Нээлттэй Нийгэм Форум нь нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт эмзэг бүлгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол, өмчлөх эрх зэргийн хүрээнд тулгамдаж буй нийтийн эрх ашгийн асуудлыг сонгож шүүхэд нэхэмжлэл гаргах, нөлөөллийн цогц үйл ажиллагаа зохион байгуулах замаар тодорхой хуулийг хэрэгжүүлэх, хуулийн хэрэглээнд жишиг бий болгох, нийтийн үйлчилгээний байгууллагуудын хандлагыг өөрчлөхийг хүссэн иргэний нийгмийн байгууллага дангаар болон эвсэл, сүлжээ хэлбэрээр оролцох боломжтой.
Сонирхсон иргэний нийгмийн байгууллагууд дангаар болон хамтран оролцох сонирхлоо илэрхийлсэн Захидал (3 нүүрнээс хэтрэхгүй), ННФ-ын стратегийн өмгөөллийн төслийн өргөдлийн маягтыг бөглөж ирүүлэх шаардлагатай. Захидалд дараах мэдээллийг багтаана:
- Байгууллагын товч танилцуулга болон тэтгэлэгт хөтөлбөрт оролцоход шаардлагатай чадавхийг илэрхийлэх мэдлэг, туршлага
- Төслийн танилцуулга (тодорхой асуудлыг сонгосон шалтгаан, энэ нь нийтийн эрх ашиг хөндсөн асуудал мөн эсэх, асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх бодит боломж, үүний үр дүнд бий болох бодлого, чиг хандлагын өөрчлөлт зэрэг багтана).
Захидалд сонгон авсан асуудлын талаар нэмэлт мэдээлэл, фото зураг, баримт бичгийн хуулбар зэргийг хавсарган ирүүлж болох бөгөөд ирүүлсэн хавсралт материалыг буцаан олгохгүй.
Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах үйл явцыг бусад нөлөөллийн үйл ажиллагаатай цогцоор нь Стратегийн Өмгөөлөл гэж нэрлэх нь бий. Энэ талаар сонирхогч этгээдэд зориулсан гарын авлагыг ННФ-ын www.forum.mn цахим хуудасны электрон мэдээллийн сангаас олж үзэх боломжтой.
Сонирхсон байгууллагууд захидал, холбогдох хавсралт материалыг 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн дотор ННФ-ын байранд эсхүл [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Стратегийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар лавлах зүйл байвал 313207 (125), (128) тоот утсаар лавлах боломжтой.