Төрийн бус байгууллагын хөгжлийг дэмжих эрх зүйн орчин
-------------------------------------------------------------------------------------------------------
Төрийн бус байгууллагын эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал тулгамдсан хэвээр байна. ННФ нь ашгийн бус үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалтын талаар ТББ-ын төлөөлөл болон судлаачид оролцсон хоёр өдрийн санал солилцох уулзалт зохион байгуулсан нь ТББ-ууд ашгийн бус салбарын зохицуулалтын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх, байр сууриа нэгтгэхэд чухал ач холбогдолтой боллоо. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагуудын зөвлөлдөх цуврал уулзалт зохион байгуулж нийгэмд тустай үйл ажиллагааг зохицуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргаж буй санаачлага, төрийн бус байгууллагын эрхзүйн орчныг цаашид боловсронгуй болгох шаардлага, үйл явцын талаар Хууль Зүйн Яамнаас баримталж буй бодлогын талаар иргэний нийгмийн төлөөлөл санал солилцож, байр сууриа илэрхийллээ. Ашгийн бус үйл ажиллагааны Европ дахь төвийн мэргэжилтнүүд төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзаж олон улсын сайн туршлага, эрхзүйн зохицуулалтын талаар мэдээлэл хуваалцлаа.