Монголын эдийн засгийн бодлогын чуулга уулзалт болов (2008-10-29)

A- A A+
Монголын эдийн засгийн бодлогын чуулга уулзалт болов (2008-10-29)

Монголын эдийн засгийн бодлогын чуулга уулзалт болов (2008-10-29)

Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн Монголын эдийн засгийн бодлогын чуулга уулзалт өнөөдөр өндөрлөлөө. Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Джэймс Б.Адамс, Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч Жастин Лин, ОХУ-ын ерөнхий сайд асан Е.Гайдар нарын 800 гаруй зочид төлөөлөгч оролцжээ. Уулзалтын эхний өдөр Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, ашигт малтмалын салбар дахь гадаад орнуудын туршлага, инфляцийн асуудлуудаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бол хоёр дахь өдөр нь Засгийн газраас ирэх дөрвөн жилд авч хэлэлцүүлэх арга хэмжээний талаар Сангийн сайд С.Баярцогт, Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр нар танилцуулж, асуулт хариулт явагджээ. Уг чуулга уулзалтад УИХ болон Засгийн газрын төлөөллүүд,  олон улсын байгууллага, элчин сайд нар, иргэний нийгмийн байгууллага болон хувийн хэвшлийнхний оролцсон юм.

Эдийн засгийн форумын төгсгөлд Сангийн сайд С.Баярцогт, Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Н.Энхбаяр, Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал Дэвид Доллар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Рашид Сайед нар сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийлээ. Зохион байгуулагчид чуулга уулзалт үр дүнтэй болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд сэтгүүлчдийн асуулт, хариулсан байна.

Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал Д.Доллар энэ үеэр хэлэхдээ, мөнгөний нийлүүлэлтийг чангатгах тал дээр нэлээд өөрчлөлт хийсэн нь зүйтэй алхам болсон. Инфляцийг нэг оронтой тоонд хүргэхийн төлөө ажиллах ёстой. Мөнгөний бодлогыг зөв явуулбал ойрын хугацаанд үр дүнгээ өгнө хэмээн мэдэгджээ. Тэрбээр стратегийн орд газрын 51 хувийг эзэмших нь зөв үү, буруу юу гэсэн асуултад хариулахдаа, ОХУ-ын ерөнхий сайд асан Е.Гайдарын хариултыг буюу “Энэ бол монголчуудын хувьд өөрсдөө шийдэх асуудал. Хэрвээ оросуудад ийм асуулт тулгарсан бол би маш аюултай санаа гэж хэлэх байна” гэснийг дахин давтмаар байна гэжээ. Ашигт малтмалын томоохон ордуудад монголчууд дадлага туршлагатай томоохон компаниудтай хамтран ажиллах шаардлагатай. Харин төр 51 хувийг эзэмшинэ гэвэл томоохон компаниуд орж ирэх сонирхолгүй болох байх. Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахдаа гэрээ хэлэлцээрээ маш оновчтой, тодорхой, аль аль талдаа ашигтай, ялангуяа зэс үнэ өсөх юм монголчуудад, Монголын иргэдэд ашигтай гэрээ хийх шаардлагатай. Ер нь бол гэрээ хэлэлцээрийг түргэтгэж ойрын хугацаанд хийх шаардлагатай болов уу хэмээн Д.Доллар мэдэгджээ.  

Намуудын амласан нэг сая, 1,5 сая төгрөгийг өгөх боломжтой юу гэсэн асуултад Сангийн сайд С.Баярцогт хариулахдаа, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсөв нийгмийн бодлогод суурилж байсан. Энэхүү амлалтыг одоо хэрэгжиж буй төслүүдээс бус, стратегийн том ордуудыг ашиглаж, орлого орж ирсний дараа бэлэн болон бэлэн бусаар өгөх боломжтой. Гэхдээ бүгдийг бэлнээр тараавал эдийн засагт хүндрэл учруулах  тул харьцааг зөв тогтоох хэрэгтэй. Мөн өнөөг хүртэл авч ирсэн нийгсийн халамжийн бодлогуудыг багцаар нь эргэж харах хэрэгтэй гэжээ. Харин ноён  Д.Доллар: Томоохон уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэн үр дүнд хүрч, орлого орж ирсний дараа орлогоос иргэдэд хуваарилах боломж байж болно. Бусад улс оронд ч сан бүрдүүлж, шууд болон шилжүүлгээр хуваарилж байсан туршлага бий. Монгол Улсын хувьд хуримтлуулсан мөнгөө юунд зарцуулах вэ, үндэсний хөгжлийн тухайлбал эрчим хүч, дэд бүтцээ сайжруулах, сургууль боловсрол зэрэгт зориулах уу эсвэл шууд иргэддээ зарцуулах уу гэдгээ шийдэх ёстой байх. Ирээдүйд орлого орж ирлээ гэхэд энэ тэнцвэрийг сайн харах хэрэгтэй хэмээжээ.

Түүнчлэн  чуулга уулзалтын завсарлагаар Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч Жастин Лин, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Рашид Сайед нар сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр сэтгүүлчид чуулга уулзалтын үйл ажиллагаанаас гадна дэлхийн санхүүгийн хямрал Монголд хэрхэн нөлөөлөх, Монголын өнөөгийн эдийн засгийн байдлын талаар асуулт тавьснаас багцлан хүргэж байна.

-Монгол Улсын хувьд дэлхийн эдийн засгийн зах зээлд гүнзгий ороогүй учраас хямрал онцгой нөлөө үзүүлэхгүй гэсэн байр суурь байгаа. Манай банкны салбарт хэр нөлөөлөх бол?
-Шууд нөлөөлөл багатай гэдэг дээр санал нийлж байна. Харин шууд бус нөлөө бол байгаа. Санхүүгийн хямралаас болж дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байна. Энэ нь Монголын эдийн засгийн өсөлтөд бас нөлөөлбөл банкны салбарт нөлөөлж болох талтай.

-Дэлхийн санхүүгийн хямрал цаашид хэр удаан үргэлжлэх бол. Энэ нь Монголд хэрхэн нөлөөлөх бол?
-Санхүүгийн хямрал хэр удаан үргэлжлэхийг урьдчилан хэлэхэд хэцүү. Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын Засгийн газрууд үр дүнтэй арга хэмжээ авна байх гэж найдаж байна. Ингэснээрээ хүндрэлийг аль болох богино хугацаанд туулах боломжтой болох юм. Энэхүү хямралыг Монголын Засгийн газар ч гэсэн нухацтай авч үзэж байгаа байх гэдэгт итгэлтэй байна. Мэдээж хэрэг төсвийн зардлаа бууруулах хэрэгтэй болно. Үүний зэрэгцээ хэрэв шаардлагатай бол олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллаж, дэмжлэг туслалцаа авах хэрэгтэй байх.

-Хямралаас болж дэлхийн уул уурхайн томоохон компаниудын хувьцааны ханш буурч байна. Энэ тохиолдолд манайх эдгээр хөрөнгө оруулагчтай харьцахдаа ямар байр суурь баримталбал зохистой вэ?
-Хувьцааны ханш буурснаар хөрөнгө босгож, төслүүдийг санхүүжүүлэх боломж хязгаарлагдана. Гэхдээ Монголд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн “Би Эйч Би”, “Рио тинто” гэх мэт компаниудын хувьд хөрөнгийн нөөц бололцоо сайтай. Тийм болохоор хувьцааны өөрчлөлтөөс болж нэг их өөрчлөлт орохгүй байх. Хөрөнгө оруулагчдад хандахдаа богино хугацааны хувьцааны ханш хэлбэлзэл бус урт хугацаанд хамтран ажиллах боломж болон ямар техник технологи, дэвшил, ур чадвар нэвтрүүлэх боломжтой вэ гэдгийг харах ёстой байх аа.

-Монголын эдийн засаг, ялангуяа төсвийн орлого ашигт малтмалаас хэт хамааралтай байгаа. Ийм нөхцөлд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ, гадаадын ямар орны туршлага байна вэ?
-Энэ бол манай уулзалтын гол сэдэв, зорилго ч энэ талд. Дэлхийн эдийн засгийн өөрчлөлтөөс үүдэн танай эдийн засагт ч дарамт ирж байгаа. Гэхдээ хямралыг боломж болгох боломж бий. Ийм боломж Монгол Улсад байгаа. Гол сэдвээ дахин давтан хэлэхэд нэгдүгээрт, ашигт малтмалын салбарын орлогыг зүй зохистой удирдах. хоёрдугаарт, эдийн засгийн бааз сууриа сайжруулах. Үүнийг зөв зохистой хийж чадвал байгалийн баялаг танай ололт, давуу тал болж болно. Бидний энэ уулзалт ч хямралыг боломж болгоход нөлөөлөх байх гэж найдаж байна.

 

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн Эдийн засгийн форумын хаалтын ажиллагаанд оролцож хэлсэн үгийг (PDF) бүрэн эхээр нь нийтэлж байна.