Сонгуулийг пропорциональ системээр явуулах хуулийн төсөл өргөн барив (2007-12-04)

A- A A+
Сонгуулийг пропорциональ системээр явуулах хуулийн төсөл өргөн барив (2007-12-04)

Сонгуулийг пропорциональ системээр явуулах хуулийн төсөл өргөн барив (2007-12-04)

УИХ-ын гишүүн А.Цанжид, Г.Адьяа, Д.Дондог Р.Эрдэнэбүрэн, Э.Бат-Үүл, М.Зоригт, М.Энхсайхан нар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр УИХ-д өргөн барьсан байна. Энэ хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорционал тогтолцоогоор явуулах санал дэвшүүлж, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд дараахь нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Үүнд:

  1. Монгол Улсын нутаг дэвсгэр нь сонгуулийн нэг тойрог байна.
  2. Нам, эвсэл нь 76-гаас илүүгүй хүнийг нэрсийн жагсаалтаар дэвшүүлж, сонгогч саналын хуудсанд бичигдсэн нам, эвслийн буюу эсхүл бие даан нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлна.
  3. Нийт хүчинтэй саналын тооноос таван хувийн босго тооцох ба таваас дээш хувийн санал авсан нам, эвсэлд авсан саналтай нь хувь тэнцүүлэн суудлын тоог тогтоож, тэдгээрээс ирүүлсэн нэрсийн жагсаалтын эхэнд бичигдсэнээс эхлэн авсан суудалтай нь тэнцүү тооны хүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно.
  4. Таван хувийн босгыг даваагүй нам, эвсэл болон бие дааж нэр дэвшигчдийн саналыг хүчингүйд тооцохгүйгээр хүчинтэй саналын тооноос хасч, гарсан дүнг 76-д хувааж нэг суудалд ногдох саналын тоог гаргана. Босго давсан нам, эвсэл тус бүрийн авсан саналын тоог нэг суудалд ногдох саналын тоонд хувааж тэдгээр нам, эвсэл тус бүрийн авсан суудлын тоог гаргана. Ингэж суудал хуваарилсны дараа сул суудал үлдвэл эдгээр нам, эвслийн хамгийн их үлдэгдэл саналтай байгаа нам, эвслээс эхлэн (их үлдэгдэл саналын зарчмаар) хуваарилж дуусгана.
  5. Хэрэв бие дааж нэр дэвшигчид таван хувийн босго давсан бол тэднийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тэр тоог 76-гаас хасч нам, эвсэлд дээрх зарчмаар суудал хуваарилна.
  6. Бие даагч гурваас доошгүй аймаг, нийслэлийн 801-ээс доошгүй сонгогчдийн дэмжлэг авч нэр дэвшинэ.
  7. УИХ-ын нөхөн сонгууль явагдахгүй. УИХ-ын гишүүний орон гарсан суудалд тухайн нам, эвслийн нэрсийн жагсаалтын дараагийн дэс дугаарт эрэмблэгдсэн нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно. Бие дааж нэрээ дэвшүүлж сонгогдсон УИХ-ын гишүүний орон гарвал хамгийн их үлдэгдэл саналтай байгаа нам, эвсэлд (их үлдэгдэл саналын зарчмаар) хуваарилна.
  8. Гадаад улсад хууль ёсоор оршин суугаа Монгол Улсын иргэд сонгуульд оролцож болно.
  9. Гагцхүү нам, эвслийн эсхүл бие дааж нэр дэвшигчдийн нэрээр сонгуулийн зардлын данс нээнэ.
  10. Саналын хуудас улсын хэмжээнд нэгдсэн дугаартай байна.
  11. Нийт сонгогчдын 50 хувь нь санал хураалтад оролцоогүй бол СЕХ сонгуулийг хүчингүйд тооцно.
  12. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал авах өдрөөс гурван сарын өмнө эцэслэнэ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд дээрх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар дараахь эерэг үр дагавар гарна гэж хуулийг санаачлагчид тооцоолсон байна. Үүнд:

  1. Мөнгө тараах, санал худалдаж авах, сонгогчдыг зөөх, сонгогчдын нэрсийн жагсаалтыг будлиулах, популист амлалт өгөх, мэдээллийн дайн явуулах, нэр дэвшигчдийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг явуулах зэрэг сүүлийн үеийн сонгуулиар ажиглагдаж байгаа ардчилсан, чөлөөт, шударга сонгуулийн зарчмыг алдагдуулсан, сонгогч олон түмнийг гутаан доромжилсон үйл явдлыг таслан зогсооход ихээхэн ач холбогдолтой болно.
  2. Сонгогч бүрийн саналыг хувь тэнцүүлэн тооцож, хууль тогтоох дээд байгууллагыг бүрдүүлснээр сонгогчдыг төлөөлөх УИХ-ын чадвар дээшилж, санал бүр төлөөлөл болж хувирдаггүй мажоритар тогтолцооны үндсэн сул тал засагдана.
  3. Парламентын засаглалыг бэхжүүлэх, парламентыг илүү чадварлаг болгох, мэргэшүүлэх, улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулах улс төрийн намуудыг төлөвшүүлэх, тэдгээрийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, үзэл баримтлал, үйл ажиллагаа, оюунлаг аргаар өрсөлдөх суурь нөхцөл бүрдэнэ.
  4. Улс төрийн хүчнүүд парламентын хүрээнд зөвшилцөх, урт хугацааны тогтвортой бодлого тохирч улс орны тулгамдсан томоохон асуудлыг шийдэх боломж нэмэгдэх бөгөөд бүхэлдээ улс орны хэмжээнд газар аваад байгаа хэт их улс төржилт, намчирхалт, хийрхэлт аажмаар багасах суурь нөхцөл мөн бүрдэнэ. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал бэхжинэ.
  5. Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд УИХ-ын сонгуульд оролцох бодит бололцоо бүрдэнэ.
  6. УИХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулахад зардал багатай, харьцангуй хялбар болно.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд дээрх нэмэлт, өөрчлелт оруулснаар дараахь сөрөг үр дагавар үүсэх магадлалтай. Үүнд:

  1. УИХ-ын гишүүд тодорхой орон нутаг, засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, иргэд сонгогчдоос холдох, амьд холбоо сулрах. Тайлбар: Энэ сул талыг засах зорилгоор сонгуулийг улсын хэмжээнд 5-6 тойргоор (нийслэл, бүс нутаг) хувь тэнцүүлэх буюу пропорционал тогтолцоогоор нам, эвслийн нэрийн жагсаалтаар хийх боломжийг судалж үзэж болох юм.
  2. УИХ-д олон нам суудал авч, улмаар Засгийн газрыг бүрдүүлэх, тогтвортой ажиллуулахад хүндрэл учруулж болзошгүй юм.
  3. УИХ-ын гишүүнийг иргэд шууд сонгох эрх зөрчигдөж байна хэмээн үзэж зарим иргэд Үндсэн хуулийн Цэцэд асуудал өргөн барих магадлалтай. Тайлбар: Иргэд өөрсдөө, биечлэн, ямар нэгэн зуучлагчгүйгээр сонгуульд оролцож санал өгснөөр Үндсэн хуулийн энэ заалт биелж байгаа бөгөөд шууд сонгох эрхийг олон улсын хэмжээнд чухамхүү ингэж ойлгож, хэрэгжүүлж, хүлээн зөвшөөрч ирсэн.
  4. Таван хувийн босгыг давахад бие даан нэр дэвшигчдэд ихээхэн хүндрэлтэй болж, иргэдийн сонгогдох эрх бодит амьдрал дээр хязгаарлагдах магадлалтай юм. Тиймээс бие даагчдын хувьд босгыг багасгаж болох юм.
  5. Судлаачдын үзэж байгаагаар сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоотой улс орнуудад улс төрийн намуудын тоо олшрох хандлага ажиглагддаг байна. Тайлбар: Манай нөхцөлд босгыг таваас илүү өндөр хувиар тогтоох шаардлагагүй гэж үзэж байна.
  6. Нэр дэвшигчдийг эрэмблэж нэрсийн жагсаалтад дугаарлах нь нам, эвслүүдэд хүндрэл учруулах талтай.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг санал авах өдрөөс зургаан сараас доошгүй хугацааны өмнө батлуулах хуулийн заалттай тул цаг хугацаа тун шахуу байгаа тул санал өгөх өдрийг 2008 оны зургадугаар сарын 22 гэж тооцвол хуулийн төслийг 2007 оны арванхоёрдугаар сарын 3-4-ний өдөр өргөн барьж, мөн сарын 22-ны өдрөөс өмнө батлуулах ёстой болж байна.

Манай улс өмнө нь 1990 онд Улсын Бага Хурлыг сонгохдоо энэ системээр санал явуулж, намууд өөрт оногдсон хувь хэмжээгээр парламентад улстөрчдөө суулгаж байжээ. Чингхэдээ босгыг мөн таван хувиар тогтоож байсан аж.

Хуулийн төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн А.Цанжид “Өнөөдөр” сонинд /¹283/ ярихдаа, улстөрийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзээд, сонгуулийн одоогийн тогтолцоог зоригтой өөрчилъе хэмээн парламентад суудалтай намууд тохиролцоонд хүрсэн гэж мэдэгджээ.