Нээлттэй Нийгэм Форум 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Мягмар гаригт бодлогын судалгааны арга зүйг танилцуулах нэг өдрийн сургалт семинарт сонирхсон хүмүүсийг урьж байна. Уг сургалт семинар нь бодлогын судалгаа, нөлөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлж, төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад өөрийн байр суурь, үзэл бодлыг тусгах чиглэлээр ажиллах сонирхолтой иргэний нийгмийн судлаачид болон шинжилгээ судалгааны байгууллагын хүмүүст зориулагдаж байгаа болно.
Сургалтаар бодлогын судалгааны арга зүйн онцлогийг танилцуулж, энэ төрлийн судалгааг хэрэгжүүлэх сонирхолтой иргэний нийгмийн байгууллагуудад төслөө боловсруулахтай холбоотой зөвлөгөө өгөх юм. Сургалтын агуулга нь 3 үндсэн хэсгээс бүрдэх ба эхний хэсэгт төрийн бодлогын онолын тодорхойлолтыг судалж, нэгдсэн ойлголтод хүрэх хэлэлцүүлэг хийнэ. Дараагийн хэсэгт бодлогын судалгааны үе шат, арга зүйг танилцуулах ба үүнээс судалгаа шинжилгээний фокусыг сонгож судалгааны асуулт боловсруулах, судалгаагаар шийдэхээр зорьж буй бодлогын асуудлыг оновчтой томъёолох зэрэгт онцгой анхаарах юм. Эцэст нь оролцогчдын дэвшүүлсэн санаанд тулгуурлан бодлогын судалгааны сэдэв, асуулт боловсруулах дасгал хийнэ.
Сургалт семинарт хамрагдах хүсэлтийг [email protected] хаягаар 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээж авах ба дараах мэдээллийг багтаахыг хүсье:
- Оролцох хүний овог нэр
- Байгууллагын товч танилцуулга (1-2 догол мөр)
- Холбоо барих утас, цахим шуудангийн хаяг
Заасан цагаас хойшхи хүсэлтийг хүлээж авах боломжгүй болохыг анхаарна уу. Мөн сургалтын танхимын багтаамжийн улмаас эхний 25-28 хүнийг бүртгэх болно.
Сургалт семинарыг илүү үр дүнтэй болгох зорилгоор оролцогчдод доорх хүсэлт тавьж байна:
- Судалгааны тодорхой сэдэв, асуулт, чиглэлээ томъёолж ирэх
- 9 дүгээр сарын 17-ны өдрийн үндсэн ажлаа зохицуулж, семинарт бүтэн өдрөө зориулах боломжтой байх (9:30-18:00)
Сургалт семинарын тов:
2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр
9:30 - 18:00 цагт
Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхимд
Хаяг: Жамъян гүний гудамж – 5/1
Сүхбаатар дүүрэг
Тел: 976-11-313207
Факс: 976-11-324857
www.forum.mn