2014 оны улсын төсвийн төслийн ил тод байдал хангалтгүй байна

A- A A+
2014 оны улсын төсвийн төслийн ил тод байдал хангалтгүй байна

2014 оны улсын төсвийн төслийн тухайд төслийг УИХ-д өргөн барьснаас хойш 3 хоногийн дотор төсвийн баримт бичгийг иж бүрнээр нь буюу төслийн дэлгэрэнгүй танилцуулга, тооцоо, хуулийн төслийг зөвхөн УИХ-ын цахим хуудсанд л нийтэлжээ. 10-р сарын 14-ныг хүртэл Сангийн яамны болон Монгол улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд зөвхөн төсвийн хуулийн төслийг л нийтэлсэн. Ингэхдээ хуулийн төслийг ч мөн бүрэн эхээр нь нийтлээгүй байсан. Тухайлбал,  хуулийн төслийн 1 дүгээр хавсралт  дахь “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт”-ийг хугацаанд нь нийтэлсэн боловч, 2 дугаар хавсралт дахь “Төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг 10-р сарын 15-нд нийтэлсэн.  Төслийн дэлгэрэнгүй танилцуулга болох 300 гаруй хуудас материалыг өнөөдрийг хүртэл Сангийн яамны болон Монгол улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд нийтлээгүй байна. УИХ-ын цахим хуудсанд дэлгэрэнгүй танилцуулгыг нийтлэхдээ агуулгыг нийтлээгүй учир аль хуудсанд ямар мэдээлэл байгааг олоход хялбар биш байна.

Сангийн яамны болон Монгол улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд УИХ-аас батлах төсвийн хуулийн төслийг зөвхөн нийтлэх нь төсвийн мэдээллийг ил тод болгоход хангалтгүй юм. Төсвийн хуулийн төсөл нь төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, өрийн удирдлага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг зэрэг үзүүлэлтүүдийн нийт мөнгөн дүнг хураангуй бадлаар харуулдаг учир энэхүү баримт бичиг нь дангаараа төсвийн төлөвлөлтийн мэдээллийг иж бүрнээр нь ил тод болгох шаардлагыг хангаж чадахгүй юм. Иймд Засгийн газар төсвийн мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс 2011 болон 2012 онд дараа оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан дараа төсвийн төслүүдийг иж бүрнээр нь буюу төсвийн төслийн дэлгэрэнгүй танилцуулга,  нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт, дэлгэрэнгүй тооцоо болон УИХ-аар батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан даруйд Сангийн яамны цахим хуудсанд нийтэлж байсан байна.

Ийнхүү төсвийн танилцуулга болон дэлгэрэнгүй тооцоог нийтлэх нь төсвийн төслийн мэдээллийг бүрэн ил тод болгож байгаа хэрэг юм. Учир нь  төсвийн төслийн танилцуулга нь төслийг боловсруулсан оны макро эдийн засгийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл,  төсөв хэрэгжих жилийн макро эдийн засгийн төлөв байдал болон боловсруулсан төсвийн төсөл нь төсвийн тусгай шаардлага, төсвийн хүрээний мэдэгдэлтэй хэрхэн нийцэж буй талаарх мэдээлэл, үр дүнгийн үзүүлэлтүүд, төсвийн орлого, урсгал зардал, тусгай сангууд болон хүний хөгжил сангийн төсвийг төлөвлөхөд баримталсан бодлого болон зарчмууд, төсөвт төвлөрүүлэх орлогын төрөл, төлөвлөсөн зардлын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчдийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөтөлбөр,  түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсөв, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, гадаадын зээл тусламжаар санхүүжих төсөл хөтөлбөрүүд, Засгийн газрын өрийн удирдлага, бонд, дамжуулах зээл, гадаад зээлийн эргэн төлөлт, төсвийн гүйцэтгэлд нөлөөлж болзошгүй эрсдлүүд зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тооцооллыг агуулдаг байна. Иймээс төсвийн төслийн танилцуулга, нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт, дэлгэрэнгүй тооцоог ил тод болгох нь  төсвийг төлөвлөхөд баримтлах зарчмууд болох “төсвийн тогтвортой байдлыг хангасан байх”, “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх” зэрэг шаардлагуудыг уг төсвийн төсөл хэр зэрэг хангаж байгаа болон Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар  иргэний нийгмийн зүгээс мэдээлэл авах болон дүгнэлт хийх боломжийг хангахад ихээхэн ач холбогдолтой. 

Ийнхүү Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2014 оны төсвийн төслийг цаг тухайд нь иж бүрнээр нь ил тод болгохгүй байгаа нь 2012 болон 2013 оны төсвийн төслийн тухайд ил тод байдлыг харьцангуй сайн хангаж байсан зарчмаасаа ухарсан байгааг харуулж байна. Энэхүү ухралт нь төсвийн процесст олон нийт оролцох идэвхэд сөргөөр нөлөөлж, Төсвийн тухай хуулийн “төсвийг төлөвлөх, хэлэлцэх, батлах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах” тухай заалтыг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна.

Нээлттэй Нийгэм Форумын
эдийн засгийн хөтөлбөрийн менежер
Д.Оюунбадам