“2015 оны улсын төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгуулж буй “Монгол улсын 2015 оны улсын төсвийн төсөл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийн хүрээнд бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллийн дунд “2015 оны улсын төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдвээр эхний уулзалт, хэлэлцүүлгийг 2015 оны 11 дүгээр сарын 4–ний өдөр зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлэгт Сангийн яамнаас 2015 оны улсын төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийн талаар, мөн Нээлттэй нийгэм форумын санаачилгаар судлаачид 2015 оны улсын төсвийн орлого, зарлагын төлөвлөлтөд хөндлөнгийн зүгээс хараат бус тойм дүгнэлт хийснээ тус тус танилцууллаа. Уулзалт хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлүүд:
- Монгол улсын 2015 оны төсвийн төслийн талаар (Сангийн яамны Орлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Алтанзул, Зарлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Цэвээндорж)
- 2015 оны улсын төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийн талаар хөндлөнгийн тойм дүгнэлт (Судлаач, докторант Д.Баярмаа)
Хэлэлцүүлэгт оролцогсод улсын төсвийн орлого болон зарлагын төлөвлөлтийн талаар санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр хөндсөн асуудлуудаас дурдвал:
2015 оны төсвийн орлого төлөвлөлтийн хувьд
- 2014 оны Нэгдсэн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад 2015 оны төсвийн орлого төлөвлөлт нь эдийн засгийн нилээд өөдрөг таамаглалд суурилсан. Монгол улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, төлбөрийн тэнцэл, ханшийн дарамт, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг үзүүлэлтүүдийг төсвийн төсөлд бодитой тусгаагүй.
- Татварын орлого төрөлжөөгүйн улмаас орлогыг зохиомлоор өсгөх, зардалтай нийцүүлэх орон зайг уул уурхайн татварын орлого бий болгосон хэвээр байна.
2015 оны төсвийн зарлага төлөвлөлтийн хувьд
- 2015 оны төсвийн зарлагын төлөвлөгөө нь 2014 оны төсвийн тодотголтой харьцуулахад буурсан ч, 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад өссөн байна.
- 2015 оны төсөвт урсгал зарлагын тэлэлт үргэлжилж байна.
- Орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэхийн хэрээр төсвийн зарцуулалтад тавих хяналтын асуудлыг анхаарах шаардлагатай байна.
Нээлттэй нийгэм форумаас 2015 оны улсын төсвийн төслийн талаархи дараагийн хэлэлцүүлгээ “Монгол Улсын 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт” сэдвээр 2014 оны 11-р сарын 6-ний Пүрэв гаригт 14.30 цагаас зохион байгуулахаар ажиллаж байна.