Аюулгүй байдлын салбарын засаглалд иргэний нийгмийн байгууллагын гүйцэтгэх үүрэг: Дугуй ширээний ярилцлага

A- A A+
Аюулгүй байдлын салбарын засаглалд  иргэний нийгмийн байгууллагын гүйцэтгэх үүрэг: Дугуй ширээний ярилцлага

Нээлттэй Нийгэм Форум нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Женев дэх Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын төвтэй хамтран “Аюулгүй байдлын салбарын засаглалд иргэний нийгмийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт Дугуй ширээний ярилцлага 2013 оны 11-р сарын 21-нд ННФ-ын Хурлын танхимд зохион байгуулагдлаа. Дугуй ширээний ярилцлагад монголын иргэний нийгмийн байгууллагаас гадна Киргизстан, Нидерланд, Гүржийн иргэний нийгмийн төлөөлөл оролцсон юм.

Дугуй ширээний ярилцлагаар ардчилсан тогтолцоонд аюулгүй байдлын салбарт тавих идэвхтэй хяналтын нийтлэг шинж чанар, хөгжиж байгаа болон шилжиж буй оронд энэ чиглэлээр тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулахыг зорьсон. Мөн иргэний нийгмийн байгууллагаас явуулж буй нөлөөлөл, мэдлэг түгээх үйл ажиллагаа болон мониторингийн талаар хэлэлцэхийн зэрэгцээ, ардчиллын институциуд, аюулгүй байдлын салбар, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтын ажиллагааг бий болгох, хэлэлцүүлэг хийхэд ТББ-д тулгарч буй асуудлыг авч хэлэлцсэн.

Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн М.Батчимэг, ННФ-ын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, Женев дэх Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын төвийн Шинээр тусгаар тогтносон улсуудын хөтөлбөрийн дарга Иден Көүл нар үг хэлсэн юм. Уулзалтын үеэр аюулгүй байдлын салбарын засаглалд иргэний нийгмийн байгууллагуудын гүйцэтгэж буй үүргийн талаар Ж.Занаа /Иргэдийн альяанс төв/, Айда Алюмбаева /Киргизстаны Төрийн бодлогын судалгааны хүрээлэн/, Тамарa Патараяа /Гүржийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаарх иргэний зөвлөл/ нар мэдээлэл хийж, оролцогчидтой энэ сэдвийн хүрээнд харилцан санал солилцсон юм. Гүрж, Киргизстанд аюулгүй байдлын салбарт хяналт тавих, зөвлөх, иргэд, олон нийтийг төлөөлөх чиг үүрэгтэй иргэний зөвлөл ажилладаг туршлагыг оролцогчид ихээхэн анхаарад татаж байлаа. Тагнуулын байгууллагыг сурвалжлах чиглэлээр 25 гаруй жил мэргэшин ажиллаж байгаа Нидерландын сэтгүүлч Вил Ван дер Сахнс тагнуулын байгууллагыг сурвалжлах, тус байгууллагаас мэдээлэл авах талаар өөрийн оронд өрнөсөн туршлагын талаар мэдээллээ хуваалцсан юм. Мөн уулзалтад ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батаа оролцож Зэвсэгт хүчний салбарт тавьж байгаа хяналт шалгалт, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Уулзалтад иргэний, улс төрийн эрхийн чиглэлээр ажилладаг, мөн хүүхэд, эмэгтэйчүүд, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалдаг иргэний нийгмийн байгууллагын 30 гаруй төлөөлөл оролцож, аюулгүй байдлын салбарт иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо чухал болох талаар яриа өрнүүллээ.