Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд өгөх санал

A- A A+
Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд өгөх санал

Уул уурхайн салбарын үйл ажиллагааг хянан зохицуулахад Ашигт малтмалын хууль онцгой үүрэгтэй ч бусад олон хууль тогтоомжийн хамт энэ салбарын эрх зүйн орчныг бүрдүүлдэг. Харин олон нийтэд зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн төслийг танилцуулсан ба түүнийг дагалдан бусад хууль тогтоомжид ямар нэмэлт өөрчлөлт орох тухай мэдээлэл хараахан байхгүй байгаа нь уул уурхайн эрх зүйн орчин бүхэлдээ хэрхэн өөрчлөгдөх тухай бодитой дүгнэлт хийх боломжийг хязгаарлаж байна. Тухайлбал, шинэ хууль батлагдсан тохиолдолд өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу үйл ажиллагаагаа нэгэнт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд шинэчилсэн хуулийн нөхцөл ямар хүрээнд үйлчлэх, тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, татварын орчин, төсвийн хууль тогтоомжтой уялдах байдал зэрэг чухал хүчин зүйлс хэрхэн зохицуулагдах нь тодорхойгүй байна.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах асуудал тусгасан байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
  1. Тусгай зөвшөөрлийг анх олгохдоо сонгон шалгаруулалтын зарчмыг гол мөрдлөг болгох нь оновчтой гэж үзэж байна. Сонгон шалгаруулалтыг ил тод явуулах чиглэлд ахиц дэвшил гарахаар болжээ.  

  2. Уул уурхайн олборлолтын үед тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын зэрэг төрөл бүрийн гэрээ байгуулах замаар татвар, төлбөр, хяналтын олон тооны дэглэм үүсэх нөхцлийг хязгаарлаж, цөөн тохиолдолд Орд ашиглах гэрээ байгуулах боломжийг тусгасныг дэмжиж байна. Ашигт малтмалыг олборлох явцад зарим нэг компанид ялгавартай хандах, тусгайлсан эрх зүйн орчин бүрдүүлэх бус, бүх компанид хуулийн дагуу, ижил тэгш нөхцлөөр хандах нь өрсөлдөөнийг дэмжих болон төр, олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг бүрдүүлэх талаасаа оновчтой юм.

  3. Бүртгэл, тайлангийн тогтолцоог өнөөгийн хүрсэн түвшнээс илүү боловсронгуй болгохыг зорьсныг тэмдэглэж байна. Ялангуяа Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн сан, Тусгай зөвшөөрлийн бүртгэлийн нэгдсэн сан байгуулах, тэдгээрийг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах санал, санаачлагыг бүрэн дүүрэн дэмжиж байна. 

  4. Уурхай, үйлдвэрийг хаах, нөхөн сэргээлт хийхтэй холбоотой тусгай бүлэг шинээр оруулсан нь нэн сайшаалтай болжээ.

  5. Уул уурхайн салбарын үйл ажиллагаанд төрийн зүгээс үр дүнтэй хяналт тавих нөхцлийг хангахад онцгойлон анхаарсан заалтууд орсон байна. Талбай, ордыг улсын болон орон нутгийн нөөц, тусгай хэрэгцээнд авах, ажлын зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс мэдээлэл гаргуулж авах зэрэг асуудлаар илүү нарийн зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Нийтэд ил болгосон мэдээллийн хүрээнд уул уурхайн салбарын сайн засаглалыг бэхжүүлэхтэй холбоотой зарим асуудлаар байр сууриа илүү дэлгэрэнгүй хэлбэрээр танилцуулахыг зорилоо. Нэн ялангуяа уул уурхайн салбарын (1) мэдээллийн ил тод байдлыг хангах, (2) оролцогч талуудын эрх үүргийг зохистой хуваарилан, тодорхой болгох, (3) хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх асуудлыг уг хуулийн төсөлд хэрхэн тусгасантай холбогдуулан санал зөвлөмжөө дор багцлав.

Мэдээллийн ил тод байдлыг хангах тухайд
  1. Хуулийн төслийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тайлан, мэдээллийг бэлтгэн төрийн байгууллагад өгөх тухай цөөнгүй зохицуулалтууд хийгджээ. Ийнхүү мэдээллийн урсгал нэмэгдэж буйг дэмжиж байгаа ч нэг талаас тусгай зөвшөөрөл эзэмшигч, нөгөө талаас төр засаг аль аль нь мэдээллээ олон нийтэд ил тод тайлагнадаг байх зарчим тэр бүр үйлчлэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, төр засаг олон төрлийн мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргуулан авч байгаа ч зарим хэсгийг нь тодорхой нөхцөлтэйгээр олон нийтэд мэдээлэх, мөн төрийн байгууллагад төвлөрөх тайлан мэдээг олон нийтэд тэр бүр хүргэхгүй байх нөхцөл бүрэлдэх боломжтой нь ажиглагдаж байна. Зарим жишээг дурьдвал:

    • Эрдэс баялгийн мэдээллийн Үндэсний сан, Тусгай зөвшөөрлийн мэдээллийн сан зэргийг олон нийтэд нээлттэй болгоно гэж байгаа ч ямар арга зам, хэлбэрээр, хэзээ ил болгох нь тодорхойгүй, мөн “нууцад хамруулснаас бусад мэдээллийг” (12.5-р заалт),  эсвэл “төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу” (104.3-р заалт) нийтэд ил болгохоор тусгасан нь бодит байдалд мэдээллийн ил тод байдлыг хангахад хүндрэл учрахаар байна. Ялангуяа төрийн захиргааны байгууллага өөрт байгаа мэдээллийг олон нийтэд хүргэхдээ өөрөө журам гарган, хязгаарлалт хийх боломжтой байгаа нь зарчмын хувьд оновчгүй гэж үзэж байна.
    • Орд ашиглах гэрээ, түүнийг дагалдан хийгдсэн бусад гэрээний “нууцад хамруулснаас бусад нөхцөл, заалт, нэмэлт өөрчлөлт” олон нийтэд ил байна гэж заасан (10.5-р заалт) байна. Үүнд нууцад хамруулах шалгуур, олон нийтэд ил тод хүргэх арга зам, хугацаа, хариуцах эзэн зэрэг нь тодорхой биш байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын зэрэг томоохон гэрээ нэгэнт бүрэн хэмжээгээрээ олон нийтэд ил тод болсон тул тэгш байдлыг хангах үүднээс аливаа Орд ашиглах гэрээг бүрэн хэмжээгээр ил тод байлгах нь зохимжтой.
    • Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрт холбогдох аливаа мэдээллийг байгууллагын нууц хэмээн далд байлгах боломжтой ч  уг мэдээллийг төрийн захиргааны байгууллага нууцлах үүрэг хүлээж байгаа нь (101.3-р заалт) уул уурхайн үйл ажиллагааны талаар олон нийтэд хүрэх мэдээлэл ихээхэн хязгаарлагдмал болох талтай байна.
    • Хамтран ажиллах гэрээ, Орон нутгийг хөгжүүлэх гэрээг олон нийтэд ил тод болгох шаардлагыг хуулинд тусгах нь чухал гэж үзэж байна. Уг гэрээг Бүртгэлийн сангаар дамжуулан олон нийтэд нээлттэй болгох тухай зохицуулалт нь хангалтгүй бөгөөд байгуулагдсан үед нь ялангуяа тухайн орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байдлаар мэдээлэгдэх ёстой. Дээрх гэрээ нь олон нийтэд ил тод байснаар гэрээний талууд хариуцлагатай байж, иргэд харилцан хяналт тавих нөхцөл бүрдэнэ.
  2. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхэд чиглэсэн зарим санаачлага хэрэгжиж ирсэн билээ. Ялангуяа олон улсад хэрэгжиж буй Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад Монгол Улс нэгдэн орж, мэдээллийн ил тод байдлын дэвшилтэт стандартыг нэвтрүүлж байна. Уг стандартын үндсэн зарчим нь төр засаг, компани аль аль нь иргэд, олон нийтэд мэдээллээ хүргэх ажлыг иргэний нийгмийн оролцоотой хэрэгжүүлэх явдал юм. Уг санаачлагыг хэрэгжүүлж ирсэн туршлагад үндэслэн, цаашид энэхүү ил тод байдлын стандартыг үйл ажиллагааны ердийн соёл болгон хэвшүүлэх зорилгоор эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох таатай нөхцөл уг хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор үүсч байна. Үүнтэй холбогдуулан дараах харилцааг нэмж зохицуулахыг санал болгож байна:
  • Хуулийн төсөлд “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилд олборлосон, боловсруулсан, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөр, хураамж, Хамтран ажиллах гэрээ, Орон нутаг хөгжүүлэх гэрээний дагуу зарцуулсан хөрөнгийн нийт хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлэх үүрэгтэй.” (101.12-р заалт) гэсэн заалт нь компаниуд зөвхөн төрийн захиргааны байгууллага бус, олон нийтэд шууд тайлагнадаг өнөөгийн үйлчилж буй хуулийн чухал зарчмыг хөнджээ. Иймээс өнөөгийн үйлчилж буй эрх зүйн орчинг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Түүнчлэн санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уул уурхайн компаниудаас төрийн байгууллагуудын хүлээн авсан аливаа төлбөр, тухайн жилд компаниудтай байгуулсан Орд ашиглалтын, Хамтын ажиллагааны болон Орон нутгийг хөгжүүлэх гэрээг олон нийтэд мэдээллэх үүргийг хуулинд нэмж оруулж өгснөөр дээрх санаачлагыг хэрэгжүүлэхэд учирч болох эрх зүйн саад тотгорыг арилгаж чадна гэж үзэж байна.
  • Төрийн байгууллагууд компаниудаас авсан татварын бус аливаа төлбөр тухайлбал, хандив дэмжлэг, хөрөнгө оруулалт зэрэг мэдээллийг ч талууд тус тусдаа ил тайлагнадаг байх зарчмыг дээрх санаачлагын хүрээнд хэрэгжүүлэн хэвшиж ирснийг хуулинд тусгах нь оновчтой. Түүнчлэн жил бүр гаргах нэгдсэн тайланд дээрх төлбөрүүдтэй холбоотой мэдээллээс гадна гэрээ, лицензийн тухай мэдээллийг ч нэгтгэн, олон нийтэд хүргэх боломжтой юм.
  • Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын нэг чухал зарчим болсон төр засаг, компаниуд, иргэний нийгмийн оролцоотойгоор уул уурхайн асуудлуудыг шийдвэрлэх, үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх, уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэгт иргэний нийгэм, компанийн төлөөллийг оролцуулсан гурван талт бүтцийг бий болгон, тодорхой асуудлаар хамтарсан шийдвэр гаргах эрхийг олгох нь чухал юм. Тусгай зөвшөөрлийн бүртгэлийн сан, эрдэс баялгийн  Үндэсний нэгдсэн сан зэргийн мэдээллийг бүрдүүлэх ба олон нийтэд ил тод байлгах ажлыг гурван талын оролцоотой ажиллаж буй Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Үндэсний зөвлөл, эсвэл түүнтэй төстэй байгууллагаар гүйцэтгүүлэх нь иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох чухал хөшүүрэг болох юм.

3. Тусгай зөвшөөрөл олгох, уул уурхайн үйл ажиллагааг хянахад орон нутгийн удирдлага, иргэдийг оролцуулах талаар хэд хэдэн заалт хуулийн төсөлд тусгагдсан ч ерөнхий, тунхагийн шинжтэй, оролцоог хангах боломж, арга замуудыг тодорхой зааж өгөөгүй, байдал ажиглагдаж байна. Орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоо нь уул уурхайн бодлого амжилттай хэрэгжих нэн чухал хүчин зүйл тул оролцогчдын эрх, үүргийг нарийвчлан зааж өгөх шаардлагатай байна.Тухайлбал:

    •  Анх эрлийн тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт явуулах талбайг зарлахдаа нутгийн өөрөө удирдах байгууллагаас санал авах заалт байгаа ч түүнийг тойрч гарах боломж нээлттэй байна. Тухайлбал, санал авах мэдэгдлийг 35 хоногийн дотор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар (ИТХ) хэлэлцэн дэмжсэн, эсвэл татгалзсан шийдвэр гаргах ёстой гэж заасан (39.3-р заалт) ч энэ хугацаанд шийдвэр гаргахгүй буюу ИТХ хуралдаж амжихгүй байх, улмаар дэмжсэнд тооцогдох (39.3.3-р заалт), эсвэл тэргүүлэгч цөөн хүмүүс шийдвэрийг гаргах боломж нээлттэй байна. ИТХ цагтаа хуралдаж, хариуцлагатай шийдвэр гаргах нөхцлийг хангах үүднээс санал авах захидлыг төрийн захиргааны төв байгууллагаас орон нутгийн удирдлагад илгээсэн өдрөөс эхлэн олон нийтэд цахим болон бусад хэлбэрээр нээлттэй зарлаж, сумын иргэд ИТХ-ынхаа шийдвэр гаргах үйл явцыг хянах боломжийг олгох;
    • Сонгон шалгаруулалтаар олгох талбайг зарлахад орон нутгаас саналыг нь авч байгаа ч улсын нөөцөд авсан талбай, ордод үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг төрийн өмчийн оролцоот компанид аливаа сонгон шалгаруулалтгүйгээр олгох боломжтой ба энэ тохиолдолд нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас санал авах шаардлагагүй байгааг өөрчлөх;
    • Олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа компани Орон нутгийг хөгжүүлэх гэрээг зөвхөн аймгийн өөрөө удирдах байгууллагатай байгуулж байгаа (86.2.3-р заалт) нь уурхайн үйл ажиллагаа ойрхон явагдаж буй тухайн хот суурин, сумын иргэдийн эрх ашиг нэн тэргүүнд хамгаалагдах, үүсч болзошгүй асуудлыг шийдвэрлэх боломжийг хязгаарлаж байна.      

Хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх тухайд

  1. Хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх ажлыг иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор хийх шаардлагатай. Мэдээллийг олон нийтэд ил тод болгох нь үүний нэг хэсэг хэдий ч шийдвэр гаргах, хяналт тавих явцад иргэд, иргэний нийгмийн төлөөллийг шууд оролцуулах нь зохимжтой. Тухайлбал:
    • Геологийн судалгааны, Эрдсийн нөөцийн, мөн Уул уурхайн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг нээлттэй болгох үүднээс сайн засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудаас төлөөлөл оруулах, мөн уг зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай.
    • Нөхөн сэргээлт, байгаль орчинтой холбоотой бусад асуудлаар сумын байгаль орчны байцаагч хяналт тавих, аливаа асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны цар хүрээг харгалзахгүйгээр мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт тавихаар байгаа нь бодит амьдралд ихээхэн хүндрэл учрах, хяналт чанартай тавигдахгүй байх нөхцлийг үүсгэж байна.
  2. Хяналт тавих, хариуцлага тооцох үйл явцыг нарийн тодорхойлж өгөх шаардлагатай. Тухайлбал, зөрчлийн төрлөөс хамааран ногдох хариуцлага ялгавартай байх нь зохимжтой ч төрийн байгууллага, албан тушаалтны үзэмжээр хариуцлагыг хэт ялгавартай тооцох боломжтой байгааг анхаарах нь зүйтэй.
    • “Мэргэжлийн хяналтын байгууллага шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагч томилж болно” (140.1-р заалт),  “талбай, барилга байгууламжид байгаа бичиг баримтад үзлэг, шалгалт хийх, шаардлагатай тохиолдолд бичиг баримтыг бүгдийг эсхүл заримыг хураан авах” (140.2.1-р заалт) зэрэг хэт ерөнхий тодорхой бус заалтууд хуулийн төсөлд тусгагдсаныг засч, “шаардлагатай тохиолдолд” гэдгийг илүү нарийвчлан томьёолох нь хяналт тавих үйл явцыг илүү үр дүнтэй болгох юм.
    • Зөрчил гаргасан тохиолдолд их хэмжээний ялгавартай мөнгөн торгууль ногдуулах боломжтой байгаа ба торгуулийн хэмжээг тогтоох шалгуур, тавигдах хяналт зэргийн талаар тодорхой заалт зохицуулалт ороогүй байна.

Хуулийн төслийг боловсруулагчид манай байгууллагын эдгээр саналыг хүлээн авч, нарийвчлан судалж, хуулийн төсөлд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэгт итгэж байна.

Олон нийтэд ил тод тайлагнах мэдээллийн агуулга, чанар, цар хүрээ, цаг хугацаа, шат дамжлага, хариуцах эзэн зэргийг хуулийн хүрээнд дэлгэрэнгүй зохицуулж өгөх нь хуулийн хэрэгжилт, уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавихад иргэдийн оролцоог хангах нөхцлийг бүрдүүлэх юм. Зарим нэгэн жишээ дурьдвал:
  • Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх тухай хуулийн төсөлд зааж өгсөн (37 дугаар зүйл) байгаа ч тусгай зөвшөөрлийн эзэмшигч, өргөдөл гаргагч компанийн удирдлагын талаарх мэдээллийг мөн олон нийтэд ил мэдээлэх шаардлагатай. Түүнчлэн уг зүйлд тусгагдсан олон нийтэд мэдээлэх үүрэг нь Тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санг олон нийтэд ил тод байлгах тухай (104.3-р заалт) зохицуулалттай яаж  уялдах нь ойлгомжгүй байгааг тодруулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, 37-р зүйлд тусгагдсан Олон нийтэд мэдээлэх үүрэг нь Бүртгэлийн санг иж бүрэн, дэлгэрэнгүй хэлбэрээр олон нийтэд хүргэх шаардлагыг хязгаарлаж таарахгүй.
  • “Бүртгэлийн сан нь цахим хэлбэртэй байж болно” (104.4-р заалт),  “тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шүүхээс гаргасан шийдвэрийг бүртгэлийн санд бүртгэж болно” (104.8-р заалт), “баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бол түүнийг бүртгэсэн бүртгэлийг төрийн захиргааны байгууллагын дарга хүчингүйд тооцож  болно” (105.1-р заалт), “бүртгэлд гарсан алдааг төрийн захиргааны байгууллагын бүртгэл хариуцсан нэгжийн дарга өөрийн санаачлагаар болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр залруулж болно” (109.1-р заалт)  зэрэг мэдээ мэдээлэл бүрдүүлэхтэй холбоотой тодорхой бус, албан тушаалтан үзэмжээрээ шийдвэр гаргаж болох олон заалт орсныг өөрчилж, илүү тодорхой болгох боломжтой. Өртөг багатай цахим технологи өргөн тархсан тул мэдээллийг аль болох дэлгэрэнгүй, шуурхай хэлбэрээр хадгалж, олон нийтэд хүргэх шаардлагатай гэж үзэж байна.
  • Сонгон шалгаруулалтын үйл явцыг нээлттэй болгох тодорхой зохицуулалт байгаа ч зөвхөн ялагч төдийгүй сонгон шалгаруулалтад нийт оролцогчдын нэрсийг ил тод зарлах шаардлагатай.
  • Талбай, ордыг улсын нөөцөд, мөн тусгай хэрэгцээнд авах болон хасах шийдвэр гаргах үйл явц, шийдвэрийн үндэслэл, тавигдах нөхцөл, талбайн талаарх мэдээлэл зэргийг олон нийтэд мэдээлэх харилцааг хуулинд тусган оруулах нь зүйтэй. 

Оролцогч талуудын эрх үүргийг зохистой хуваарилан, тодорхой болгох тухайд

  1. Уул уурхайн үйл ажиллагаанд хамгийн их маргаан үүсгэдэг нэг асуудал нь ашигт малтмалын өмчлөлийн эрх, уг эрх нь төрөөс бусдад шилжих явдал юм. Тухайлбал, газрын хэвлийд байхдаа ашигт малтмал төрийн өмч гэдэг ч олборлоод гаргаад ирсэн ашигт малтмал олборлосон компанийн өмч мөн эсэх, түүнчлэн ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын явцад бий болох мэдээллийн өмчлөлийн байдлыг илүү тодорхой зааж өгөх нь баялгийн үнэлгээ, бодит өмчлөлтэй холбоотой үүсэх эргэлзээг шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлнэ. Анхаарал татаж буй зарим асуудлыг дурьдвал:
    • Эрэх, хайх, олборлох, боловсруулах тусгай зөвшөөрөл олгогдох шат тус бүрт өмчлөлийн байдал хэрхэн өөрчлөгдөх талаар зохицуулалт оруулж болно. Тухайлбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөд зогсохгүй, бусад төрлийн татвар төлбөр төлөх, нөхөн сэргээлт хийх зэрэг бусад үүргээ иж бүрнээр нь биелүүлснээр ашигт малтмалын өмчлөлийн эрх бүрэн шилжих зохицуулалт хийх нь оновчтой.
    • Уул уурхайн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулахыг хориглосон ба олборлосон бүтээгдэхүүнийг төрийн өмч байхаар тодорхой зааж өгчээ (4.3-р заалт). Үүний адилаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсны дүнд бий болсон ашигт малтмалын тухай мэдээллийг төрийн өмч байлгах боломжтой.
  2. Төрийн байгууллага, албан тушаалтнууд тусгай зөвшөөрөл, түүнийг эзэмшигчийн үйл ажиллагаатай холбоотой олон тооны шийдвэр гаргадаг хэдий ч хуулийн төсөлд даган мөрдөх журам, үндэслэл болгох шалгуур үзүүлэлтүүд тэр бүр тодорхой биш байгаа нь шийдвэр субъектив шинжтэй байх боломжийг нээж өгч байна. Шийдвэр гаргахдаа баримтлах зарчим, удирдлага болгох шалгуур зэргийг хуульд нарийвчлан оруулж өгөх шаардлага байна. Зарим жишээг тэмдэглэвэл:
    • Талбай, ордыг улсын болон орон нутгийн нөөц, тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргах үйл явц, шийдвэрийн үндэслэлийг тодорхой болгох, олон нийтэд ил тод тайлагнадаг байх талаар зохицуулалт хийх нь зүйтэй.
    • Тусгай зөвшөөрлийг барьцаалах тохиолдолд (34-р зүйл) барьцаалагч этгээдэд тавигдах нөхцлийг үндэсний аюулгүй байдал, “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийн үзэл баримтлалыг мөрдлөг болгон тусгаж өгөх нь оновчтой.
    • Хуулийн төсөлд тодорхой байгууллагууд олон тооны дүрэм журам гаргаад, дараа нь тэр журмаа өөрөө хэрэгжүүлэх байдлаар зохицуулалтууд хийгджээ. Мэдээллийг олон нийтэд ил тод болгох, томилгоо хийх зэрэг зарим чухал асуудлыг аль болох журмаар бус хуулиар зохицуулах, журам гаргасан тохиолдолд дээд шатны байгууллага журмыг баталж, харин хэрэгжүүлэх ажлыг доод шатны байгууллага гүйцэтгэх зарчмыг мөрдвөл шийдвэр гаргах үйл явцад эерэг нөлөөлнө.