Уулзалт хэлэлцүүлэгт Сангийн яамнаас 2014 оны улсын төсвийн орлого төлөвлөлтийн талаар, мөн Нээлттэй нийгэм форумын санаачилгаар судлаачид 2014 оны улсын төсвийн орлого төлөвлөлтөд хөндлөнгийн зүгээс хараат бус тойм дүгнэлт хийснээ тус тус танилцууллаа. Уулзалт хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлүүд:
- 2014 оны улсын төсвийн орлого төлөвлөлт, Э.Алтанзул, Сангийн яамны Орлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн
- 2014 оны улсын төсвийн орлого төлөвлөлтийн талаар тойм дүгнэлт, Доктор, профессор Ч.Энхбаяр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхим
Хэлэлцүүлэгт оролцогсод улсын төсвийн орлого төлөвлөлт бодитой эсэх болон орлогод учрах эрсдлүүдийн талаар санал бодлоо солилцлоо. Хурлын тэмдэглэл энд дарж үзнэ үү. Хэлэлцүүлгийн үеэр хөндсөн асуудлуудаас дурдвал:
-
2014 оны улсын төсөвт уул уурхайн бүтээгдэхүүний үнийг бодитойгоор тооцсон боловч тоо хэмжээг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн орлогод эрсдэл учруулна.
-
2014 оны эдийн засгийн өсөлтийн талаар Засгийн газар болон Монгол банкны таамаглалуудын хооронд ялгаа их байгааг төсвийн төлөвлөлтөд харгалзан үзэх.
-
Төсвийн бодлогыг сайжруулах. Төсвийн тодотголыг хийх асуудлыг ул суурьтай авч үзэх.
-
Төсвийн тухай хуулийн 10.2. дахь “Төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын төлөвлөлтийг сайжруулах, түүний тайлагналт, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх зорилготой татвар төлөгчдийн төлөөлөл бүхий төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод болон салбарын эрдэмтдээс бүрдсэн 9 гишүүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус төсөв, санхүү, эдийн засгийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулж ажиллуулна” гэсэн заалт хэрэгжиж байгаа эсэх.
-
2014 оны төсвийн төлөвлөгөөнд ам.долларын ханшийг 1384₮-өөр тооцоолсон нь хэр үндэслэлтэй вэ гэх зэрэг орлого төлөвлөлттэй холбоотой олон асуудлуудыг хөндлөө.
Нээлттэй Нийгэм Форумаас 2014 оны улсын төсвийн төслийн талаархи дараагийн уулзалт, хэлэлцүүлгээ “2014 оны улсын төсвийн зарлагын төлөвлөлт, тэнцэл, өр” сэдвээр 11-р сарын эхээр зохион байгуулахаар ажиллаж байна.
ННФ-ийн Эдийн засгийн хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам