Олборлох салбарын мэдээллийн ил тод байдал
-------------------------------------------------------------------------------------------------------
Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС) амжилттай үргэлжлэн хэрэгжиж Олборлох салбарын үндэсний 6 дахь тайлан олон нийтэд хүрлээ. Энэхүү санаачлагад Монгол Улс нэгдэн орсноос хойш ННФ-ын зүгээс идэвхитэй дэмжин ажиллаж байгаа билээ. 2012 онд ОҮИТБС-ын хэрэгжилтийг чанаржуулах, хамрах хүрээг тэлэхэд онцгой анхаарч Төлсөн авснаа нийтэл эвсэл (ТАН эвсэл)-тэй хамтран ОҮИТБС-ын 2006 оноос хойш гарсан үндэсний бүх тайланд дүн шинжилгээ хийж, санаачлагын хэрэгжилтийг сайжруулах талаар дорвитой зөвлөмж гарган, ОҮИТБС-ын Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэв.
Судалгааны үр дүнд ОҮИТБС-д компаниудыг бүрэн хамруулах, төлбөрийн мэдээллийн баазыг зохистой хэлбэрт оруулж, улмаар олон нийтийн хэрэглээг дэмжих зэрэг асуудлаар тодорхой зөвлөмж гаргасныг ОҮИТБС-ын Ажлын хэсэг, Ажлын алба зэрэг нэгжүүд шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал, ОҮИТБС-ын 2011 оны тайланд 500 орчим компанийн мэдээлэл агуулагдаж байсан бол 2012 онд 1500 орчим болж эрс өөрчлөлт гарах хандлагатай байна.
ОҮИТБС-ыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх талаар өмнөх онд хийсэн ажлын туршлагад тулгуурлан сумын түвшинд ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх туршилтын уулзалтууд “ТАН” эвсэлтэй хамтран Баянхонгор аймгийн Баян-Овоо, Галуут сумдад зохион байгуулагдав. Тус сумдад үйл ажиллагаагаа явуулж буй уул уурхайн компаниуд сумын төсөвт төлж буй төлбөр болон хөгжилд оруулж буй хөрөнгийн талаар иргэдэд тайлагнасан бол сумдын захиргаа хүлээн авсан орлого, хандив тусламж зэргийн хэмжээ, тэдгээрийг хэрхэн зарцуулсан тухай тайлан гаргаж, цаашид ийм арга хэмжээг тогтмол зохион байгуулж байхаар тохиролцлоо. Орон нутгийн түвшинд ОҮИТБСыг хэрэгжүүлэх талаар хуримтлуулсан өмнөх туршлага, дээрх уулзалтуудын үр дүнд үндэслэн сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурал, бусад удирдлага, сонирхогч талуудад зориулсан гарын авлагыг бэлтгэх ажлыг эхлүүлээд байна.
ННФ нь ОҮИТБС-ын хэрэгжилтийг удирдан хангах үүрэг бүхий ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж Үндэсний зөвлөлийн хоёр удаагийн, Ажлын хэсгийн дөрвөн удаагийн хуралдаанд, мөн аудиторыг сонгох үнэлгээний хорооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцлоо. Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, иргэний нийгмийн ижил тооны төлөөллийг эдгээр бүтцэд өөрсдийн шийдвэрээр томилдог журмыг гаргахад нөлөөлөл үзүүлсэн нь цаашид иргэний нийгмийн байгууллагууд эдгээр бүтцэд ажиллах төлөөллөө өөрсдөө сонгож хараат бусаар ажиллах аятай нөхцөл бүрдүүлэв.
Олон улсын түвшинд ОҮИТБС-ын хувьд цөөнгүй улс орон шинээр нэгдэн орж, хэрэгжүүлэгч улс орон болсноос гадна санаачлагын хэрэгжилтийн явцад хөндлөнгийн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ОҮИТБСыг хэрэгжүүлэх шалгуур, дүрмийг өөрчлөх ажил хийгдлээ. ННФ нь ОҮИТБС-ын Олон улсын удирдах зөвлөлийн гишүүнээр дөрөв дэх жилдээ ажиллаж буй өөрийн төлөөллөөр дамжуулан ОҮИТБС-ыг олон улсад ийнхүү үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. ННФ-ын ажилтан Н. Дорждарь ОҮИТБС-ын Олон улсын удирдах зөвлөлийн санхүүгийн хороонд идэвхитэй ажиллаж,ОҮИТБС-ын санхүүжилт, төсөв бүрдэлт, зарцуулалтын үйл явцыг боловсронгуй болгох талаар онцгойлон анхаарч ирлээ. Тэрчлэн ННФ-ын зүгээс ОҮИТБС-д нэгдэн орох бэлтгэлийг хангахад Тажикстан Улсын иргэний нийгэм, олон талын оролцоот бүлгийн ажлыг дэмжиж, сургалт, хэлэлцүүлэг зэрэгт оролцож, Монгол Улсын туршлагаас хуваалцлаа.
ОҮИТБС-ын эрхзүйн орчныг бэхжүүлэх талаар нөлөөллийн ажил явуулахад ихээхэн анхаарч ажиллалаа. Тухайлбал, ОҮИТБС-ын тухай бие даасан хууль гаргах талаар дэмжиж, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг, Ажлын алба, мөн ЕСБХБ-ны төслийн хүрээнд хамтран ажиллаж, хуулийн төсөлд тусгайлан санал бэлтгэх, түүнчлэн өөрсдийн төлөөллийг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт оруулан ажиллаж ирэв.