Уул уурхайн орлогыг удирдах тогтолцоог бэхжүүлэх нь
-------------------------------------------------------------------------------------------------------
Олборлох салбарын орлогыг хянах институцийн тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн орчныг сайжруулах, бодит амьдралд уг тогтолцооны хэрэгжилтийг хангахад тус салбарын орлогод хяналт тавих шалгуур, үзүүлэлтүүдийг тодорхойлох нь нэн чухал ач холбогдолтой. АНУ-д төвтэй Орлогын ажиглагч хүрээлэнгийн боловсруулсан аргачлалын дагуу Монгол Улсын орлогын менежментийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг гаргаж, цаашид тогтмол мониторинг хийхэд ашиглахад бэлэн болгоод байна. Үүнд, улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага, өр зээлийн хэмжээнд тавигдах хязгаарыг хянах, түүнчлэн уул уурхайн орлоготой ямар нэгэн байдлаар уялдаатай бүрддэг буюу зарцуулагддаг Тогтворжилтын сан, Хөгжлийн сан, Хөгжлийн банк зэрэг бүтцийн хувьд суурь үзүүлэлтүүдийг цуглуулсан билээ. Цаашид эдгээр суурь үзүүлэлтийг шинэчлэх, тухайлбал орон нутгийн төсөвт хуваарилагдах уул уурхайн орлогын зохицуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой өөрчлөлт оруулах зэрэг ажлыг 2013 онд үргэлжлүүлэн хийх юм.
Тэрчлэн байгалийн баялаг ихтэй олон улс орны орлогын менежментийн тогтолцоог харьцуулан судалдаг Орлогын ажиглагч хүрээлэнгээс эрхлэн хийдэг Орлогын Ажиглагч Индексийн судалгааны ажилд хөндлөнгийн хяналт тавьж оролцлоо. Уг судалгааны дүнг 2013 оны эхний хагаст багтаан зарлахаар төлөвлөж байна.
-
Уул уурхайн татвар, засаглалтай холбоотой асуудлаар эрхзүйн орчныг бэхжүүлэх: Ашигт малтмалын хуулийг өөрчлөх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал санаачлага гарган, шинэчилсэн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. ННФ-ын зүгээс уг төсөлтэй холбогдуулан санал шүүмж бэлтгэж, хэвлэл мэдээлэл болон олон нийтийн уулзалт хэлэлцүүлгээр дамжуулан байр сууриа илэрхийллээ.
-
Олборлох салбарын бодлогыг идэвхтэй хянах иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх: ОҮИТБС-ын үйл ажиллагаанд шууд ба шууд бусаар оролцдог иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх нь ННФ-ын үйл ажиллагааны чухал хэсэг юм. Тэр тусмаа ТАН эвслийн чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь бүх талын дэмжлэг үзүүлж ирлээ.