НҮБ-ын Тусгай Илтгэгч Магдалена Сепулведа Кармона 2012 оны 12 сарын 2-7-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хандсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ядуурлын асуудлаар ажилладаг арав гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.
Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгуулсан энэхүү уулзалт нь Тусгай Илтгэгчийн айлчлалын чухал хэсэг байсан бөгөөд дараах асуудлын хүрээнд ярилцаж мэдээлэл солилцов. Үүнд:
- Монгол дахь ядуу болон хэт ядуу иргэдийн нөхцөл байдлын ерөнхий дүр зураг, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, дотоодын шилжин суурьшигсад, малчид, хөдөөгийн болон нүүдэлчин иргэд, ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчид, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогсод, дүрвэгсэд болон харьяалалгүй хүмүүсийн хувьд ядуурлын байдал ямар байгаа талаар мэдээлэл,
- Монголын нийгэм дэх тэгш бус байдал, аль нэг бүлэг нийгэм, эдийн засгийн хөгжлийн гадна үлдэх явдалд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлс, тэгш зохистой хөгжлийг хангахад Монголын Засгийн газраас хийж буй алхмууд,
- Ядуу иргэдэд төрөөс үзүүж буй үйлчилгээ (эрүүл мэнд, боловсрол, шударга шүүх зэрэг) авахад тулгамдаж байгаа үндсэн бэрхшээлүүд,
- Ядуурлыг арилгах бодлого, хөтөлбөрүүд (ялангуяа нийгмийн хамгаалал, тусламжийн): хууль эрх зүйн орчин түүний хэрэгжилт, сайн туршлага хийгээд хүндрэл бэрхшээлүүд болон
- Нийгмийн бодлогод жендерийн хандлагыг төлөвшүүлэх асуудлаар ярилцав.
Хатагтай Магдалена Сепулведа Кармона нь Чили Улсын иргэн бөгөөд хуульч мэргэжилтэй, Их Британы Эссексийн Их сургуульд Хүний эрхийн Магистр, Нидерландын Утрехтийн Их сургуульд Олон улсын хүний эрхийн Докторын зэрэг хамгаалсан. Тэрээр эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хүрээнд олон жил судлаач шинжээчээр ажилласан туршлагатай бөгөөд 2008 оноос НҮБ-ын Тусгай Илтгэгчээр томилогдон ажиллаж байна.