Танилцуулга

A- A A+
Танилцуулга


Чөлөөт шударга сонгууль
-------------------------------------------------------------------------------------------------------

Шинээр батлагдсан хуулийн дагуу явагдсан 2012 оны УИХ-ын ээлжит сонгууль нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад илүү шударга явагдах хэд хэдэн нөхцлийг хангаснаараа онцлогтой байлаа. Тухайлбал, сонгогчдын санал тоолоход анх удаа автоматжуулсан систем нэвтрүүлсэн ба сонгогчдын нэрийн жагсаалтыг улсын хэмжээнд нэгтгэн үнэн зөв гаргах үүргийг УБЕГ-т хариуцуулж, улмаар жагсаалтыг хэсгийн хороод дур мэдэн хяналтгүйгээр өөрчилдөг явдлыг хориглосон билээ. Түүнчлэн тойрог, хэсэг, салбар хороодыг улстөрийн намуудын төлөөллөөс бус төрийн албан хаагчдаас бүрдүүлж, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон юм. Үүнээс гадна анх удаа иргэний нийгмийн байгууллагуудад санал хураах өдрийн үйл ажиллагааг ажиглах эрхийг олгосон нь сонгуулийн үйл явцын ил тод байдлыг хангахад чухал ахиц дэвшил авчирсан өөрчлөлт байв.

Энэхүү нааштай өөрчлөлт, дэвшил гарахад 2007 онд Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгээр байгуулагдсан “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээ”- ний гишүүн  байгууллагуудын сонгуулийн үйл явцад хийж ирсэн хөндлөнгийн мониторинг, түүний дүгнэлт, зөвлөмж, нөлөөллийн үйл ажиллагаа багагүй хувь нэмэр болсныг дурдах нь зүйтэй. 2012 онд СЕХ сонгуулийн шинэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой журам боловсруулахад дээр дурдсан сүлжээний гишүүд идэвхийлэн оролцсон юм. Уг журамд сонгуулийн үйл явцад  мониторинг хийх ТББ нь юуны өмнө улстөрийн нам, эвслээс хараат бус, бие даан үйл ажиллагаа явуулж тодорхой туршлага хуримтлуулсан, байгууллагын дүрэмдээ тухайн чиглэлээр ажиллах үүрэг зорилттой, хяналт шинжилгээ хийх ажлын төлөвлөгөөтэй байх зэрэг шалгуурыг заавал хангасан байхаар тусгасан. Түүнчлэн СЕХ-ны зүгээс мониторинг хийх иргэний нийгмийн байгуулагуудад сонгогчдын нэрийн жагсаалт болон түүнийг нягтлан шалгах, өөрчлөлт оруулах үйл явц хуулийн дагуу хийгдэж байгаа эсэхтэй танилцах, сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл, шийдвэртэй танилцах, хуулбарлан авах, санал хураах, тоолох төхөөрөмжийн ажиллагааг туршин шалгах үйл явцыг хянах, сонгуулийн хороодод ирсэн   өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар мэдээлэл авах, саналын хуудас хэвлэх, хадгалалт хамгаалалт, тээвэрлэлт, аюулгүй байдал, битүүмжлэн хадгалах ажиллагаанд хяналт тавихад дэмжлэг үзүүлэхээр журамд тусгасан билээ.

Сүлжээний гишүүн байгууллагууд 2004 ба 2008 оны сонгуулиудаар хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан сонгуулийн үйл явцад зөрчил, маргаан гарч болзошгүй гэж үзсэн асуудлуудад гол анхаарал хандуулснаас гадна УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуульд туссан сонгуулийн үйл явцыг боловсронгуй, ил тод болгохтой холбоотой зарим чухал заалтын хэрэгжилтийг хянах зорилгыг мөн дэвшүүлэн дараах таван чиглэлээр мониторинг хийлээ.