“ТӨРИЙН ИЛ ТОД БАЙДАЛ: ШУДАРГА СОНГУУЛЬ” ФОРУМ
2008 онд УИХ-ын болон Орон нутгийн ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан сонгууль шударга явагдах үндсэн нөхцөл болох ил тод байдлын тухайд төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран үнэлэлт дүгнэлт өгч, оршин буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлж даван туулах арга замыг хэлэлцэх зорилгоор Нээлттэй Нийгэм Форумаас “Төрийн ил тод байдал: Шударга сонгууль” форумыг 2007 оны 12 дугаар сарын 12-нд зохион байгууллаа.
Энэхүү форумаар сонгуулийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчин, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал, сонгуулийн үйл явцад иргэний нийгмийн хяналт, сонгуулийн байгууллагын хараат бус байдал гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд төлөөлөгчид санал бодлоо солилцож, зөвлөмж гаргав.
“Сонгуулийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчин” сэдвээр УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Д.Дондог, “Сонгуулийн ил тод байдлын эрх зүйн зохицуулалт, баталгаа”-ны талаар Нээлттэй Академи ТББ-ын судлаач Г.Эрдэнэбат нар тус тус илтгэв. Судлаач Г.Эрдэнэбатын үзэж байгаагаар УИХ-ын болон Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд төсөв зардлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хуулиар хүлээсэн албан тушаалтан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тогтоож өгсөн нь сонгуулийн ил тод байдлыг хангах эдийн засгийн баталгаа хуульчлагдсан гэж үзэж болохоор байгаа аж. Харин сонгуультай холбоотой аливаа дүрэм журам ил тод мэдээлэгдэж, сонгуулийн хороодын бүх хуралдаан нээлттэй явагдаж, шийдвэрээ ил тод мэдээлэхээр заасан авч эдгээрийг хэрхэн хангах, ямар журам баримтлах нь хуулиар зохицуулаагүй байна. Ийм зохицуулалтыг СЕХ-ны дүрмээр тогтоож, бусад салбар хороодод жишиглэн хэрэглэснээр сонгуулийн хороодын үйл ажиллагааны нээлттэй байдал жинхэнэ утгаараа хангагдана гэж тэрбээр үзэж байна.
Сонгуулийн үйл явц дахь иргэний нийгмийн хяналт хуралдааны үеэр СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн сонгуулийн байгууллага болон сонгуулийн үйл явцын ил тод байдлын асуудлууд одоо мөрдөж буй хуулиудад хэрхэн туссан талаар тайлбарлалаа. Түүний хэлснээс үзвэл УИХ-ын сонгуулийн хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан энэ хуулиар олгосон эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдүүлэхээр батлан гаргасан шийдвэр нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд албан ёсоор мэдээлэгдсэн байна” гэж заасан нь тэдгээр байгууллагын шийдвэр сонгуулийн харилцаанд оролцогч талуудын хяналтад байх, шийдвэрийг хэрэглэх субъектуудэд хүрсэн, нээлттэй байхыг хуульчилсан хэрэг аж. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон ийм үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй” гэж заасан нь сонгуулийг зохион байгуулахад сонгуулийн байгууллагуудын болон тэдгээрийн үйл ажиллагааны талаар бодитой мэдээлэл хүргэхийг хуульчилж, буруу ташаа мэдээлэл нийтэд түгээхийг хориглож, хариуцлагыг тодорхойлсон болно. Сонгуулийн үйл явц нь сонгуулийн харилцаанд оролцогч субъектуудын /намуудын/хувьд ил тод нээлттэй явагддаг хэмээн тэрбээр үзэж байна. Хэдий тийм авч сонгуулийн үйл явц иргэний нийгмийн хувьд төдийлөн хяналттай байж чадахгүй байна. Хүний эрх, хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоожийн хэлснээр бол сонгуулийн өмнөх үе шатуудад иргэний нийгмийн байгууллага хяналт тавих эрх нээлттэй, боломжтой хэдий ч санал хураах, тоолох, сонгуулийн нэгдсэн дүн гаргах явцыг ажиглах эрхийг зөвхөн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд олгосон нь иргэний нийгмийн эрхийг хязгаарласан болжээ. Түүнчлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно гэж хуульд заасан нь хяналт хийх боломжийг шууд хязгаарласан төдийгүй нэрийн жагсаалтыг санал авахаас 15 өдрийн өмнө ил тавьж чөлөөтэй танилцуулна гэсэн нь иргэний нийгмийн хувьд нэрийн жагсаалтад хяналт хийх боломжийг үгүйсгэжээ.
Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлын тухай хэлэлцүүлгийн үеэр СЕХ-ны ажилтан Ө.Цэрэндоржийн хийсэн мэдээллээс харвал жил ирэх тутам санхүүжилтийн хэмжээ улам нэмэгдсэн бөгөөд цаашид ч ихээхэн нэмэгдэх төлөвтэй байгаа аж. УИХ-ын 1992 оны сонгуульд 13,0 сая төг, 1996 оныход 189,2 сая төг, 2000 оныход 359,7 сая төг, 2004 оныход 566,6 сая төгрөг тус тус зарцуулсан, Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд 40,0 сая төг, 1997 оныход 150,0 сая төг, 2001 оныход 358,0 сая төг, 2005 оныход 518,1 сая төг зарцуулжээ. Орон нутгийн хурлын 2000 оны сонгуульд 300,6 сая төг, 2004 оныход 453,6 сая төгрөг зарцуулсан аж. УИХ-ын сонгуулийн хувьд нэг сонгогчид ногдох зардал 1992 онд 12 төг, 1996 онд 179 төг, 2000 онд 350 төг, 2004 онд 552 төгрөг болсон байна. Намууд 1992 оны УИХ-ын сонгуульд 13,7 сая төгрөг, 1996 онд 209,3 сая төг зарцуулж байсан бол 2000 онд 1841.8 сая төг, 2004 онд 1558.4 сая төгрөг болж өссөн байна.
Сонгуулийн зардлын дүнг нийтэд мэдээлэх ба 200 мянга түүнээс дээш хандив өгсөн иргэн, 500 мянга түүнээс дээш хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана. Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байхаар хуульчилсан авч эдгээр мэдээллийг хэрхэн зарлах, тухайлбал, интернэтээр үү, “Төрийн мэдээлэл” сэтгүүлээр үү, өдөр тутмын сониноор уу, санхүүгийн тайлан хэлбэрээр үү, сонирхогч этгээд түүнийг хувилан авч болох эсэх зэрэг олон асуудлыг зохицуулаагүй байна хэмээн Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа хэлж байна. Сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлж буй нам, эвсэл, нэр дэвшигчийн санхүүгийн тайланг нийтэд зарлах шаардлага хуулинд тусгагдаагүй ажээ. Энэ бол нийтэд ил тод байх ёстой мэдээллийн нэг юм хэмээн тэрбээр үзэж байна.
Түүнчлэн сонгуулийн байгууллагын хараат бус байдал, сонгох, сонгогдох эрх талаар Хүний эрхийн үндэсний комиссын ахлах реферант Ч.Отгончулуун, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш М.Батсуурь нар илтгэл тавилаа. Сонгуулийн төв байгууллагын тухайд зохион байгуулах эрх мэдлээр бүрэн хангагдсан, төрөөс тусдаа байгууллага байхаар зохицуулсан боловч бүрэлдэхүүний томилгоотой холбоотой зохицуулалт дээр эргэн харж, өөрчлөх зайлшгүй шаардлага байна хэмээн оролцогсод дүгнэжээ. Парламентад суудал авсан нам СЕХ-нд өөрсдийн хүнээ оруулдаг, тэдний удирдлагад нөлөөлдөг жишгийг өөрчилж, нэр хүндтэй, улстөрийн хувьд голч байр суурьтай, сонгуулиар мэргэшсэн хуульчид болон судлаачид, иргэний нийгмийн төлөөлөгчдөөс бүрдүүлж, тэдгээр нь өөрсдөө удирдлагаа сонгодог арга замыг суулгаж, сонгуулийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангах нь зүйтэй хэмээн судлаач М.Батсуурь үзэж байна.
Форумд төр, иргэний нийгэм, улстөрийн намуудын төлөөлөл 200 гаруй хүн оролцсноос 50 орчим хөдөө орон нутгаас иржээ. Нээлттэй Нийгэм Форум 2006 оноос эхлэн жил бүр ил тод байдлын асуудлаар үндэсний форум зохион байгуулахаар болсон бөгөөд өнгөрсөн жил “Төрийн ил тод байдал: Нийгмийн баялгийн хуваарилалт” сэдвээр болсон юм.