Эдийн засгийн хөгжлийн дүн шинжилгээ
-------------------------------------------------------------------------------------------------------
ННФ нь эдийн засгийн эрх чөлөө, өрсөлдөх чадвар, бизнесийн орчин, орон нутгийн эдийн засгийн хөгжил зэрэг макро эдийн засгийн бодлогын асуудлаар судалгаа шинжилгээ хийж, олон улсын харьцуулсан судалгаанд түнш байгууллагаар хамтран ажиллаж, бодлого боловсруулагчид, эдийн засагчид, бизнесийн салбарын төлөөлөгчид, иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага өрнүүлж ирлээ.
Энэ хэрээр эдгээр сэдэв олны анхаарал татаж төрийн бодлогод тусгалаа олж, улмаар зарим их дээд сургуулийн хөтөлбөрт тусгай хичээл болгон оруулаад байна. 2012 оноос эхлэн ННФ-ын анхаарч ирсэн төсвийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, төсвийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар төсвийн удирдлагын хариуцлагатай байдлыг дээшлүүлэх ажилдаа түлхэц өгөх, нөгөө талаар Монгол Улсын өрсөлдөх чадварыг тодорхойлох макро эдийн засгийн чухал асуудал болохын хувьд төсөв, сангийн бодлогод дүн шинжилгээ хийхэд түлхүү анхаарч ажиллалаа. Энэ хүрээнд “2013 оны төсвийн төслийн тойм судалгаа, үнэлгээ”, “Төсвийн бодлогын макро эдийн засгийн нөлөөллийн шинжилгээ”, Зээлийг хөгжил болгоход анхаарах зарим асуудал” сэдэвт судалгаа захиалан хийлгэж уулзалт хэлэлцүүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бодлого боловсруулагчдад болон олон нийтэд хүргэлээ.
Орлогын менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг татах, нийтийн тэр тусмаа нөхөгдөшгүй баялаг болох эрдэс баялгийн салбараас орж буй орлогыг зохистой, үр өгөөжтэй зарцуулахад иргэдийн зүгээс оролцох боломжийг өргөтгөх, улмаар бодлого боловсруулагчдад нөлөөлөх, сонгуулийн үед сонгогчид илүү хариуцлагатай сонголт хийхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор өмнөх онд боловсруулсан Монгол Улсын орлогын менежментийн асуудлаарх эдийн засгийн сценарийн дөрвөн хувилбарыг сошиал медиагаар болон сэтгүүл болгон хэвлэж иргэд, олон нийт, бодлого боловсруулагчдад хүргүүллээ. Энэхүү сценари нь олны анхааралд өртөж нэлээд уншигдсанаас гадна энэ төрлийн сценари боловсруулах ажил чухал болох нь Рио Тинто болон Дэлхий эдийн засгийн форумын зүгээс хийх гэж буй ижил төстэй ажлын санаачлагаас харагдаж буй юм.
Мөн 2011 онд эхлүүлсэн “Монгол Улсын эрчим хүчний засаглалын үнэлгээ”- ний ажлыг уусгаж тайланг хэвлүүллээ. Уг тайланг эцэслэн хэвлүүлэхийн өмнө гадны зөвлөхүүдтэйгээ хамтран холбогдох албаныхан, төрийн өмчит компаниуд болон иргэдийн төлөөллийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд салбарын нэлээд асуудлыг нээлттэй ил тод хөндсөн энэхүү хэлэлцүүлгийн тэмдэглэлийг бид тайландаа хавсралт болгон оруулсан. Тайлангийн үр дүнг хэвлэл мэдээлэл болон бодлого боловсруулагчид нэлээд сонирхож хүлээж авсан бөгөөд цаашид “Цахилгаан, эрчим хүчний засаглалын санаачлага” хэмээх олон улсын түншүүд бүхий сүлжээтэй хамтран иргэний нийгмийн сүлжээ байгуулах, энэ салбарын бусад чухал асуудлаар судалгаа хийх зэргээр ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Олон улсын сүлжээний түншүүдтэйгээ мэдээлэл хуваалцах, туршлага солилцох уулзалтад ННФ амжилттай оролцлоо. 2009 онд ННФ-аас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааг 2010, 2011, 2012 онд Санхүүгийн зах зээлийн холбоотой хамтран “Хэрэглэгчийн хүлээлтийн индекс” нэртэйгээр үргэлжлүүлэн хийж байна. Хэрэглэгчийн хүлээлтийн индекс (ХХИ) нь ихэнх хөгжингүй оронд тухайн улс орон иргэдийнхээ хэрэглээний зардлын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор тооцож гаргадаг, өндөр ач холбогдолтой эдийн засгийн индикатор юм. ХХИ нь зөвхөн бодлого боловсруулагчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хувьд төдийгүй бизнес эрхлэгчид ч ирээдүйн төлөвлөлт, шийдвэр гаргахдаа ашиглаж болох мэдээллийн чухал эх үүсвэр болдгоороо үнэ цэнэтэй мэдээ, мэдээлэл байдаг.
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн төлвийн талаарх хэрэглэгчийн хүлээлтийг тодорхойлох, судалгааны үр дүнг бүх түвшний шийдвэр гаргах үйл явцад өргөнөөр ашиглаж хэвшүүлэхэд судалгааны бас нэг гол зорилго оршиж байсан бөгөөд энэ талаар нэлээд ахиц гарч байна. Судалгааны үр дүнг өдөр тутмын сонин болон бусад холбогдох сайтаар дамжуулан мэдээлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй бас нэг шинэлэг зүйл нь “Санхүүгийн шинжээчдийн клуб”-ийг ажиллуулж буй явдал бөгөөд уг клубийн уулзалтыг сар бүрийн эхний Пүрэв гарагт санхүүгийн төрөл бүрийн байгууллагын удирдах ажилтнуудыг төлөөлсөн нийт 30-аад үндсэн гишүүдийн дунд зохион байгуулж байна. Уулзалт бүрт нэг илтгэгч санхүүгийн зах зээлийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлдэг ба цаашид тогтмол хэвлэл гаргах зэрэг санаачлагыг хэрэгжүүлэхээр яригдаж байна.