Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө
-------------------------------------------------------------------------------------------------------
ННФ-ын дэмжлэгтэйгээр 2012 онд “Глоб Интернэшнл” ТББ, хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих, хэвлэлийн эрх чөлөөний мониторинг хийх, эрхзүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хоёр жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлж байна. Уг төслөөр онлайн мониторингийн өөрөө мэдээлэх “self-alerting” тогтвортой системээр дамжуулан сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчлийн тухай мэдээллийг олон нийтэд түгээж, нөлөөллийн кампанит ажил зохион байгуулах, мэргэжлийн эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдэд эрхзүйн тусламж үзүүлж, тэднийг хамгаалах, хөдөө орон нутгийн өмгөөлөгчдөд сэтгүүлчдийг өмгөөлөхчадвар эзэмшүүлэхийг зорьж ажиллаж байна.
“Self-alerting” систем нь сэтгүүлчдэд тулгарч буй асуудал бэрхшээл, мэргэжлийн эрхийн зөрчлийн талаар өөрөө мэдээлж, эрхзүйн мэдлэг олж авах, үнэ төлбөргүйгээр эрхзүйн зөвлөгөө авах боломж олгож байгаа юм. Орон нутгийн эрх мэдэлтнүүд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг дарамталж, эрхэндээ оруулах, нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад хяналт тавих, нөлөөлөх оролдлого хийдэг, нөгөөтэйгүүр тэнд сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, өмгөөллийн бүтэц байдаггүй учир уг төслийн үйл ажиллагаа хөдөө, орон нутагт ажиллаж буй сэтгүүлчдэд түлхүү чиглэгдэж байгаа юм.
Төслийн үр дүнд хөдөө, орон нутгийн сэтгүүлчдийн эрхзүйн мэдлэг дээшлэн, тулгарсан бэрхшээл, мэргэжлийн эрхийн зөрчлийн талаар эрхийг нь зөрчиж буй албан тушаалтнаас эмээлгүй мэдээлэх, мэргэжлийн эрхээ хамгаалах дадал эзэмшиж, эрхзүйн үнэгүй зөвлөгөө авах боломж бүрдэх юм. Мөн хэвлэл мэдээлэл төвлөрсөн дөрвөн аймгийн найман өмгөөлөгч хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн өмгөөллийн тухай мэдлэг, ойлголттой болно.