Танилцуулга

A- A A+
Танилцуулга


Шийдвэр гаргах үйл явцад оролцох иргэдийн оролцоо
-------------------------------------------------------------------------------------------------------

Төрийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой эрхзүйн орчин нэлээдгүй сайжирсан боловч эдгээр шинэ хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төрийн байгууллагуудын туршлага хомс, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл дулимаг хэвээр байгааг харгалзан үзэж ННФ 2011 онд нийт 9 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Иргэний танхимын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор тухайн аймгийн төрийн бус байгууллагуудад санхүүгийн болон арга зүйн дэмжлэг үзүүлсэн юм.

Дорнод, Дархан-Уул аймгийн НДЭХ-ий салбар зөвлөл, Төв аймгийн Ажил олгогч эздийн “Бизнес” холбоо, Өвөрхангай, Булган аймгийн ЛЭОС-ын салбар зөвлөл, Ховд аймгийн Булган сумын Бидний харгуй- Булганы ирээдүй, Хөвсгөл эрдэм төв, Дундговь Ардчилал клуб зэрэг төрийн бус байгууллагын идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд эдгээр аймагт ИТХ-ын дэг, зохион байгуулалт, үйл ажиллагаа улам боловсронгуй болж ирлээ. Ийнхүү иргэдийн оролцоо, шийдвэр гаргах үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр эхлүүлсэн ажлаа гүнзгийрүүлж, иргэдийн тогтвортой оролцоог хэвшүүлэх зорилгоор 2012 онд эдгээр байгууллага тус тусын аймагт төсвийн ил тод байдлыг хангахад төвлөрч ажиллав. Үүнд, төсвийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгохоос эхлэн иргэдийн оролцооны болон төлөөллийн байгууллагуудын үйл ажиллагааны дүрэм журмыг боловсронгуй болгож, орон нутагт мэдээллийн ил тод байдал тухайлбал, ”Төсвийн тухай” шинэ хуулийг хэрэгжүүлэх явцын ил тод байдлыг хангах, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн оролцооны чадавхийг дээшлүүлэх замаар иргэдийг орон нутгийн бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, төсөвлөсөн болон зарцуулсан төсөвт хяналт тавих ур чадвартай болгох, иргэдээс гаргаж буй санал санаачлагыг шийдвэрт тусгуулах талаар хүчин чармайлт гаргалаа. 2012 оны 9 дүгээр сард зохион байгуулсан туршлага солилцох уулзалтын үеэр эдгээр байгууллага тус бүр хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүн, 2012 оны орон нутгийн төсвийн ил тод байдлыг хангахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцсэн юм. Хийсэн ажлын үр дүн, ололт амжилт, хүндрэл бэрхшээлийн талаар өгүүлсэн ярилцлагыг http://participation.forum.mn цахим хуудаст байрлууллаа. Эдгээр байгууллагын хоёр жилийн хугацаанд хийсэн ажлыг тусгайлан эмхтгэж тайлан болгон хэвлэхээр бэлтгэж байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Бат- Өлзий, Хужирт, Баянгол, Сант сумдад иргэдэд төрийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны талаар мэдээллийн самбар, орон нутгийн телевиз, радио, сонин хэвлэлүүдээр өгч буй мэдээллийн агуулгад дүн шинжилгээ хийхэд ихэнхдээ үйл ажиллагааны тайлан, тендер болон төсвийн гүйцэтгэл болоод өнгөрсөн үйл явдлын талаарх мэдээлэл иргэдэд хүрч байгаа нь тодорхой болов.

Тиймээс төслийн багийн зүгээс иргэд, олон нийт болон орон нутгийн удирдлагуудын дунд хэлэлцүүлэг уулзалтуудыг зохион байгуулсны үр дүнд Арвайхээр сумын ЗДТГ-т “Иргэний танхим” байгуулах санаачлага гарсныг орон нутгийн удирдлага дэмжсэн юм. Иргэд, олон нийтэд зөвхөн болоод өнгөрсөн үйл ажиллагааны тайлан, тендер болон төсвийн гүйцэтгэл төдийгүй, тэдгээрийг батлах үйл явцад иргэдийг оролцдог болгох зорилготой иргэний танхим байгуулагдан ажиллаж байна.

Дорнод аймагт ИТХ-ын дэргэдэх иргэний танхимыг  тогтвортой ажиллуулах зорилгоор ИТХ-ын төлөөлөгч Д.Ганцогт, тэргүүлэгч Б.Хүрэлсүх нараар  уламжлуулан 2012 оны төсөвт Иргэний танхимын үйл ажиллагааг хариуцах нэг ажилтны орон тоо, иргэдийн идэвхи оролцоог хангах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахад зориулж 2 сая төгрөгийг төсөвт тусгуулахад нөлөөлж ажиллалаа.