Дэлхийн өрсөлдөх чадварын индекс дэх Монгол Улсын байр суурь 2013.09.05

A- A A+
Дэлхийн өрсөлдөх чадварын индекс дэх Монгол Улсын байр суурь 2013.09.05

Хэвлэлийн мэдээ
Улаанбаатар, 9 дүгээр сарын 5

Дэлхийн эдийн засгийн форумын эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын индекс энэ жилийнхээ тайланг 9 дүгээр сарын 4-нд дэлхий даяар танилцууллаа. Энэхүү байгууллагыг бид дэлхийн тэргүүлэх орнуудын удирдагчдын дунд Давосын форумыг зохион байгуулдаг гэдгээр нь мэдэх билээ. Нээлттэй Нийгэм Форум уг байгууллагын түнш байгууллагаар 9 дэхь жилдээ ажиллаж байгаа бөгөөд тус тайлангийн Монгол Улсын бизнесийн байгууллагын удирдах ажилтны дунд явуулах судалгааг удирдан явуулдаг. Энд бид 2013-2014 оны тайланд хамрагдсан нийт 148 улсаас Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэл ямар байгааг танилцуулж байна. Өрсөлдөх чадварын энэхүү индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд Монгол Улсын өрсөлдөх чадварыг ижил төстэй улс орнуудтай харьцуулах боломж олгохын зэрэгцээ тухайн улсын өрсөлдөх чадварын өсөлт, бууралт, тогтмол байдлын талаарх мэдээллийг өгдөг. Мөн зэрэглэлд хамрагдсан улс өрсөлдөх чадварын зэрэглэлээ тодорхойлох, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг сайжруулах, шинэчлэх боломжийг олгодог.

Дэлхийн өрсөлдөх чадварын индекс (ДӨЧИ) нь өрсөлдөх чадварыг тодорхойлох 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэдэг бөгөөд дэлхий дахинд хөгжлийн янз бүрийн үе шатанд явж байгаа орнуудын өрсөлдөх чадварын өргөн хүрээтэй дүр зургийг гаргаж өгдөг. Эдгээр тулгуур үзүүлэлтүүд нь: Институцийн тогтолцоо, Дэд бүтэц, Макро эдийн засгийн орчин, Эрүүл мэнд ба суурь боловсрол, Дээд боловсрол ба мэргэжлийн сургалт, Бараа, бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал, Хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал, Санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал, Технологийн бэлэн байдал, Зах зээлийн хэмжээ, Бизнесийн боловсронгуй байдал, Инноваци зэрэг юм.

Монгол улс уг судалгаанд 2005 оноос эхлэн хамрагдсан бөгөөд 2013-2014 оны тайлан судалгаагаар 3.7 оноогоор 148 орноос 107-р байрт орсон нь өнгөрсөн онд 144 орноос 93-р байрт орсон үзүүлэлтээсээ ухарсан байна. Доорхи графикт үзүүлсэнээр судалгаанд хамрагдсанаас хойшхи хугацаанд ДӨЧИ-д эзэлсэн Монгол Улсын зэрэглэл 2010-2012 онуудад сайжирч эхний 100-д багтаж байсан бол 2013-2014 оны тайлангаар зэрэглэл нь эрс буурсан байна.

Судалгаанд хамрагдсанаас хойшхи хугацаанд ДӨЧИ-д эзэлсэн Монгол Улсын зэрэглэл  

Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангууд дээр үндэслэн нэгтгэв.Тэмдэглэл: () хаалтанд тайланд хамрагдсан орнуудын тоог тэмдэглэв.

Эдгээр 12 тулгуур үзүүлэлтээс ихэнхийнх нь буюу 8 үзүүлэлтийн хувьд Монгол улсын байр ухарсан байна. Доорхи хүснэгтээс харахад манай улсын зэрэглэл ийнхүү эрс буурч нийт 148 орноос эхний 100-д багтаж чадахгүй болоход гуравдугаар тулгуур үзүүүлэлт болох макро эдийн засгийн тогтвортой байдлын оноо 3,7 болж, уг үзүүлэлт өмнөх тайлангийн зэрэглэлээс 78 байраар ухарч, 130 дугаар байранд орсон нь ихээхэн нөлөөлсөн байна. Мөн хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал, бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал гэсэн үзүүлэлтүүд тус бүр 10 гаруй байраар ухарсан нь нөлөөлсөн байна. Бусад байр ухарсан үзүүлэлтүүд нь дэд бүтэц (-1), санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал (-2), зах зээлийн хэмжээ (-3), бизнесийн боловсронгуй байдал (-7), Инноваци (-9) зэрэг юм.

МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН 2013-2014 ОНЫ ИНДЕКС

Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангууд дээр үндэслэн нэгтгэв.

Энэхүү тайлангаар Монгол улс хоёр л тулгуур үзүүлэлтээр зэрэглэлээ ахиулсан байна. Есдүгээр тулгуур үзүүлэлт болох технологийн бэлэн байдлын хувьд өмнөх жилд авч байсан оноо нь 3.8 нь оноо нь хэвээр боловч зэрэглэлийн хувьд 4 байраар ахиулж 66-р байранд орсон байна. Ийнхүү ахиц гарахад интернэтийн хурд, утасгүй интернэт хэрэглэгчдийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт ба технологийн шилжүүлэг зэрэг үзүүлэлтүүд хүчтэй эерэг нөлөө үзүүлсэн байна. Мөн тавдугаар тулгуур үзүүлэлт болох дээд боловсрол ба мэргэжлийн сургалт гэсэн үзүүлэлтээр 4,1 оноо авч өмнөх жилийнхээс 1 байраар урагшилж 82-р байранд оржээ.

Харин нэгдүгээр тулгуур үзүүлэлт болох институцийн тогтолцоо болон дөрөвдүгээр тулгуур үзүүлэлт болох эрүүл мэнд, суурь боловсролын үзүүлэлтүүдийн хувьд өмнөх жилийнхээс өөрчлөлт гараагүй байна. Макро эдийн засгийн тогтвортой байдлын оноо эрс буурахад инфляцийн түвшин болон Засгийн газрын төлбөрийн тэнцэл гэсэн дэд үзүүлэлтүүдийн байр эрс ухарсан нь нөлөөлсөн байна. Өмнөх оны тайлангийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ)-д эзлэх Засгийн газрын төлбөрийн тэнцэл -7% болсны улмаас 52 байраар ухарч 133-р байранд орж, инфляцийн түвшингийн жилийн өөрчлөлт 15% болж 22 байраар ухарч 142 дугаар байранд оржээ. ДНБ-д эзлэх үндэсний хуримтлалын хувь хэмжээ 28,4 болж 26 байраар ухарч 33-р байранд орсон байна. ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 47,1%-иас 51,7% болж өссөний улмаас 4 байраар ухарч 94-р байранд орсон байна. Харин Монгол улсын зээлийн үнэлгээ 38 оноо авч өмнөх үеийнхээс 11 байраар урагшилж 84-р байранд орсон байна.

Монгол Улсын өрсөлдөх чадварын хувьд анхаарах хамгийн чухал хүчин зүйлс нь эхний дөрвөн тулгуур үзүүлэлт буюу “үндсэн хэрэгцээ, суурь хүчин зүйлс” юм. Эдгээр анхаарах үзүүлэлтүүд нь институцийн тогтолцоо (113-р байр), дэд бүтэц (113-р байр) болон макро эдийн засгийн орчин (130-р байр) юм. Ялангуяа макро эдийн засгийн орчны үзүүлэлт маш сул байгаа нь өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Мөн “үр ашгийг дээшлүүлэх хүчин зүйлс”-т багтах зургаан үзүүлэлтээс санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдлын үзүүлэлт 129-р байранд орсон нь анхаарал татаж байна.

Өрсөлдөх чадварын тайланд улс орон бүрийн бизнес эрхлэхэд саад болж буй гол хүчин зүйлсийг тодорхойлон гаргадаг. 2013 оны тайлан судалгаагаар Монгол улсад бизнес эрхлэхэд саад учруулж буй хамгийн гол сөрөг хүчин зүйлсэд мэргэшсэн ажиллах хүчний дутагдал, төрийн хүнд суртал, дэд бүтцийн хангамж хангалтгүй байдал, санхүүжилт авах боломж хангалтгүй, бодлогын тогтворгүй байдал, авлига хээл хахууль зэрэг үзүүлэлтүүд орсон байна.

БИЗНЕС ЭРХЛЭХЭД СААД БОЛЖ БУЙ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛС
(%-иар)

Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форум. Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2013-2014.

Өрсөлдөх чадварын индексээр нэг хүнд ногдох ДНБ болон нийт экспортод эрдэс бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээнээс хамааран дэлхийн улс орнуудыг Хүчин зүйлсэд суурилсан, Үр нөлөөнд суурилсан, Инновацид суурилсан гэсэн хөгжлийн 3 үе шатанд хуваан авч үздэг. 2012 оны байдлаар манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 3627 ам доллар байгаа боловч Суурь хүчин зүйлсэд суурилсан улс орноос Үр нөлөөнд суурилсан үе шат руу шилжиж буй орнуудын ангилалд багтсан хэвээр байна. Ийнхүү хөгжлийн 2-р үе шат буюу Үр нөлөөнд суурилсан улс орны ангилалд багтаж чадаагүйд нийт экспортод эрдэс бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ өндөр байгаа нь нөлөөлсөн байна. Суурь хүчин зүйлсэд суурилсан гэсэн ангилалд багтах улс орнууд суурь хүчин зүйлсэд орох институцийн тогтолцоо, дэд бүтэц, макро эдийн засгийн тогтвортой байдал, эрүүл мэнд болон суурь боловсролын чиглэлийн шалгуур үзүүлэлтээ сайжруулахад илүү чухал ач холбогдол өгч өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлагатай гэж үздэг. Харин Үр нөлөөнд суурилсан орнуудын ангилалд орох үед энэ хэсгийн тулгуур үзүүлэлт буюу дээд боловсрол ба мэргэжлийн сургалт, бараа бүтээгдэхүүн, хөдөлмөрийн зах зээл, санхүүгийн зах зээлийн үр ашиг, боловсронгүй байдал, технологийн бэлэн байдал зэрэг хүчин зүйлсийг сайжруулахад түлхүү анхаарах шаардлагатай байна.

Эцэст нь дүгнэхэд Монгол Улсын өрсөлдөх чадвар өмнөх онтой харьцуулахад даруй 14 байраар ухарч, 148 орноос 107 дугаар байранд орсон нь өрсөлдөх чадварыг тодорхойлж буй 114 үзүүлэлтээс олон үзүүлэлтийг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. Ялангуяа 130 болон түүнээс дээш байранд орсон оюуны өмчийн хамгаалалт, шүүхийн хараат бус байдал, төрийн албан тушаалтан шийдвэр гаргахдаа тал засдаг байдал, төсвийн зарлагын үрэлгэн байдал, дэд бүтцийн чанар, улсын төсвийн алдагдал, инфляци, боловсролын тогтолцооны чанар гэх зэрэг олон асуудлуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд хувийн секторын үйл ажиллагааг дэмжих бизнесийн таатай орчинг бүрдүүлэх нь нэн чухал бөгөөд өрсөлдөх чадварын энэхүү тайлан нь манай улсын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж өгч байгаагаараа ач холбогдолтой юм.

Дэлхийн өрсөлдөх чадварын индекст Монгол Улсын эзэлсэн байр 2010-2013 оны байдлаар энд дарж үзнэ үү

Дэлхийн өрсөлдөх чадварын 2013-2014 оны тайлангийн талаарх
дэлгэрэнгүй мэдээллийг  www.weforum.org, www.forum.mn  хуудаснаас үзнэ үү.

Нээлттэй Нийгэм Форумын эдийн засгийн асуудал
хариуцсан менежер Д.Оюунбадам