Тойм дүгнэлтийн үр дүнг орлого, зарлагын талаас нь хураангуйлан авч үзвэл:
- Төсвийн төлөвлөлтийн чадавхи жил ирэх бүр дээшилж байгаа нь сайшаалтай боловч төсвийн нийт орлогын 1/5-ийг дангаар бүрдүүлдэг эрдэс баялгийн салбарын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн экспортын тоо хэмжээг өөдрөг төсөөлөх байдал хэвээр үргэлжилсээр байгаа нь эрсдэлийн удирдлага төдийлөн сайжраагүй байгааг харуулж байна.
- Гадаад эдийн засгийн нөхцөл байдал муудаж, төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж буй энэ үед экспортын бүтээгдэхүүний хэмжээг өөдрөг төсөөлөх нь төсвийн орлого тасалдах, төсвийг дахин тодотгох зэрэг бэрхшээлийг үүсгэж болзошгүйг 2013 оны төсвийн тодотгол харуулж байна. Энэ нь нөхцөл байдлыг Засгийн газар сайтар ухааран 2014 оны төсвийн төсөлд чамбай, хянамгай хандах хэрэгтэйг сануулж байна.
- Нэгдсэн төсвийн зарлага буурсан ч, урсгал зарлагын хувь хэмжээ буураагүй нь төсвийн тэлэлт хэвээр байгааг харуулж байна.
- 2014 оны төсөвт тэвчиж болох зардал гэдэг ойлголтыг оруулсан нь шинэ бөгөөд сайшаалтай зүйл юм. Ирэх 2014 онд Засгийн газрын зүгээс дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг хүчтэй танахаар төлөвлөсөн бол иргэдийн суурь амьжиргааг бууруулахгүй буюу нийгмийн шинжтэй зарлагын бодлогыг үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөсөн байна.
- Макро эдийн засгийн бодлогын уялдаатай байдал сул байгаа нь Сангийн яамны боловсруулсан төсвийн төсөл болон Монголбанкны “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төсөлд тус тус тусгагдсан 2014 оны Монгол улсын бодит эдийн засгийн өсөлтийн таамаглал харгалзан 14.8% болон 7.7% байгаагаас харагдаж байна. Энэ нь үндсэндээ 50%-ийн зөрүүтэй байгаа ба Санхүүгийн Зохицуулах хороо, Монголбанк болон Сангийн яамны хамтран байгуулсан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэх алба ажиллахгүй байгаагийн бодит жишээ юм.
Энэхүү тойм дүгнэлт нь төсвийн орлого ба зарлагын төлөвлөлт, орон нутгийн төсөв ба тусгай сангууд, төсвийн тэнцэл болон өр гэсэн дэд хэсгүүдээс бүрдэнэ.