Танилцуулга

A- A A+
Танилцуулга


Төсвийн ил тод байдал ба иргэдийн оролцоо
-------------------------------------------------------------------------------------------------------

Төсвийн ил тод, нээлттэй байдал, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоог бий болгох талаар иргэний нийгмийн байгууллагууд шаардлага тавьдаг, төр засаг тодорхой хэмжээнд анхаардаг болсноор 2010-2012 онд дэс дараатай шинэчлэгдсэн төсвийн хууль тогтоомжид төсвийн үйл явц болон мэдээллийг нээлттэй болгох талаар хэд хэдэн заалт орсон. Ялангуяа Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам” зэрэг баримт бичигт урьд өмнө байгаагүй тодорхой зохицуулалтыг хийж өгсөн. Мөн “Орон нутгийн хөгжлийн сан” нэрээр нийслэл, дүүрэг, аймаг,сумдад төсөв буюу орлогын шилжүүлэг хуваарилж хэрхэн зарцуулахыг нь тухайн иргэдээр нь баг, хорооны түвшинд хэлэлцүүлж байхаар Төсвийн тухай хууль, түүнийг дагалдуулж гаргасан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-д тусгасныг 2013 оноос хэрэгжүүлж хэлснээр ийм хэлэлцүүлгийн явцад тухайн төсвийн хэмжээ ба хуваарилалт тодорхой хэмжээнд нээлттэй болж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулийг баталсантай холбогдуулан хуулийн төслүүдэд байр сууриа илэрхийлэн идэвхитэй оролцож, санал бодлоо өгч байсны хувьд эдгээр хуулийн хэрэгжилтийн талаар ННФ хэд хэдэн ажил төлөвлөн хийж байна. Төсвийн тогтвортой байдлын хууль амьдралд бодитой хэрэгжиж чадвал төсвийн алдагдал багасах, засгийн газрын өрийн хэмжээ өгөөжтэй түвшинд байхуйцаар хянагдах, төсвийн орлогын эмзэг байдал буурах зэрэг ач холбогдол бүхий хууль болсон. Тиймээс эдгээр хуулийн бодит хэрэгжилт чухал бөгөөд үүнд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд ННФ “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээ болон “Ил тод байдлын сан” ТББ-тай хамтран Дэлхийн Банкны санхүүжилтээр “Орон нутгийн төсвийн ил тод байдлыг хангах загвар стандарт” төслийг хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд Монгол Улсын орон нутгийн төсвийн баримт бичиг ба үйл явцыг бодитойгоор ил тод, нээлттэй болгоход чиглэгдсэн загвар стандарт боловсруулж Ховд аймгийн Ховд, Дөргөн сум болон Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт туршлаа.

Энэхүү загвар стандартыг боловсруулах, турших, олон нийтэд хүргэхэд орон нутгийн төр, захиргаа болон төсөв, санхүүгийн ажилтнуудын идэвхитэй оролцоо нэн чухал байлаа.Загвар стандартыг боловсруулахад дараах үндсэн зарчмыг удирдлага болгосон юм. Үүнд: i) Монгол Улсын хууль тогтоомж, төсвийн холбогдолтой бодлогын баримт бичиг, хуулиуд, тэдгээрийг дагалдаж гарсан дүрэм журамд тусгалаа олсон орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын зарчим, шаардлагад бүрэн нийцэх, ii) төсвийг ил тод, нээлттэй болгох, ингэхдээ оролцогч талуудын бүтээлч хамтын ажиллагаанд тулгуурлах, iii) орон нутгийн төр, захиргаа, төсвийн байгууллагын мэдээлэл боловсруулах, түгээх боломж, чадавхид зохицох, iv) орон нутгийн иргэд, татвар төлөгчид, тэдний идэвхитэй хэсэг болсон төрийн бус байгууллагуудын төсвийн мэдээллийг байнга хүлээн авч хяналт тавих, төсвийн үйл явцад оролцох, санал хүсэлт, байр сууриа илэрхийлэх эрэлт хэрэгцээнд бүрэн нийцэх, v) хямд төсөр, хүртээмжтэй байх, цаг хугацаа хэмнэх, vi) Монгол Улсын хууль тогтоомжид гарч байгаа өөрчлөлт, шинэ эрэлт хэрэгцээ, мэдээллийн арга хэрэгслүүдийн хөгжилтэй уялдуулж өөрчлөх боломжтой байх зэрэг болно.

Энэхүү стандартын талаарх мэдээллийг олон нийт, бодлого боловсруулагчид, төр засаг, төсвийн байгууллагын ерөнхий захирагчдад хүргэх талаар идэвхийлэн ажиллаж эхлээд байна. Үүнд, нийт сум, аймаг, дүүрэг, нийслэлийн засаг дарга болон ИТХ-ын дарга нар оролцсон “Шууд ардчилал – Иргэдийн оролцоотой төсвийн менежмент үндэсний сургалт, зөвлөлгөөн” дээр дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас тусгайлан зохион байгуулсан Улаанбаатар хотын нийт 9 дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон хэлэлцүүлэгт загвар стандарт, түүнийг нэвтрүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Цаашид Улаанбаатар хот болон Сангийн Яамтай хамтраад мэдээллийг иргэдэд түгээх, төслийн үр дүнг тогтвортой, өгөөжтэй байлгах зорилго бүхий томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Дэлхийн улс орны төсвийн ил тод, хариуцлагатай байдал ба иргэдийн оролцоог хэмждэг “Нээлттэй төсвийн судалгаа 2012” тайлангийн үр дүнг “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагаас зарлалаа. Энэхүү тайлан дахь Монгол Улсын судалгааг ННФ хийдэг бөгөөд энэ удаад манай улс бага зэрэг ухарсан үзүүлэлтэй гарлаа. Энэхүү судалгаа, үнэлгээний үр дүнд тус байгууллага нэлээд тодорхой зөвлөмжүүд гаргасан болно. Монгол Улс энэхүү судалгаанд анхнаас нь буюу 2006 оноос хамрагдаж ирсэн бөгөөд нийт авах ёстой 100 онооноос 2006 онд 18, 2008 онд 36, 2010 онд 60, харин 2012 онд 51 оноо тус тус авч өмнөх амжилтаасаа ухарсан дүнтэй гарсан байна. 51 оноо нь Монгол Улсын Засгийн газар тухайн жилийн улсын төсөв, санхүүгийн үйл ажиллагааны талаар зарим мэдээллийг л олон нийтэд өгдөг болохыг харуулж буй үзүүлэлт юм.

Монгол Улсын Засгийн газар төсвийн урьдчилсан мэдэгдэл, батлагдсан төсөв, гүйцэтгэх засаглалын төсвийн санал, явцын тайлангууд болон жилийн эцсийн тайлан, аудитын тайланг нийтэлдэг бол харин хагас жилийн тоймыг дотоод хэрэгцээнд зориулж хийдэг ба иргэдэд зориулсан төсвийг огт боловсруулдаггүй байна. Монгол Улсын хувьд Казакстан, Киркизстан зэрэг бүс нутгийн зарим улстай харьцуулахад хууль тогтоох байгууллага болон аудитын дээд байгууллагын чадавхи хүчтэй гэсэн үнэлгээг авсан боловч төр засгийн хамгийн их ярьж анхаарч буй төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоо үзүүлэлтээр сул дүнтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсвийн төлөвлөлт, хэлэлцэн батлах үйл явц, гүйцэтгэл ба хяналт зэрэг бүх шатанд иргэдийг оролцуулах механизм байхгүй, зарим нэг эхлэл санаачлага байгаа боловч хэрэгжилт, чанар сул, нээлттэй сонсгол хийдэггүй, олон нийт ямар нэг хэлбэрээр саналаа илэрхийлсэн байлаа ч тэдний саналыг тусгасан талаарх гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага, аудитын байгууллагаас гаргасан мэдээлэл байхгүй байгаа юм.

Түүнчлэн 2011 онд шинээр зарлагдсан Төсвийн ил тод байдлын төлөө даян дэлхийн санаачлагыг үүсгэн байгуулагчдын нэг тул энэ онд ННФ энэхүү санаачлагын хоёр дахь удаагийн уулзалтад идэвхитэй оролцож, цаашид төсвийн ил тод, нээлттэй байдлын стандартуудыг сайжруулах олон улсын шилдэг туршлагыг Монголдоо хэрэгжүүлээд зогсохгүй энэ талаар хуримтлуулсан мэдлэг, туршлагаа бусад гишүүн улстай хуваалцах, туршлага солилцох боломжтой боллоо. Төсвийн ил тод байдал, оролцоог олон улсын түвшинд таниулах, ухуулах, мэдээлэх зорилго бүхий төрөл бүрийн үйл ажиллагаанд зохион байгуулагчид ННФ-ыг нэг чухал нэмэлт хүч хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн төсвийн мэдээллийг олон нийтэд дөхөм байдлаар хүргэх, энэ чиглэлээр төлөвлөн хийж буй ажлын талаарх мэдээлэл, үр дүнг бусдад түгээх, төсөв, санхүүгийн асуудлаар олон нийтийн санал бодлыг сонсох, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор Facebook сошиал медиаг ашиглан “My Budget-Миний төсөв” хэмээх хуудсыг ажиллуулж байна.