэгээр О.Чулуунбат таван минутад багтааж тайлбар хийх ёстой байсан тул үүгээр түүний үгийг тасалжээ. УИХ-ын зарим гишүүн гэнэн мэдэгдэл хийсэнд харамсаж байна гэсээр тэрбээр хурлын танхимыг орхижээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын Монголбанкны асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.