Монголбанк мэдэгдэл гаргав (2007.10.19)
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны 2006 оны санхүүгийн тайлан, тус банкнаас “Алтандорнод Монгол” ХХК болон орон сууцны санхүүжилтийн талаар байгуулсан гэрээнүүд, Кредит Траст түүнчлэн алтны компаниудаас авах авлагын талаар УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн дүнг хэлэлцсэн.
Монголбанкны 2006 оны санхүүгийн тайланд олон улсын аудитын KPMG байгууллага аудитын шалгалт хийсэн болно. Тус байгууллага Монголбанкны тайланг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт, санхүүгийн тайлагналын дагуу үнэн зөв бэлтгэгдсэнийг баталгаажуулсан. Энэ тухай Монголбанкны удирдлага Улсын Их Хурлын гишүүдэд өчигдөр болсон хурлаар дэлгэрэнгүй танилцуулсан. Тайланг Монголбанкны www.mongolbank.mn цахим хуудсанд тавьж олон нийтэд хүргэсэн байна.
Монголбанк нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг ашгийн бус төрийн байгууллага юм. 2006 онд эдийн засаг өсч, мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээс гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний үйл ажиллагааны зардал өссөн, мөн гадаад валютаас орох урсгал огцом нэмэгдсэнээс төгрөгийн ханш 2006 оны сүүлийн хагаст чангарч, ханшийн алдагдал хүлээсэн зэргээс Монголбанк нь 2006 оны тайлан үр дүнгээр 3,1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.
Мөн уг хуралдаанаар Монголбанкны байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийн талаар зарим гишүүд буруу ташаа ойлгож улс төржүүлснээс 200-400 сая ам.долларын алдагдалд орж, Монгол улсын гадаад албан нөөцийг дутагдуулсан мэт мэдээ, мэдэгдэл өдөр тутмын хэвлэлүүдэд нийтлэгдсэнийг Монголбанк засч залруулах нь зүйтэй гэж үзэж дараахь мэдэгдлийг хүргэж байна.
Нэгдүгээрт, “Алтандорнод Монгол” алтны компанитай байгуулсан гэрээ нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг Монголбанкны Дотоод аудитын газар, Хуулийн хэлтэс, Монголбанкнаас байгуулсан ажлын хэсэг шалгасан шалгалтын дүн нь Улсын Их Хурлын шалгалтын ажлын хэсгийн дүгнэлттэй бүрэн нийцэж байна. Монголбанкны байгуулсан энэ гэрээ оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болох бөгөөд гэрээнд заасан үүргийн дагуу алтыг худалдан авч тооцоог нийлэх арга хэмжээг Монголбанк авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
Хоёрдугаарт, Монголбанк нь Засгийн газраас баталсан 40,000 айлын орон сууцны хөтөлбөрийг Гандирс хорооллын санхүүжилтийн 200 сая ам.долларын эх үүсвэр бүрдүүлэх, хэрэгжүүлэхтэй холбогдсон гэрээг Малайзын санхүүгийн зөвлөгч компанитай байгуулсан. Энэ гэрээний дагуу Монголбанкны Дотоод аудитын газар, Хуулийн хэлтэс, Монголбанкнаас байгуулсан тусгай ажлын хэсэг шалгаад уг гэрээ нь эрсдэлтэй байж болзошгүй гэсэн дүгнэлт хийж эрсдэлийг бууруулах шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлснийг өчигдөр болсон хуралд танилцуулсан. Одоогийн байдлаар Монголбанк нь уг гэрээгээр хүлээсэн 3,0 сая ам.долларын авлагыг барагдуулах, ирээдүйд төлөгдөх 18,0 сая ам.долларыг цаг хугацаанд нь бүрэн төлүүлэх талаар зохистой арга хэмжээнүүд авч байна. Авч байгаа арга хэмжээ нь Монголбанкинд учрах эрсдлийг бууруулахад чиглэгдэж байна.
Гуравдугаарт, Монголбанк нь алт олборлогч компаниуд болон Оросын Холбооны Улсын нэр бүхий банкнаас бүгд 30,0 сая ам.долларын авлагатай. Авлага нь алт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол улсын гадаад валютын нөөц дэх алтны хэмжээг нэмэгдүүлэх зорилготой хийгдсэн хэлцлүүдээс үүсч бий болсон. Энэ нь Монголбанкны гадаад валютын нөөцийн эрсдлийг удирдах дотоод зохион байгуулалт олон улсын бүртгэл хяналтын шаардлагатай түвшинд хүрээгүй, үр ашигтай хяналтын тогтолцоог бий болгоогүй байсантай шууд холбоотой байв. Иймд 2007 оны эхээр Эрсдлийн удирдлагын бие даасан нэгж шинээр байгуулан, холбогдох арга хэмжээг авлаа.
Эрсдлийн удирдлагын нэгж нь гадаад валютын нөөцийн байршуулах урт хугацааны бодлого, нөөцийн стратегийн байршилыг шинэчлэн тодорхойлж, лимитийн хэмжээ хязгаарыг зохистой түвшинд байлгахаар заавар журмуудыг шинэчлэн мөрдүүлж эхлээд байна. Мөн гадаад валютын нөөцөөр хөрөнгө оруулсан бүх активын эрсдэлийг тооцоолон, шаардлагатай тохиолдолд эрсдэл өндөр байна гэж үзвэл холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх тогтолцоог бий болголоо. Ийнхүү Эрсдлийн удирдлагын алба нь гадаад валютын нөөцийн байршил, эрсдэлийн талаар бие даасан, хараат бусаар удирдлагад тайлагнаж байгаа нь гадаад валютын нөөцийн найдвартай бүрэн бүтэн байдлыг хангахад чиглэгдэж байна.
Монголбанк нь дээрх гэрээ хэлэлцээрүүдийн үр дүн, авлага барагдуулах талаар авч байгаа арга хэмжээнийхээ тухай олон нийтэд шуурхай мэдээлж байх болно.
МОНГОЛБАНК