Оюутолгойн гэрээний төслийн анхаарал татсан бүлэг, заалт (2009-09-10)

A- A A+
Оюутолгойн гэрээний төслийн анхаарал татсан бүлэг, заалт (2009-09-10)

Оюутолгойн гэрээний төслийн анхаарал татсан бүлэг, заалт (2009-09-10)

Оюутолгойн орд газарт хөрөнгө оруулалтын гэрээний анхаарал татсан бүлэг, заалтуудын талаар Зууны мэдээ сонины 2009 оны 3-р сарын 10-ны өдрийн 53 дугаарт  тоймлон хүргэснийг толилуулж байна.

Монгол Улсын Засгийн газарт ногдох хөрөнгө оруулалтын талаар:

  • Оюутолгой төслийг ашиглалтад оруулахад шаардагдах нийт хөрөнгийг Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто компани бүрэн хариуцаж, ордыг ашиглалтад оруулах ба төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн хөрөнгө оруулалтын зардлыг хүүгийн хамт ирээдүйд ногдох ногдол ашгаас эргэн төлнө. Хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт болох Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар “Айвенхоу майнз Монголиа ХХК” өөрөө бие даан хөрөнгө босгох боломжтой бөгөөд хэрэв санхүүжилтийг компани өөрөө босгох тохиолдолд “Эрдэнэс МГЛ ХХК”-ийн зээлийн хэмжээ буурах эсвэл огт зээл авахгүй байх боломжтой юм байна.

Урьдчилгаа төлбөрийн талаар:

  • Монгол Улсын Засгийн газар 125 сая ам.долларыг урьдчилгаа төлбөрт тооцож хөрөнгө оруулагчаас үе шаттайгаар авахаар тохиролцов. Энэ урьдчилгаа төлбөрийг хүүтэй авах бөгөөд анхны төлбөр авснаас хойш 4 жилийн дараа Засгийн газарт ногдох татвараас анхны буцаан суутгалт хийгдэж эхлэх боломжтой юм байна. Урьдчилсан төлбөрийн талаар тусгай гэрээ байгуулах бөгөөд гэрээг Сангийн яамтай хөрөнгө оруулагч байгуулна.

Татварын орчны болон төслийн эдийн засгийн үр өгөөжийн талаар:

  • Төслийн хугацаанд 7 төрлийн татварыг (аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын тосны бүтээгдэхүүнээс бусад онцгой албан татвар, ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар) тогтворжуулж, бусад төрлийн татварын хувь хэмжээг тухайн  үед тогтоосон  байдлаар төлөх юм байна. Харин  өөрчлөгдсөн  тохиолдолд бусдаас ялгаварлан гадуурхахгүй байх, илүү тааламжтай нөхцөлийг ашиглаж болох зарчим баримталж байхаар заажээ.
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувиар төлөх бөгөөд “Ашигт малтмалын тухай хууль”-д заасны дагуу төлнө.
  • ”Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын эхний үе болох барилга, байгууламжийг барьж ашиглалтад оруулах буюу хамгийн цаад хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 7 жилийн туршид импортоор оруулж ирэх үйлдвэрлэлийн болон технологийн зориулалтаар ашиглах материал, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизмыг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг 2007 оны гэрээний төсөлд байснаар нь хэвээр үлдээжээ.
  • “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК толгой компанидаа ногдол ашгаа шилжүүлсэн тохиолдолд суутгалын татвар ногдуулахгүй байхаар 2007 оны гэрээний төсөлд тусгасныг хэвээр үлдээсэн байна. Харин бусад төрлийн шилжүүлгийн орлогод ногдуулах суутгалын татварыг Монгол Улсын Засгийн газраас Канад, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Засгийн газар хооронд байгуулсан давхар татварын гэрээний дагуу болон хуульд заасны дагуу шийдвэрлэхээр заажээ.
  • Алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 8 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцохоор болсон байна.
  • Оюутолгой төслийн бүх хөрөнгө оруулалтын үр өгөөж 29.9 хувьд хүрэх тохиолдолд ашгаас 30 хувийн нөөцийн нэмэлт ашгийн төлбөр ногдуулах юм байна. Энэхүү нэмэлт төлбөрийг 25 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр нэмж авах юм. Зэсийн үнэ 6063 ам.доллар болж төслийн өгөөжийн түвшин тохирсон хэмжээнд хүрмэгц энэ төлбөр үйлчилж эхлэхээр тооцжээ.
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14.3-т зааснаар өр болон хөрөнгө оруулалтын хоорондын харьцааг 3:1 буюу 75-ыг харьцах нь 25 хувь байхаар заажээ.
  • Элэгдэл хорогдлын шимтгэлийн хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу 10 жилийн хугацаанд элэгдэл байгуулж зардлаас хасах юм байна.
  • ”Айвенхоу Майнз Монголиа ХХК”-ийн өнөөг хүртэл хийсэн хөрөнгө оруулалтыг санхүүгийн хөндлөнгийн аудит хийж баталгажуулна. Санхүүгийн аудит хийсний дараа энэ зээлийн санхүүжилт нь компаний хөрөнгийн зардал болж, хөрөнгө талд бүртгэгдсэн бол үүнийг хамтарсан компаниас төлөхөөр заажээ.

Үндсэн үйл ажиллагааны талаар:

Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд үндсэн үйл ажиллагаатай холбоотой дараахь гол заалтуудыг тусгажээ. Үүнд:

  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаагаар эзэмшиж, сунгах, хуульд заасан нөхцөлөөр цуцлахаар тусгасан байна.
  • Оюутолгойн ордын олборлолтын үйл ажиллагаанд ашиглах олборлолт, баяжуулалтын техник, технологи нь байгаль орчинд хор нөлөө багатай, Монгол Улс болон олон улсын байгаль орчны дүрэм, стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологи байхаас гадна ордыг аль болох хаягдал багатай, өндөр үр ашигтайгаар иж бүрэн ашиглахаар гэрээний төсөлд тусгажээ.
  • Оюутолгой ордыг ашиглах ашигт малтмалын ашиглалтын 6709А тусгай зөвшөөрлийн хайгуулын ажил хийгдэж дуусаад байгаа ил уурхайн хэсэгт хөрөнгө оруулагч олборлолт явуулах эрхтэй бөгөөд далд уурхайн хэсгийн нөөцөө улсын нөөцийн бүртгэлд бүртгүүлж, техник-эдийн засгийн үндэслэлээ өргөн барьж шийдвэрлүүлсний дараа хөрөнгө оруулалтын гэрээнд хамруулж олборлолт эхэлж болохоор тусгажээ. Мөн тус гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөлд далд уурхайн нөөцийг батлуулах, техник эдийн засгийн үндэслэлийг өргөн барьж холбогдох хууль журмын дагуу шийдвэрлүүлэх заалтыг тусгасан байна.
  • Хүндэтгэх шалтгаангүйгээр нөөцийг бүртгэхээс татгалзахгүй, техник-эдийн засгийн үндэслэлийг хянан хэлэлцэх явдлыг хойшлуулахгүй бөгөөд хөрөнгө оруулагч нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуууллагад нөөцийн мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоног, Техник эдийн засгийн үндэслийг хүргүүлснээс хойш мөн 90 хоногийн дотор шийдвэрлэхээр тусгажээ.
  • Хөрөнгө оруулагч нь техник эдийн засгийн үндэслэлийг хүргүүлэхдээ ил болон далд уурхайн ашиглалтын хугацаанд жил тутам явуулах үйлдвэрлзлийн хэмжээг тусгах бөгөөд жил бүр дараагийн таван жилийн олборлолтын хэмжээг мэдэгдэхээр тусгажээ. Хэрэв тухайн жил өмнө нь мэдүүлснээс 20 хувиар илүү олборлох бол Монголын талаас зөвшөөрөл авахаар заасан байна.
  • Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 5 жилийн дотор ззс хайлуулах үйлдвэр барих эдийн засгийн тооцоог хийж дуусгах юм байна. Зэс хайлуулах үйлдвэрийг өөрөө эсвэл бусадтай хамтран ажиллуулах, эсвэл гуравдагч тал ажиллуулах тохиолдолд Засгийн газраас хүсэлт гаргавал Оутокумпу компанитай хамтран эзэмшдэг технологийг шилжүүлэхээр тохирчээ.
  • Хөрөнгө оруулагч Оюутолгой төсөлтэй холбоотойгоор хайлуулах үйлдвэр байгуулах тохиолдолд зөвхөн Монгол Улсад байгуулах заалт тусгасан бөгөөд гуравдагч тал зэс хайлуулах үйлдвэр барих юм бол баяжмал нийлүүлэх үүрэг хүлээсэн байна.

Бүс нутгийн хөгжлийн асуудал:

  • Гэрээнд тусгаснаар Засгийн газар нь сонирхогч талуудыг оролцуулсан “Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл”-ийг байгуулна. Айвенхоу майнз Монголиа компани энэ зөвлөлийн удирдлагын зөвлөлийн гишүүн байх бөгөөд зөвлөлийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжихээр заажээ.
  • Зөвлөл нь орон нутгийн болоод бүсийн хөгжлийг хангах, шилжин суух хөдөлгөөнийг зохицуулах, хот байгуулалтыг эрчимжүүлж, эрчим хүч, зам харилцаа, ус, дулааны хангамжийг сайжруулах, албан болон албан бус боловсрол түүний дотор англи хэлний сургалтыг өргөжүүлэх, тусгай мэргэжлийн сургалтыг зохин байгуулах, соёл урлагийн байгууллагууд, биеийн тамир спортын байгууламжуудыг барьж байгуулах, хүний болон малын эрүүл мэндийг сайжруулах, орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгэмлэгийн чадамжийг дэмжихэд төрийн байгууллагуудад туслалцаа үзүүлнэ.
  • Хөрөнгө оруулагч нь Оюутолгой төсөлд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг ханган нийлүүлэх боломжийг олгох зорилгоор орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг өргөжүүлэх, үйл ажиллагааны чиглэлийг олшруулах, бизнесийг хөгжүүлэх тусгай хөтөлбөрүүдийг дэмжинэ гэж төсөлд тусгасан байна.

Газрын харилцааны талаар:

Гэрээний төсөлд газрын харилцааны талаар дараахь зүйлсийг тусгажээ.

  • Хөрөнгө оруулагч нь Оюутолгой төслийн үйл ажиллагаанд шаардагдах газар ашиглахтай холбоотой холбогдох зөвшөөрөл, лицензийг Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу авах юм байна.
  • Газар ашигласны төлбөрийг Газрын тухай болон Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу төлнө.
  • Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа газрын нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг Газрын тухай хууль, Газар ашиглах гэрээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан болон энэхүү Гэрээнд тусгайлан заасны дагуу Хөрөнгө оруулагч бүрэн хариуцахаар заажээ.

Байгаль орчны талаар:

Байгаль орчны холбоотой бүхий л хууль тогтоомж,   олон   улсын   стандартад   нийцсэн   үйл   ажиллагаа   явуулж,   нөхөн сэргээлтийг хайгуул, ашиглалтын бүхий л үе шатанд хэрэгжүүлэх заалтуудыг гэрээнд тусгасан байна.

  • Байгаль орчин, усны ашиглалтын нөлөөллийн талаархи байнгын хяналт, мониторингийг Монголын Улсын Засгийн газар тогтмол тавьж байх үүрэгтэй.
  • Хөрөнгө оруулагч Байгаль орчныг хамгаалах жил бүрийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хариуцахаар заажээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилтийн хяналт-шинжилгээг хөндлөнгийн бие даасан, мэргэжлийн этгээдээр хийлгүүлэх бөгөөд тайланг 3 жил тутамд Засгийн газарт хүргүүлж байна.
  • Хөрөнгө оруулагч нь уурхай хаахтай холбоотой зардлыг 7 жилийн өмнөөс хөрөнгө оруулагчийн мэдэлд үл байх тусгай дансанд хуримтлуулна.
  • Ус ашигласны төлбөрийг тухайн үеийн хууль тогтоомжид заасан нөхцөл, хэмжээгээр төлөхөөр тохиролцжээ.

Эрчим хүч, авто зам болон дэд бүтцийн талаар:

  • Эрчим хүчний эх үүсвэрийг Оюутолгой төслийн барилга байгууламжийг барьж дуусгах, ордыг ашиглалтад оруулж эхлэх үе буюу 4 жилийн дотор БНХАУ-аас хангах боломжтой бөгөөд үүнээс хойшхи хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч хэрэглэхээр тохиролцжээ. Эрчим хүч үйлдвэрлэх барилга байгууламжийг барихдаа Монгол Улсад хамгийн тохиромжтой байршлыг сонгоно.
  • Хөрөнгө оруулагч Оюутолгой орд болон Гашуун Сухайтын хилийн боомтын хооронд олон улсын стандартын авто зам барина. Мөн төсөл хэрэгжих орчинд нисэх онгоцны хөөрөх, буух зурвас байгуулах юм байна.

Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний талаар:

  • Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Оюутолгой төслийг ашиглалтад орсны дараа нийт ажиллагсдын 90 хувь нь Монгол ажилчид байна. Харин Оюутолгой төслийн барилга угсралтын үед гадаадын нарийн мэргэжлийн ажилчид зайлшгүй шаардлагатайг харгалзан үззж ажиллагсдын 60-аас доошгүй хувь нь Монгол ажилчид байхаар тусгав.
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш таван жилийн дотор инженер техникийн ажилтны 50 хувиас доошгүй, арван жилийн дотор 70 хувиас доошгүй нь Монгол Улсын иргэд байх талаар бүхий л арга хэмжээ авахыг гэрээнд тусгажээ.
  • Гэрээлэгчтэй хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр болон түр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бүх этгээд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд заавал хамрагдана.
    Хөрөнгө оруулагч нь гадаадын болон Монгол улсын иргэн, инженер-техникийн болон мэргэжилтэний цалин хөлсийг тогтоохдоо адил хөдөлмөрт адил цалин хөлс олгох зарчим баримтлах тухай заалтыг гэрээнд тусгажээ. Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинто компани нь Монгол оюутнуудад, ялангуяа уул уурхайн салбарын мэргэжил, инженер-техникийн чиглэлээр суралцагсдад сургалтын 150 тэтгэлэг олгох ба эдгээрээс 30 тэтгэлэг нь гадаад орны их, дээд сургуульд суралцах тэтгэлэг, бусад нь дотоодын их, дээд сургуульд суралцахад олгогдоно.
  • Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр бослноос хойш 90 хоногийн дотор Оюу толгой төсөлд ажиллах Монгол Улсын иргэдийг сургах 5 жилийн дэлгэрэнгүй стратеги болон төлөвлөгөөг танилцуулахаар гэрээнд тусгажээ.

Хөрөнгө оруулагчийн эрх, үүргийн талаар:

  • Энэхүү гэрээнд тусгайлан өөр нөхцөл тохироогүй бол Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөр гэрээний төсөлд тусгажээ.
  • Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өөрийн тодорхойлсон менежмент, маркетингийн зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрхтэй байх, Монгол Улс дахь өөрийн сонгосон арилжааны банк болон гадаад орны банкинд данс нээж, сонгосон валютаараа чөлөөтэй, саадгүйгээр гүйлгээ хийх тухай гэрээнд заажээ. Мөн гэрээнд дор дурдсан гол заалтуудыг тусгасан байна:
    • Хөрөнгө оруулагч нь урьдчилан тооцоолсноор 5 тэрбум долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг хийнэ. Эхний хөрөнгө оруулалтыг 5 жилийн хугацаанд хийх бөгөөд хөрөнгө оруулалтын зардлын хуваарийг техник, эдийн засгийн үндэслэлд зааж өгнө.
    • Хөрөнгө оруулагч нь тухайн хуанлийн жилд оруулсан хөрөнгө оруулалтын тайлангаа дараагийн хөрөнгө оруулалтын жилийн эхний улиралд багтаан баталсан маягтын дагуу гаргаж сайдад хүргүүлнэ. Энэхүү тайланг сайдад хүргүүлэхээс өмнө санхүүгийн аудитыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, нягтлан бодох бүртгэлийн аудитын компаниар хийлгэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын эрх, үүргийн талаар:

  • Засгийн газар энэхүү гэрээнд тохиролцсон хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах орчныг гэрээний хугацааны туршид тогтвортой мөрдөх талаар энэхүү гэрээнд заасан баталгаа, нөхцлөөр хангах үүргийг хүлээхээр гэрээнд тусгасан байна.
  • Хөрөнгө оруулагч энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ Давагдашгүй хүчин зүйлээс өөр шалтгаанаар биелүүлэлгүй 6 сар өнгөрвөл үүргээ биелүүлээгүй тухай болон түүнийг засахыг шаардаж Сайд хөрөнгө оруулагчид бичгээр мэдэгдэл өгнө. Мэдэгдэл өгснөөс хойш ажлын 60 хоногийн дотор Хөрөнгө оруулагч уг мэдэгдэлд заасан үүргийг биелүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд сайд гэрээг цуцлах эрхтэй.
  • Канад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулагч Айвенхоу майнз компанийн хяналтын багц гадаадын Засгийн газар эсвэл Засгийн газрын хяналттай байгууллагад, хуулийн этгээдэд шилжих тохиолдолд энэхүү гэрээгээр тогтворжуулсан заалтуудыг Засгийн газартай дахин яриа, хэлэлцээ хийсний үндсэн дээр тохиролцоно. Гэрээний эрх үүргийг зөвшөөрөлгүй шилжүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах эрх Засгийн газарт үүснэ.

Хөрөнгө оруулалтыг хамгаалах талаар:

Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалт нь Үндсэн хууль, Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, тэдгээртэй уялдуулан гарсан бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зүйн хамгаалалтыг эдлэхээр гэрээний төсөлд тусгажээ.

Гэрээ дуусгавар болох талаар:

Гэрээний төсөлд дараахь тохиолдолд гэрээ дуусгавар болохоор тусгасан байна. Үүнд:

  • Гэрээний хугацаа дууссан болон хөрөнгө оруулагч гэрээг сунгаагүй тохиолдолд;
  • Хөрөнгө оруулагч Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээг бусдад шилжүүлсэн тохиолдолд Засгийн газар Хөрөнгө оруулагчид гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдлийг  хүргүүлсэн;
  • Хөрөнгө оруулагч гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу хоёр тал харилцан тохиролцсон тохиолдолд;
  • Аж ахуйн нэгж дампуурсан, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн заалтыг удаа дараа ноцтой зөрчсөний учир эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон тохиолдолд болон Эрдэс, баялаг эрчим хүчний сайд үйл ажиллагаагаа сэргээхийг шаардсан мэдэгдэл бичгээр Хөрөнгө оруулагчид өгснөөс хойш ажлын нэг зуун хорин (120) өдрийн дотор үйл ажиллагаагаа сэргээгээгүй тохиолдолд;
  • Гэрээнд заасан үндэслэлээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд гэрээг дангаар цуцалсан тохиолдолд;

Давагдашгүй хүчин зүйлийн талаар:

Гэрээний төсөлд давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүгдийг, эсхүл аль нэгийг нь биелүүлээгүй бол ийнхүү биелүүлээгүйн улмаас гарах үр дагаварт талууд хариуцлага хүлээхгүй байхаар тусгажээ.

Маргааныг шийдвэрлэх талаар:

Гэрээний төсөлд аливаа маргааныг талууд аль болох харилцан тохиролцож талуудад ашигтай байхаар шийдвэрлэнэ. Хэрэв маргаан гарсан тухай мэдэгдэл явуулснаас хойш 60 хоногийн дотор Талууд нэгдсэн шийдвэрт хүрч зөвшилцөхгүй бол маргааныг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр мөрдөгдөж байсан НҮБ-ын Олон улсын худалдааны комиссын Арбитрын дүрмээр тодорхойлсон журмын дагуу шийдвэрлүүлэх юм байна.

Гэрээний эрх, үүргийг шилжүүлэх талаар:

Гэрээний төсөлд хөрөнгө оруулагч нь Засгийн газрын зөвшөөрсний дагуу энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэх эрхтэй байна.

Бусад зүйлийн талаар:

Гэрээний төсөлд талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болохоор тусгалаа.

  • Талуудын эрх бүхий этгээд зөвшөөрсний дагуу талууд гарын үсэг зурж, урьдчилсан нөхцөл хангагдсан өдрөөс Гэрээ хүчин төгөлдөр болохоор тусгасан болно. Гэрээг баталгаажуулах урьдчилсан нөхцөлд компаний дүрэмд өөрчлөлт оруулж бүртгүүлэх, далд уурхайн нөөцийг баталж, техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэх, өнөөг хүртэл гарсан зардалд аудит хийх зэрэг найман зүйлийг заасан бөгөөд Гэрээнд гарын үсэг зурснаас 6 сарын дотор урьдчилсан нөхцөлүдийг хангах ёстой юм.
  • Энэхүү Гэрээг 30 жилийн хугацаатайгаар байгуулж байгаа бөгөөд хэрэв Хөрөнгө оруулагч гэрээнд заасан нөхцөл шаардлагыг хангасан бөгөөд хөрөнгө оруулалтаа хадгалж үргэлжлүүлэх хүсэлтэй бол 6 сарын өмнө Засгийн газарт мздэгдэл хүргүүлж Гэрээний хугацааг 20 жилээр сунгах эрхтэй. Засгийн газар уг мэдэгдлийг хүлээн авснаар гэрээг шууд сунгахаар тусгасан болно.

Хувьцаа ззэмшигчдийн гэрээний төслийн талаар:

Хувьцаа эзэмшигч нарын хооронд хийгдэх гэрээнд компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, удирдлага, хувьцааг шилжүүлэх, сонирхлын зөрчил бүхий хэлцэл хийх, шинээр хувьцаа болон бусад үнэт цаас гаргах зэргийг тусгахаар болсон байна.

  • Хувь нийлүүлэгчдийн хурлын түвшинд төрийн өмчит “Эрдэнэс МГЛ ХХК” 34 хувийн саналтай байх бөгөөд хувь нийлүүлэгчдийн хурлаас шийдвэр нь дийлэнх олонхоор гарах тул шийдвэрт хориг тавих эрхтэй байх юм. Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ ХХК” нь өдөр тутмын менежмент, удирдлагад хутгалдах ёсгүй гэсэн байр сууринаас хувь нийлүүлэгчдийн хурлын түвшинд шийдэгдэх асуудал нь компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, компани нийлэх, нэгдэх, хуваах, өрийг хувьцаагаар солих, зэрэг найман зүйлд хязгаарлагджээ.
  • Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 3 гишүун нь Монголын талаас, 6 гишүүн нь “Айвенхоу майнз”, “Рио Тинто”-ийн талаас байх юм. ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилно.
  • Хувьцаа эзэмшигч нь нөгөө хувьцаа эзэмшигчид мэдэгдсэнээр ТУЗ-ийн гишүүнийг сольж болох боловч энэ тухай шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргана.
    Нэгдмэл сонирхолтой этгээдийн хооронд гүйлгээ, худалдаа наймаа хийж ашгийг өөртөө гулгуулахаас урьдчилан сэргийлэх үүднээс сонирхлын зөрчилтэй гэж үзэж болох харилцааг Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас хэвлэн нийтлүүлсэн зарчмын дагуу зохицуулах заалтыг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгахаас гадна сонирхлын зөрчилтэй гүйлгээг ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх, хэрэв аль нэг Хувь нийлүүлэгч шаардлагатай гэж үзвэл бүрэн мэдээлэл авсны үндсэн дээр олон улсын хэмжээнд нэр хүндтэй байгууллагаар аудит хийлгэх эрхтэй тухай заажээ. Хараат бус байгууллагын дүгнэлтийн дагуу сонирхлын зөрчилтэй гүйлгээ нь компанид хохирол учруулсан бол хохирлыг барагдуулах тухай заалтыг мөн тусгасан байна.
  • Компани санхүүгийн бүртгэлийг олон улсын стандартын дагуу гүйцэтгэж Хувь нийлүүлэгчиддээ заавал гаргаж өгөх болно.
  • Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг “Айвенхоу майнз” компани бүрэн хэмжээгээр хийхэр заажээ. Айвенхоу майнз компани “Эрдэнэс МГЛ ХХК”-ийн нэрийн өмнөөс санхүүжүүлэлт хийх үүрэг хүлээх юм байна. “Эрдэнэс МГЛ ХХК-ийн өмнөөс санхүүжүүлсэн дүн нь эргэн төлөгдөх зээл байх бөгөөд санхүүжилтийн хүү 9.9 хувьтай байна. Үлдэгдэл төлбөрийн дүнд АНУ-ын өргөн хүрээний барааны индексийн (УЗСР1) тохируулгыг хийх бөгөөд үлдэгдэл төлбөрийн дүн эргэн төлөгдөж дуустал “Эрдэнэс МГЛ ХХК” ногдол ашиг авахгүй юм.
  • Талууд хувьцаагаа зарах, худалдах тохиолдолд харилцан бие биедээ мэдэгдэнэ. Нэг тал хувьцаагаа зарах тохиолдолд нөгөө талдаа эхэлж худалдах санал тавина.
  • Монгол Улсын Засгийн газар өөрийн эзэмших 34 хувийг бусдад худалдах тохиолдолд зээлийн үлдэгдэл төлбөрийг бүрэн хийхээр гэрзэнд тусгасан байна.
  • Оюутолгой төслийн менежментийн удирдлагыг Айвенхоу Майнз, Рио Тинто бүрэн хариуцна.
  • Удирдлагын зардал нь төслийн бүтээн байгуулалтын үед нийт зардлын 3 хувиар санхүүжих бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсний дараа зардлын 6 хувиар санхүүжих юм байна.