Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол улсын 2014 оны улсын төсвийн төсөл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийн хүрээнд бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллийн дунд “2014 оны улсын төсвийн зарлага, хөрөнгө болон өрийн удирдлага” сэдвээр 2013 оны 11 дүгээр сарын 11–ний өдөр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлэгт Сангийн яамнаас 2014 оны улсын төсвийн зарлага төлөвлөлтийн талаар, Үндэсний Аудитийн газраас 2014 оны Монгол улсын төсвийн төсөлд өгсөн санал, мөн Нээлттэй Нийгэм Форумын санаачилгаар судлаачид 2014 оны улсын төсвийн зарлага, хөрөнгө болон өрийн удирдлагад хөндлөнгийн зүгээс хараат бус тойм дүгнэлт хийснээ тус тус танилцууллаа. Хурлын тэмдэглэлийг энд дарж үзнэ үү. Уулзалт хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлүүд:
- 2014 оны улсын төсвийн зарлагын талаар танилцуулга, О.Хуягцогт Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга
- 2014 оны улсын төсвийн төсөлд зарлага болон хөрөнгийн үр ашгийн талаар Үндэсний аудитийн газраас өгсөн санал, Б.Батбаяр Үндэсний Аудитын газрын Ерөнхий Аудиторын орлогч
- 2014 оны улсын төсвийн Зарлагын төлөвлөлтийн талаар хөндлөнгийн тойм дүгнэлтийг танилцуулах Доктор, профессор Ч.Энхбаяр (МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхим)
Хэлэлцүүлэгт оролцогсод 2014 оны улсын нэгдсэн төсвийн зарлага, хөрөнгө болон өрийн удирдлага талаар санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр хөндсөн асуудлуудаас дурдвал:
- Нэгдсэн төсвийн зарлагын бууралтад хөрөнгийн зардлын хувь хэмжээг өмнөх онтой харьцуулахад 20%-иар бууруулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон төслийн зээлээр санхүүжих төсөвт ажлуудыг огцом бууруулсан гол шалтгаан нь төсвийн гадуурхи бондын санхүүжилт хэвээр үргэлжлэхтэй холбоотой байна. Энэ нь төсвийн гадуурх ЗГ-н үйл ажиллагаа улам идэвхжих хандлагатай болж байгааг харуулж байна. Төсвийн гадуурх санхүүжилтийн асуудал бүрхэг хэвээр байгаа бөгөөд 2014 онд төсвөөс танасан хөрөнгө оруулалтуудын хэдэн хувийг төсвийн гадуурх санхүүжилтээр хийх нь тодорхойгүй байна.
- Урсгал зардлын хувь хэмжээг өмнөх жилээс өсөхөөр төсөвлөсөн нь төсвийн урсгал тэлэлт хэвээр байгааг харуулж байна. Нийгмийн халамжийн зардлыг өсөхөөр төлөвлөсөн байна.
- Улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийг 10,311.7 тэрбум төгрөг байхаар тооцсон нь ДНБ-ий 50.3 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д заасан тусгай шаардлагыг хангахгүй байна. Өрийн шатлалыг нэмэгдүүлж өнөөгийн үнэ цэнээр хэмжигдсэн улсын өрийг нэрлэсэн ДНБ-ний 60%-д хүргэх саналыг ЗГ-аас дэвшүүлж байна. Ийнхүү өрийн шатлалыг хурдтай өсгөх нь нэг талаас Монгол улсын зээлжих зэрэглэл буурах, нөгөө талаас хэт өрийн дарамтад орох сөрөг нөлөөтэй.
- Бондын хөрөнгө нь төсвийн гадуур зарцуулагдаж, бондын хүүний төлбөрийг төсөвт суулгаж яваа энэхүү зарчим нь ил тод байдал болон үр ашгийн хувь хэмжээг бууруулах сөрөг нөлөөтэй байсаар байна.